Сэтэрт бор морьтойгоо нэг өдөр нүд аньсны учир

Мал тооллого дөхсөн үе. Хөдөөнийхөн идшээ базааж, хаа сайгүй л мал нядалж, улай хийцгээнэ.

Анагаахын сургууль төгсөөд улаан диплом өвөртөлсөн бүсгүйг хангайн нэгэн жижигхэн сумын малчин эрийн тогоо барих сонголт хийнэ гэж хэн ч төсөөлөөгүй ажээ. Гэвч Ундармаа 22 насандаа малчны эхнэр болон хөдөөг зорьсон байна. Хотод өсч торнисон тэрбээр Сүхээ гэх хөрслөг бор эрийг даган гэрт нь очоод л анх таван хошуу малыг амьдаар нь, ойрхноос харсан гэхэд нэг их хилсдэхгүй. Яагаад ийм сонголт хийснийг Ундармаагаас өөр хэн ч мэдэхгүй ч “Мөнгө, хөрөнгөд нь болсон биз” хэмээн дурамжхан хэсэг нь дүгнэдэг бол “Мань хүн ёстой сохроор дурласан…” хэмээн зарим нь харуусч байхад “Ганаад гомдоод шарандаа ийм сонголт хийсэн биз” гэж найзууд нь жиг жуг гэлцэх. Нэгэнт хийсэн сонголтын ард хэн, юу гэж ярих нь сонин биш. Харин 17-18 насны зөрүүтэй малчин эрийг дагаж явсан их эмч бүсгүйн амьдрал яаж өрнөснийг харахад “сонголт” хувь тавиланг хааш нь, яаж ч эргүүлж болдгийг сануулж, сэрэмжлүүлэх мэт.

Айлын хоёр дахь охин Ундармаа, Сүхээ хоёр анх автобусны буудал дээр танилцжээ. Хөлсөө шударч, хаанаас ямар хаягтай унаа ирэхийг мэдэхгүй зогсох эр:
- Хүүхээ, чи ахыгаа Дарь- Эхийн автобусанд суулгаад өгөхийг бодоорой гэжээ. Ундармаа өөрөө бас тийшээ явах унаанд суух тул:
- Тэгье, ах аа. Би бас Дарь-Эх явна гэж. Автобусанд зэрэгцэн суусан 40 шүргэж яваа эр түүнийг ховсдсон мэт өдөржин хамт яваад, орой нь хамт хоол идээд бие биедээ ямар хүчтэй татагдаж буйгаа анзаарч. “Би урьд нь хоёр ч залуутай үерхэж, дурлаж үзсэн. Гэхдээ бүр тэгж соронзон шиг татагдаж үзээгүй. Ганаад гомдсон. Зэвүүцдэг байсан… Тэр минь нөлөөлсөн байж болох ч би шууд Сүхээг дагаад явсан. Сар гаруй ёстой сайхан байсан. Манай хүн чинь жигтэйхэн ажилсаг, халамжтай. Нутаг усандаа нэр хүндтэй гэж хачин. Аав, өвөөгийн талынхан нь их мундаг хувилгаад байсан юм гэнэ билээ. Тэгээд ч тэр үү, нутгийнхан нь сүйд болно. Намайг хүртэл жигтэйхэн их хүндлээд, мэдэхгүй чадахгүй бүхнийг минь хэлж, зааж өгөөд их сайхан. Даанч утга учир нь үл олдох тийм юм болсон. Би ч ойлгохгүй хэцүү байна…” хэмээн Ундармаа ярьсан юм.

Идэш хийх гээд ойр х авийн олон хүн цугларсан тул Ундармаа хоол, цай бэлтгээд мөн л борви бохисхийх завгүй байжээ. Анх ирж байснаа бодвол хөдөө таван жил гаруй амьдарчихсан, ажил, ажлын дөртэй болсон байв. Мал муулахыг харж чадахгүй, бие нь тавгүйрхдэг болохоор нь тэр биз Сүхээ хашаа хороо, гэрээсээ нэлээд хол идшээ хийжээ. Ундармаагийн бие нэг л сонин, дотор нь муухайрч, нүд нь харанхуйлаад бүр гартаа барьсныг хүртэл алдаж унагаад байж. Малчин эрийн эхнэр болсноосоо хойш ганц сурсан юм нь “Бурханд мөргөж тахил өргөх” аж. Тиймээс залбирч, мөргөөд тахилаа сэргээж, уламжлал ёсоор амьтны гол тасалж, идэш хийж байсан учраас зул өргөсөн байна. Айлынх нь хөгшин “Чи зүгээр үү, Царай чинь нэг л биш. Жаахан хэвт” гэжээ. Ундармаа жаахан хэвтээд овоо сэргэсэн ч тийм таатай байсангүй. Тэр өдрийн ажил нугаларч, хүмүүс гэрээдээ явцгаан халуун ам бүлээрээ үлдсэн байна. Сүхээ төдийлөн архи уудаггүй мөртлөө ажил хамжилцсан улсыг дайлж суухдаа өөрөө хэд хэд дугтраад хөөрхөн халчихжээ.

Тэрсхэн гурван хүүхэд нь унтаж, эхнэр, нөхөр хоёр ч орондоо орцгоосон байна. Сүхээ эхнэрээ уцаарласаар байтал жаахан халамцсандаа ч тэр үү, угийн л ор хөнжлийн ажлыг орхигдуулдаггүй зангаараа хүсэл тачаалын гал маналзуулан эхнэрийнхээ дээр гарчээ. Урьд нь огт тийм биш, учиргүй сайхан таарч, тохирдог эр, эм хоёр бас л эвлэж өгөхгүй байжээ. Бүр мод, төмөр шиг хатуу хүтүү санагдаад, өөрийн эрхгүй өвдсөндөө нөхрийгөө түлхтэл мань хүн орныхоо урдуур унасан байна. Ундармаа ч гэмшиж, тэгсэн атлаа тоглоом хийгээд “За, хурдан босоод ирээч. Хүүхдүүд сэрээчихнэ” гэжээ. Тэгтэл нөхөр нь тэр чигтээ хөдлөхгүй хэвтээд байжээ. Эхнэр нь өндийгөөд нөхрийнхөө гараас таттал царай нь жигтэйхэн хачин болчихсон байж. Тэгснээ хоолой нь хүржигнээд, арай ядан ор руу нь гаргатал яг адуу шиг янцгаасан байна. Ундармаа айж, суун туссанаа бушуухан гарч айлдаа очиж хэл хүргэжээ. Түүний нөхөр Сүхээ ийнхүү жигтэй сонин байдлаар хорвоог орхисон байна.

Энэхүү учир битүүлэг үхлийн шалтгааныг тогтоохын тулд хамгийн түрүүнд сэтгэл санааны гүн хямралд орсон эхнэрийг нь бүр цагдан хорьж байгаад шалгажээ. Бага насны гурван хүүхдийг нулимстай нь хутган үлдээгээд эхийг нь аваад явахдаа хуулиар далайлгасан хүн дүрстнүүдийн сэтгэл огт өвдөөгүй бололтой. Энэ хараал, ийм зэвүүцлийг Монголын цагдаа, хуулийнхан мөн ч их сонсдог атлаа энэ бохир, болхи хүний мөсгүй арга барил, дадлаасаа огт салж чаддаггүй бололтой юм аа.
Хоригдож, цагдагдсан хөөрхий бүсгүйд “Бид хоёр муудалцаагүй. Манай гэрт ямар нэг хэрүүл, шуугиан байдаггүй. Бид хоёр унтаж байсан нь үнэн. Гэтэл надад эвгүй, хэцүү байсан. Би ямар хүч орох вэ дээ. Цээж рүү нь л түлхсэн. Тэр маань уначихсан. Гар хийцний модон орны өндөр 70-90 см л болов уу” гэхээс өөр өчиг, мэдүүлэг байгаагүй аж. Үнэн байдал ийм юм чинь өөр юу ч ярих билээ дээ. Гэвч “Үнэнээ хэл” хэмээн тулгасан ганц асуулт тавин нэг жил, хоёр сар гаруй хорьсон байна.
Талийгаач Сүхээ уг нь ёс жаяг, сүсэг бишрэл гээд сахих юм ихтэй, тун няхуур хүн аж. Гэтэл тэр өдөр аав нь насан эцэслэтлээ хөл дүүжилсэн сэтэртэй бор морийг нядалж, хотынхны хүнсэнд явуулахаар бэлтгэсэн гэнэ. Тэрхүү сэтэртэй бор морь, аав хоёрын сүнс Сүхээг авч явсан хэмээн алтан хайрцгийг нээсэн лам айлджээ.

Мөн түүнээс гадна идэшний үеэр зассан тахилын идээнд ёс алдсан том алдаа гаргасан хүн нь Ундармаа гэнэ. Амьтны амь тасалж, нэг ёсондоо муу юм үйлдэж байгаа учраас идээний үе тэгш байх ёстойн гадна махан зүйл оруулдаггүй юмсанж. Гэтэл угийн ёс заншил мэддэггүй бүсгүй чанасан махныхаа дээжийг тахилдаа тавьсан аж. Ердийн үед бол мах тахилд тавьж болох ч улайн үйлний үеэр болдоггүй байна. Ингэж юм юм давхцаад хувилгаан удмын өөрөө бас нэлээд сайн шүншигтэй эр харамсалтайгаар хорвоог орхиход хүргэсэн бололтой.
- Талийгаач минь яг л амьсгал хурааж байсан байх. Яг морь шиг янцгаагаад, миний нүдэнд яах аргагүй тэр бор морь харагдсан. Би тухайн үед хий юм харсан байх гэж бодсон. Тэгтэл лам айлдсаныг сонсохоор яах аргагүй сэтэрлэсэн морь нядалсан, би гэж нэг амьтан тахилд мах тавьж, догшин сахиусыг нь хилэгнүүлсэн юм билээ. Ундармаа харамсан харамсан ингэж ярьж байна.

Эр, эмийн ажил эхлэх үед мод, төмөр хатуу юмаар өвтгөж, эмэгтэй зовиурлан, эвгүйцэхдээ нөхрийгөө түлхсэн. Гэтэл тэр эр амь алдсан. Сэтэрт бор морийг идшинд нядалсан. Талийгаач амьсгал хураахдаа янцгааж, бүсгүйн нүдэнд нөгөө бор морь харагдсан гээд хүн итгэмээргүй юм шиг атлаа бүгд хоорондоо уялдаатай байгаа нь сонин. Хүн гэгч өөрөө байгалийн амьтан, тэр бүү хэл бүтээгдэхүүн нь учраас ийм юм байж болохыг үгүйсгэх аргагүй. Энэ эмгэнэлтэй, учир битүүлэг явдал хүн махан биеэрээ хийх үйлдэл бүхэндээ санаатай хийгээд санамсаргүйгээр ямар их нүгэл үйлддэгийг, магадгүй тэр нүгэл нь эргээд хэрхэн буулт болон ирдгийг хатуухан гэгч сануулах мэт.
Гадны ямар нэгэн нөлөөгүй атал бага насны гурвын гурван хүүхдийг орхиулан тэр эмэгтэйг ийм урт хугацаагаар хорьж саатуулсны бурууг, ингэтлээ зөрчигдсөн эрхийн тухай ярих хэн ч байхгүй. Хэн ч хариуцдаггүй. Хохирсон, эрхээ зөрчүүлсэн хүн хоёр яс салж, эсэн мэнд өргөст торны цаанаас гарч байгаадаа л баярладаг байна.

Ундармаа “Манай хүн ер нь их сонин хүн байсан. Хүн бүхнийг өөртөө татаж чаддаг. Бүх хэлсэн, ярьсан нь бүр нүд орой дээр гарталж бүтнэ, биелнэ. Би тэр хүнд илбэдүүлсэн юм шиг дагаад явахдаа огт эргэлзэж, эмээгээгүй. Харин ч жигтэйхэн баяртай байсан. Би түүндээ баярладаг. Намайг үнэхээр жаргааж байсан. Гэвч аавын сүнс, сэтэрт бор морь хоёртоо хатуу хандаж, тахил хилэгнүүлсэн учраас тэр минь бор морьтойгоо нэг өдөр нүд анилаа. Хорвоо гэдэг чинь их учиртай юм байна аа. Би гурван хүүхдээ хөдөө өсгөнө. Хамаатан саднаа бараадаад хотод ирж болно. Гэвч хөдөө өсөх их ашигтай. Илүү ухаан суудаг юм байна гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн хүн” гэж хэлээд одооны хүүхдүүдэд ёс заншил, тахил, сахилын тухай ойлголт өгч хичээл ч ороход буруудахгүй ээ… хэмээн сургамжилсан юм.

Эх сурвалж: Wikimon.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу