МАН амлалтаасаа ухарч эхэллээ

-Төрийн албыг төрлийн болгохгүй гэсэн мөрийн хөтөлбөрөө тэд зүсэм бялуутайгаа хольж, ард түмнээ ахиад л басамжилж эхэллээ-

УИХ-ын ээлжит сонгуулиар үнэмлэхүй олонхи болсон МАН Засгийн газраа дөнгөж бүрдүүлээд байна. Өмнөх парламентын үед огт хэрэггүй албан тушаал, хэмнэлт гаргана гээд байхгүй болгосон дэд сайдуудыг шинэ Ерөнхий сайд сэргээсэн. Ингэснээр дэд сайд болохын төлөө МАН-ын гишүүд дал, наяараа оочерлосноос харахад МАН-ынхны хувьд албан тушаалын бялуу хуваах нь сонгуульд ялахаас ч хэцүү байгаа бололтой. Юутай ч сайд, дэд сайд нар томилогдсоноор нэгдүгээр ээлжийнхэн хоолондоо орж дууссан гэсэн үг. Одоо хоёрдугаар ээлжийнхэн нь таваг, халбагаа тачигнуулан намын даргынхаа өрөөний үүдийг сахиж суугаа. Тэдэнд хүртээх бялуу албан ёсоор бол уг нь дууссан. Өөрөөр хэлбэл сонгуулийн үр дүнд хийгддэг улс төрийн томилгоонууд үндсэндээ хийгдчихсэн гэсэн үг. Тэгэхээр МАН-ынхан одоо төрийн алба руу л хуруу дүрж, хууль бус томилгоо хийхээс өөр аргагүй болж байгаа ажээ.

Үүний илрэл нь өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар хийсэн томилгоо. Энэ нь яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлсөн явдал юм. Уг нь 2008 онд шинэчлэн баталсан Төрийн албаны  тухай хуулиар бол яамдын төрийн нарийн бичгийн дарга гэдэг төрийн жинхэнэ албан хаагч. Тиймээс Засгийн газраас Төрийн албаны зөвлөлд захиалга өгч, сонгон шалгаруулалт зарлан томилдог албан тушаал юм. Харамсалтай нь сүүлийн найман жил Төрийн албаны тухай хуулийн энэ заалт огт хэрэгжээгүй. Эрх барьж байгаа намууд яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг шууд томилдог, тэр байтугай хоёр яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг дур мэдэн сэлгэж ажиллуулдаг зүй бус жишиг тогтсон.

Энэ л жишгээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар төрийн жинхэнэ албаны хамгийн дээд албан тушаал болох яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг улс төрийн шалгуураар томилж, чөлөөлж эхэлсэнд олон хүн эгдүүцэж байна. Өнгөрсөн лхагва гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар 10 яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлсөн байна. Харин Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг хэвээр нь үлдээжээ. Ийнхүү яамдын мэргэжлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй төрийн нарийн бичгийн даргыг улс төрийн бялуу хуваах замаар чөлөөлж, томилох болсноор төрийн албаны дархлаа суларч, мэргэшсэн, тогтвортой үйл ажиллагаа нь алдагдах болсон.

Дөрвөн жилийн өмнө ч гэсэн АН-ынхан бүх яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг улс төрийн томилгоонд хамруулсан нь шүүмжлэлд өртөж байв. Тухайн үеийн Шинэчлэлийн Засгийн газрын  бус томилгоо нь шүүх дээр унаж, Засгийн байсан энэ мэт жишээ олон. Гэтэл МАН-ынхан засгийн эрхэнд гармагцаа АН-ын энэ алдааг давтаж, төрийн албанд улс төрийн томилгоо хийж эхлэхээр шийджээ. Уг нь МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт төрийн албыг төрлийн шалгуураар биш мерит зарчмаар бүрдүүлнэ гэх мэт тун гэгээлэг заалтууд бий. Тухайлбал тус намын мөрийн хөтөлбөрт “Мэргэшсэн төрийн албан хаагчдыг халж, оронд нь ах дүү, хамаатан саднаа түр орлон гүйцэтгэгч гэсэн тушаалаар тавьж засаглалын хямралын суурийг тавив. Энэ байдалд дүгнэлт хийсэн Төрийн албаны зөвлөл 2015 онд төрийн албан хаагчдын тогтворгүйтэл үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрснийг тайлагнав. Засгийн газар хямралыг даван туулахын тулд төрийн албан хаагчдын цалинг 10-30 хувь хасах шийдвэр гаргав. Засаглалын болон Үндсэн хуулийн хямрал бодитой болов” хэмээн үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, төрийн албаны тогтвортой байдлыг баталгаажуулж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ хэмээн амласан байна. Сар гаруйхны өмнө олон нийтэд танилцуулж явсан мөрийн хөтөлбөрийн энэ амлалтаа МАН-ын удирдлагууд болон Ерөнхий сайд мартаагүй гэж найдъя.

Төрийн алба бол улстөрчдийн орогнох газар, хоргодох байр биш. Төрийн алба он удаан жил тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажилласан мэргэшсэн албан хаагчдын нуруун дээр тогтдог. Засгийн эрх барьж байгаа намууд төрийн албаны энэ дархлааг алдагдуулж, төрлийн алба болгож байгааг Мэргэшсэн тогтвортой төрийн албаны төлөө холбооныхон МАНАН-гийн Засгийн газрын үеэс л сануулж, уриалга гаргаж ирсэн байдаг. Төрийн албан хаагчдын холбоо гэж бас нэг өөр холбоо энэ талаар Шинэчлэлийн болон Шийдлийн Засгийн газрын үед дорвитой дуугарч байсан. Харамсалтай нь уг холбооны тэргүүн нь Ж.Эрдэнэбатын Засгийн газарт дэд сайдаар томилогдон улс төрийн албан тушаалтан болоод байгаа ажээ.

Юутай ч МАН-ынхан төрийн албыг албан тушаалын бялуу болгон хоёрдугаар ээлжийнхэндээ хаяж өгөх үү, эсвэл сонгуулиар амалсандаа хүрч төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх мерит зарчмыг хэрэгжүүлэх үү гэдэг сонголтын өмнө ирээд байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу