Түүхийг хамгийн ихээр гуйвуулсан 10 кино

“Бодит явдлаас сэдэвлэв” гэсэн ямар ч кинонд түүхэн баримтуудыг багахан өөрчлөх, уран сайхны шинэ дүр бүтээх,болсон явдлыг багцлан хураангуйлах нь хэвийн үзэгдэл. Харин аливаа улс орон, дэлхий дахины түүхийг илэрхий гуйвуулах нь наанадаж гүтгэлэг, цаанадаж “гэмт хэргийн” шинжтэй билээ. Учир нь түүхийн нарийн ширийнийг мэдэхгүй үзэгчид, тэр дундаа хүүхэд залуус мөнөөхөн явдлыг зөвхөн киногоор нь төсөөлөх, дэлгэцэн дээр өгүүлэх явдлыг л бодит үнэн хэмээн сэтгэх аюултай юм. Холливүүдийн “түүхэн” хэмээгдэх аль ч 10 бүтээлээр энэ жагсаалтыг бүрдүүлж болох ч олны сайн мэдэх дараах кинонуудыг хүмүүс түүхэн үнэн хэмээн эндүүрүүзэй гэсэн үүднээс энд онцоллоо.
10

300

 

АНУ, Ираны хооронд багахан хэмжээний дайн дэгдээх дөхсөн энэ кинонд эртний персүүдийг зэрлэг Ази, балар Африкийн эртний овог аймгуудын нийлмэл дүр бүхий араатан шиг харагдуулсан нь иранчуудыг ихэд хилэгнүүлжээ. Иран улсын Засгийн газар “300”-г эсэргүүцэн ЮНЕСКО-д албан ёсоор гомдол гаргаж, исламын шашинт орнуудад уг киног гаргахгүй байхыг уриалж, Ираны өдөр тутмын сонингууд “Холливүүд Иранд дайн зарлалаа”, “300-гийн эсрэг 70 сая хүн (Ираны нийт хүн ам)” зэрэг гарчигтай нийтлэлүүдийг удаа дараа хэвлүүлж байв.

Спартын 300 дайчин (үнэн хэрэгтээ 1000-аад цэрэг персүүдтэй тулалдсаны 700 гаруй нь Спартын холбоотнууд байв) нийтийн тооллын өмнөх 480 онд болсонФермопилийн тулалдаанд персүүдээс орон хотоо хамгаалан эцсээ хүртэл тэмцсэн баатарлаг явдлын тухай өгүүлэх энэ кино спартчуудын хувцас өмсгөлөөс эхлээд (Спартын дайчид ямар ч байлдаандцээж нүцгэн орж байгаагүй, харин өвч бүрэн хуяг, дуулгатай тулалддаг байв)Персийн хаан Ксерксийн байр байдал (угтаа бүх персүүдийг бодит асан дүрээс нь огт өөр харагдуулсан), спарт хөвгүүдийн чоно авлах ёсон (чоно биш, харин боолын аминд хүрч байж эрийн цээнд хүрсэнд тооцогддог байв) гээд олон зүйлийг мушгин гуйвуулжээ. Гэхдээ энэ киног уран сэтгэмжит түүхэн жанраар бүтээсэн,эх санаагаа авсан зохиол нь баримтат бүтээл бус, 1998 онд гарсан Фрэнк Миллер, Линн Уарли нарын “300” нэрт комик цуврал байсныг дурдах хэрэгтэй болов уу. Хэрэв киноны уран бүтээлчид хэд гурван түүхийн ном сөхөж харсан бол, Ираны түүх соёлыг арай илүү хүндэтгэсэн бол эцсийн бүтээгдэхүүн нь бүр ч чанартай байх байлаа. 


09

Сувдан эрэг

 

Япон улс 1941 онд АНУ-ын Хавай дахь цэргийн бааз руу халдсан нь үнэн. Халдлагын үеэр Сувдан эрэг дэх цэргийн эмнэлгийн эмч, сувилагч нар эрэлхэгээр ажилласан нь үнэн. Энэ кинонд чухам эл хоёр үйл явдлыг л тодотгосноос бусдаар жижиг сажиг гэлтгүй бараг бүх зүйлийг болж өнгөрснөөс нь өөрөөр харуулжээ. Юуны урьд гол дүрийн зохиомол баатар Рэф Британийн армид тулалдаж байгаад осолдсон мэт гардаг. Гэтэл дэлхийн II дайны үед Америкийн цэргүүд Британийн армид алба хаах эрхгүй байлаа. Мөн түүнийг чадварлаг нисгэгч төдийгүй оригамигийн урлагт төгс нэгэн мэт харуулдаг нь байж боломгүй өгүүлэмж юм. Японы эртний цаасан урлал зөвхөн дайны дараа л Америкт танигдсан билээ.

Сувдан эрэг дэх халдлага эхлэх үед Америкийн тэнгисийн хүчний адмирал кинонд өгүүлсэн шиг тайван гэгч нь гольф тоглож байгаагүй нь мэдээж агаад япончуудын болзошгүй халдлагын тухай мэдээ хэтэрхий хожимдож ирсэн нь ч худал юм. Мөн америк цэргүүд халдлагын үеэр Японы 20 гаруй сөнөөгч онгоцыг устгасан мэт кинонд өгүүлдэг. Гэтэл бодит байдал дээр америкчууд Японы маш цөөхөн онгоцыг л унагаж дөнгөжээ. “Сувдан эрэг”-ийн найруулагч Майкл Бэй Японы сөнөөгч онгоцны өнгийг ч үнэн зөвөөр нь гаргахыг хичээгээгүй нь харамсалтай.

Халдлагын дараа хариугаа авах гэсэн америкчууд тусгай бэлтгэгдсэн нисгэгчдээ, түүний дотор киноны гол дүрийн хоёр баатрыг Токио руу илгээдэг нь ч огт болоогүй явдал. Гэвч энэ бүхэн Ерөнхийлөгч Рузвельтийн тун чухал мэдэгдэл хийхээр тэргэнцрээсээ өндийж босдог агшны дэргэд бараг юу ч биш юм. 1921 оноос хүнд өвдөж, 1930-аад оноос бүсэлхийнээсээ доош мэдээгүй болоод байсан Франклин Рузвельт дайны үед дордон дордсоор 1945 оны дөрөвдүгээр сарын 12-нд буюу дайн дуусахын өмнөхөн таалал төгссөн билээ. 


08

Арго

 

1979-1981 онд Иранд Америкийн дипломат ажилчдыг барьцаалсан олон нийтийн тэр бүр мэддэггүй хэргийг сая сая үзэгчдэд таниулсан энэ кино хэдий дэлгэцийн давгүй сайн бүтээл ч бараг л зохиомол гэхэд хилсдэхгүй өгүүлэмжтэй юм. Бусдыг үгүйсгэж, Америкийг магтан дуулах Холливүүдийн үндсэн чиг шугамтай “Арго” уг хэрэг явдал дахь олон улсын оролцоог огт тодотгоогүй, барьцаалагдсан америк иргэдийг хүнд хэцүү, аюул осолтой орчинд байсан мэт харуулсан гэх хоёр том алдаатай болжээ.

Угтаа Канадын Засгийн газар Америкийн дипломат ажилчдыг Иранаас гаргах тусгай ажиллагааны 90-ээд хувийг нугалсан бөгөөд үүнийг тухайн үеийн АНУ-ын Засгийн газар ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн киноны гол дүр Тони Мендез үнэндээ хоёр өдөр л Тегеранд байжээ. “Арго”-д Их Британи, Шинэ Зеландын Элчин сайдын яамд америкчуудад туслахаас татгалзсан мэт өгүүлдэг. Гэтэл эдгээр улс барьцаалагдсан хүмүүст туслахаар барахгүй, өөрсдийгөө америкчуудаас ч илүү эрсдэлд оруулсан байна. Дипломат ажилчдыг онгоцонд суух гэж байхад хууль хяналтынхан зогсоосон, хамгаалалтынхан тэднийг барихаар араас нь нэхэж хөөсөн гэдэг ч худлаа. Иймээс “Арго”-г үйл явдал, дүрүүд нь сонирхолтой, уран сайхны сайн кино хэмээн үзэхээс түүхийн хичээлд хавсаргах баримтат бүтээл гэх аргагүй юм. 


07

МЭӨ 10000 он

 

Энэ кино бодит түүхийг тун ч инээдэмтэйгээр гуйвуулснаас гадна уг жагсаалт дахь бараг хамгийн муу кино болов уу. Өөрөөр бол энэ киног бүтээгчид  түүхийг үнэн бодитоор өгүүлсэн байлаа ч урлагийн сод бүтээл төрүүлэхээргүй байв. Роланд Эммирихийн найруулсан уг кинонд арслан заан агнагч Д’Леа хэмээх залуу эр отог овгоо хамгаалахын тулд холын аянд гардаг. Гэвч найруулагч Эммирих холын аяллыг мөн цаг хугацааны аялал гэж ойлгосон бололтой, хөөрхий Д’Леаг мянга мянган жил дамнуулан “цөлнө”.

МЭӨ 10000 онд аж төрж буй Д’Леа уг нь Мөстлөгийн эриний хүн боловч нэг толгод даваад л арслан заануудыг дайчлан аварга том сац суваргууд барьж буй египетчүүдийг хардаг. Гэтэл Египетийн их сац суваргууд МЭӨ 2000-гаад оны үед баригдсан шүү дээ. Мөн хүн төрөлхтөн арслан зааныг гаршуулсан удаагүй гэдгийг киноны уран бүтээлчид огт бодолцсонгүй. Уг кинонд арслан заан унасан эртний египетчүүдийг хөлөг онгоцтой, хүлэг морьтой, бүр ган төмөртэй байсан мэт дүрсэлдэг нь үлгэр домог зохиогчдын санаанд ч орохооргүй зүйлс юм. 


06

U-571

 

Америкчуудын огт оролцоогүй хэрэг явдлыг байж боломгүйгээр “америкжуулсан” энэ кинонд дээд зэрэглэлийн нууц кодын “Энигма” төхөөрөмж тээсэн U-571 хэмээх Германы шумбагч хөлгийг олох Америкийн тусгай ажиллагааны тухай өгүүлнэ. Кинонд америкчууд дайснаа дөнгөж, “Энигма”-г хулгайлж, шумбагч хөлгийг төдийгүй онгоц сөнөөгчийг хүртэл устгадаг. Гэтэл анхны “Энигма” төхөөрөмжийг гартаа оруулж, Германы шумбагчийг устгасан нь угтаа америкчууд биш, британичууд юм. Жинхэнэ U-571 нь британичуудын 1941 оны тавдугаар сарын 9-ний өдөр гартаа оруулсан U-110 бөгөөд U-571 нэрт Германы шумбагч дайнд үүрэг гүйцэтгэсэн нь үнэн ч мөнхүү түүхэн явдалтай ямар ч холбоогүй, Холбоотны халдлагад огт өртөөгүй байна.

Бодит үнэнийг ойшоож үзэлгүй, ингэтэл мушгин гуйвуулсан Холливүүдийнханд жирийн үзэгчдээс эхлээд Британийн Ерөнхий сайд Тони Блэйр хүртэл дургүйцэж, тухайн үед Цагаан ордны тэргүүн байсан Билл Клинтон Британийн талаас албан бусаар уучлалт хүсчээ.


05

Покахонтас

 

“Уолт Дисней”-н сонгодог бүтээлийн нэг “Покахонтас”-т англи цэрэг, индиан бүсгүй хоёрын дурлалын түүхийг өгүүлнэ. Гэтэл жинхэнэ Покахонтас Жон Смит нарын англи цэргүүдийг анх Виржинияд хөл тавихад 10-хан настай байжээ. Түүний Жон Смит нэрт цэргийг өөрийн овог аймгийн дайчдаас аварсан тухай, түүнд нь талархсан сайх цэрэг индианчуудын дунд үлдсэн гэх ямар нэг баримт сэлт үгүй бөгөөд тэрбээр хожим өөр нэгэн англи эртэй гэрлэж, Ребекка нэртэй христийн шашинтан болжээ. Гэвч Покахонтас “европжоод” удсангүй, 22-хон настайдаа өвчнөөр өөд болсон байна.

Ийм түүхээр “Уолт Дисней”-н кино бүтээх аргагүй нь мэдээж ч бодит хүний нэрийг ашиглан огт болоогүй явдлыг өгүүлсэн нь олон хүний, тэр дундаа Америкийн индианчуудын эсэргүүцэлтэй тулгарчээ. 


04

Апокалипто

 

Майягийн эзэнт улсын хожуу үед үйл явдал нь өрнөх, Мел Гибсоны энэхүү бүтээлд эртний майя хэлийг ашигласан нь, Америкийн эх газрын уугуул иргэдийн аж байдлыг бодитоор харуулах гэж хичээсэн нь хэдий олзуурхууштай ч “Апокалипто” түүхэн үүднээс хэд хэдэн ноцтой алдаатай кино юм. Юуны урьд гол дүрийн баатар Ирвэсийн савартын төрөлх тосгон тухайн цагийн Майягийн гацаа тосгодоос огт өөр, дэндүү балар эртний харагдах бөгөөд майчууд угтаа ихэд хотожсон, олон зуун хот сууринтай байсны дээр жижигхэн тосгод нь хүртэл тун боловсон байжээ. Мөн хувцас хэрэглэл нь кинонд дүрсэлсэн шиг биш, харин хавьгүй даруухан, ялангуяа эмэгтэйчүүд нь цээжээ халхалсан хувцастай байлаа.

Тосгоныхныг их хотод авчрах замд эхийнхээ цогцосны дэргэд зогсоо нэгэн охин гардгийг санаж байна уу? Майя гүрний төгсгөл ирж буйг ёрлох энэ хэсэгт талийгаач эмэгтэйн шарх сорви болсон нүүрийг харуулж, түүнийг ямар нэг халдварт өвчнөөр өөд болсон гэх “мэдээлэл”-ийг үзэгчдэд өгдөг. Гэтэл эмэгтэйн бие дээрх тууралтыг сайн харвал салхин цэцгийнх болох нь мэдэгдэх бөгөөд энэ өвчнийг анх европчууд л Америк тивд аваачсан билээ. Тэгэхээр Майя гүрнийг оршин байх цагт нэг ч майя хүн энэ өвчнөөр нас бараагүй гэсэн үг.

Гэхдээ “Апокалипто”-д энэ бүхнээс ч ноцтой хоёр алдаа бий. Эхнийх нь майячууд биш, ацтекчүүд хүнээр тахил өргөдөг байсан түүхэн баримтыг орвонгоор нь эргүүлж орхисон явдал юм. Майячууд тун соёлжсон түмэн байсан бөгөөд хүнийг цаазлах, шийтгэхээ тулбал зөвхөн урвагчдад л хатуу ширүүн ханддаг, тэр дундаа энгийн иргэдээс илүү ёс журам зөрчсөн төрийн түшээдэд илүү харгис байснаараа түүхчдийн анхаарлыг татдаг. Харин нөгөө ноцтой алдаа нь киноны төгсгөлд гарах Испанийн эзлэн түрэмгийлэгчдийн хөлөг онгоцууд билээ. Үнэн хэрэгтээ испаничуудыг шинэ тивд хүрэхээс бүтэн 600 жилийн өмнө Майя гүрэн, тэр дундаа уг кинонд өгүүлж буй сонгодог хэмээгдэх иргэншил нь байгаль орчны доройтлоос болж хэдийн мөхөөд байв. Тиймээс Ирвэсийн саварт хүнээр тахил өргөгчдөөс зугтаж яваад испаничууд айсуйг хардаг нь Монголын эзэнт гүрний тухай кинон дээр Чингис хааны өргөөнд гэнэтхэн Английн их хатан Виктория ороод ирэхтэй эгээ адил юм. 


03

Гладиатор

 

“Алагдсан хүүгийн эцэг, хөнөөгдсөн эмэгтэйн нөхөр” Максимус Децимус Меридиусийг эзэн хааны нүүр лүү эгцлэн харж байгаад энэ насандаа эс гэхэд хойт насандаа өшөөгөө авна хэмээн андгайлах үед үнэхээр ч хоёр мянганы тэртээ амьдарч асан нэгэн эрэлхэг эр Колизейд чухам тийн зогсож байсан мэт сэтгэгдэл төрдөг. Гэвч энэ киноны гол дүрийн баатар зохиомол бөгөөд үүнийг уран сайхан, урлаг соёлын төлөөнөө уучилж болох юм.

Харин “Гладиатор”-ын гол “гэмт хэрэг” нь Ромын эзэнт гүрний хоёр ч их хааны намтар цадигийг гуйвуулсан явдал билээ. Жирийн нэгэн мэсчин боолын гарт “амиа алддаг” эзэн хаан Коммодус хэдий зарим сурвалжид ухвар мөчид, нэр хүндгүй нэгэн байсан мэтээр дүрслэгддэг ч хаанчлалынхаа дийлэнх үед нэн хүчирхэг удирдагч байжээ. Тэрбээр кинонд өгүүлдэг шиг хэрцгий догшин байгаагүйн дээр төрсөн эцгээ хөнөөгөөгүй юм. Түүний эцэг Марк Аврелий өвчнөөр өөд болсон агаад амьдралынхаа сүүлийн гурван жил хүүтэйгээ хамтран төр барьсан байдаг. Харин Коммодус 12 жил хаан суусан бөгөөд гладиаторын гарт биш, өөрийн дурлалт эр, цаг үеийнхээ алдартай бөх Нарцис гэгчийн гарт, усны онгоцон дотроо амиа алджээ. (Энэ түүхээр кино хийвэл илүү сонирхолтой бүтээл төрөх вий). Эзэн хаан Коммодусыг тэнгэрт халихад энэ кинонд гардаг шиг олон хүний сэтгэл амарсан юм биш, бүр эсрэгээрээ үймээн самуун, иргэний дайн дэгдсэн байдаг.

Мөн кинонд гардаг цэрэг дайчдын өмсгөл сэлт, зэр зэвсэг өгүүлэн буй үеийнхээс арай өөрөөр дүрслэгджээ. Чухам энэ мэт түүхэн баримтуудыг зориуд гуйвуулсанд дургүйцсэн хэд хэдэн түүхч, эрдэмтэд киноны зөвлөхөөр ажиллахаас, зарим нь нэрээ дурдуулахаас татгалзсан байна. 


02

Эх оронч

 

Америкийн хувьсгалт тэмцлийг өгүүлэх энэ кино зэрвэс харахад үнэхээр ч гал цогтой эх орончдыг магтан дуулсан мэт. Гэвч Мел Гибсоны энэ бүтээл түүний бусад олон киноны адил нэг л янзын хүүрнэл, гол дүртэй юм. Өөрийн зам мөрөөр, амар жимэр амьдран суусан гэр бүлсэг нэгэн эр анхандаадайн дажин огт хүсээгүй боловч хайртай дотно нэгнийг нь сөрөг талын дүр хөнөөмөгц гэнэтхэн л эрэлхэг зоригтой, дайтах урлагт эрэмгий баатар болон хувирч, бүр эргэн тойрныхноо тэргүүлэгч болон тодорно. Мел Гибсоны “Апокалипто”, “Хатан зоригтон” ч мөн иймэрхүү өгүүлэмжтэй билээ.

“Эх оронч”-ийн гол дүр Бэнжамин Мартиныг Фрэнцис Марион хэмээх түүхэн хүнээс санаа авч бүтээсэн гэх ч мөнөөх Марион гэгч нь угтаа дайны баатар биш, харин нутгийн уугуул индианчуудыг зэрлэг амьтад шиг агнаж таашаал авдаг, хар арьст боол эмэгтэйчүүдээ хэдэн арваар нь хүчирхийлсэн балмад этгээд байжээ.Тэрбээр мөн Америкийн хувьсгалын үед гэр бүлгүй байсан бөгөөд улс орноо тусгаар тогтносны дараа л үеэл дүүтэйгээ гэрлэсэн байна.

Гэвч энэ киноны хамгийн том, уучилшгүй алдаа нь Америкийг хэчнээн аугаа болохыг сурталдах гэхдээ Британийн талыг бүхэлд нь харлуулсан явдал юм. Киноны уран бүтээлчдийн хэлснээр сөрөг талын гол дүрийг Британийн армийн хурандаа Банастр Тарлетон хэмээх түүхэн хүнээс сэдэвлэсэн гэх. Гэтэл тэрбээр кинонд гардаг шиг бага насны хүүхдийг эцгийнх нь нүдэн дээр хөнөөх харгис этгээд байгаагүй бөгөөд хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд нийлсэн хэдэн арван хүнийг сүмд цуглуулж, амьдаар нь шатаасан аймшигт хэргийг үйлдээгүй нь ч баттай юм. Үнэн хэрэгтээ Америкийн хувьсгалын үеэр, ер Америкийн түүхийн аль ч цаг үед англичууд ийм хэрэг үйлдээгүй билээ. Орчин цагийн дэлхийн түүхэнд ийм харгис хэрэг ганц л бүртгэгдсэн нь Францын төв хэсэгт орших Орадур-сюр-Гланнэрт тосгоны бүх оршин суугч буюу нийт 642 хүнийг нацистууд 1944 оны зургадугаар сарын 10-ны өдөр сүм дотор амьдаар нь шатаасан явдал юм.

Энэ киноны өгүүлэмж тэр чигтээ зохиомол болохыг төгсгөлд нь гардаг Гильфордын тулааны өрнөл мөн батална. Мөнхүү тулаанд Бэнжамин Мартин нарын америкчууд улаан хувцастнуудыг ялж, далбаагаа мандуулдаг. Гэтэл бодит хэрэг дээр Британийн цэргүүд тэрхүү тулалдаанд америк босогчдыг ядах юмгүй дарсан нь гарцаагүй үнэн билээ. 


01

Хатан зоригтон

 

Мастер “хууран мэхлэгч” Мел Гибсоны хамгийн зартай бүтээл. Түүхийг байж боломгүйгээр гуйвуулсан энэ кинонд чухам ямар ямар алдаа бийг жагсаая гэвэл эх киноноос нь хэд дахин урт кино хийхэд ч багадмаар.

Энэ кино эхний кадраасаа л, бүр нэрнээсээ эхлээд л худал “ярина”. Хатан зоригтон буюу Braveheart гэх нэр Уильям Уоллест биш, харин Шотландын Брюс хэмээгдэх I Роберт хаанд илүү хамаатай алдар нэр бөгөөд түүнийг шотланд ардын аман зохиолд Зоригт Роберт хэмээн домоглодог. Киноны үйл явдал 1280 оноос эхэлнэ. Мөн онд Шотландын хаан ширээнд III Александр хаан сууж байв. Гэтэл “Хатан зоригтон”-д тэр цагийн шотланд түмнийг олон арван жил Английн ноёрхол дор зовж зүдэрсэн, англичуудыг хэрцгий догшин эзлэн түрэмгийлэгчид байсан мэтээр харуулдаг. (Англи, Шотланд хоёр 1707 онд нэгдэж Британийн нэгдсэн улсыг байгуулах хүртлээ бие даасан орнууд байсан билээ). Угтаа III Александр хааныг 1286 онд тэнгэрт халихад Шотландын язгууртнууд өөр хоорондоо дайсагнах болсон тул хэсэг сурвалжтан Английн хаан Урт хөлт хэмээх I Эдуардаас тусламж хүсэж, түүнийг Шотландын эзэн ноён болгохоор урьжээ. Тиймээс Уильям Уоллес нарын босогчдыг Английг эсэргүүцэн босох үед Англи, Шотландын харилцаа кинонд өгүүлдэгээс хавьгүй тогтвортой, англичуудын Шотландад явуулж байсан бодлого хараахан хатуу чанга болоогүй байсан гэсэн үг.

Англичуудын гарт амиа алддаг, Уоллесийн эхнэр, кильт өмссөн эрчүүд (шотланд эрчүүд XVI зуунд буюу киноны үйл явдлаас 300-гаад жилийн дараа л “бошинз” өмсөж эхэлсэн), нүүрээ цэнхрээр будсан цэргүүд (шотландчуудын дээд өвөг эртний нэгэн аймаг киноны үйл явдлаас даруй 1000 жилийн өмнө нүүрээ буддаг байсан), хуримын шөнөө нөхөртэйгөө бус хэн нэг англи ноёны эрхэнд өнгөрөөдөг байсан гэх охид бүсгүйчүүд, хааны хүүтэй дотно байсныхаа төлөө цамхагийн цонхоор шидүүлдэг залуу эр, Уильям Уоллесийн ядуу тариачин эцэг (Уоллес язгууртны хүү байсан), Хатан зоригтноос урвасан Роберт хаан гээд энэ киноны бараг дүр болгон бодит түүхтэй зөрчилддөг. Өөрөөр хэлбэл энэ бүхэн огт байгаагүй, болоогүй гэсэн үг. Гэхдээ түүхийг гуйвуулсан “амжилт”-аараа эдний аль нь ч Францын гүнж Изабеллагийн Уильям Уоллест сэтгэл алдардаг дүрд дөхөж очихгүй.

Ирээдүйн II Эдуард хааны хатан Изабелла Уильям Уоллестой уулзах нь бүү хэл, шотландчуудыг зэвсэглэн босох үед Англид хөл тавиа ч үгүй байсан бөгөөд Уоллесийг цаазлагдах үед ердөө есхөн настай байжээ. Тиймээс түүнийг Шотландын үндэсний баатартай амрагийн холбоотой болгож, ирээдүйн III Эдуард хааныг Уильям Уоллесийн хүү байсан мэтээр харуулсан нь санаанд багтамгүй гуйвуулга юм.

Уильям Уоллесийг хэрцгийгээр тамлан цаазалсан нь бараг энэ киноны ганц түүхэн үнэн болов уу. Гэхдээ тэрбээр жинхэнэ “холливүүд маяг”-аар “Эрх чөлөө!” гэж орилоогүй нь мэдээж агаад хагас дутуу дүүжлүүлж, бэлэг эрхтнээ огтлуулж, амьдаараа гэдсээ цувуулсан хүн үг хэлэхтэй манатай байсан нь тодорхой. Даанч түүнийг тэгж орилуулахгүй бол үзэгчдээр англичуудыг “үзэн ядуулах” киноны зорилго биелэхгүй билээ. Энэ киног Мел Гибсоных гэдгийг мартаагүй биз дээ?

Г.Лхагвадулам

Эх сурвалж: Arav.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу