Б.Хурц хайчсан бэ?

Б.Хурцын тухай сэдэв дахин олон нийтийн анхааралд өртлөө. Даваа гарагт Б.Хурцаас УИХ-ын гишүүн Ж.Батзандан уучлалт гуйх ёстой гэсэн Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан.
Харин өчигдөр буюу мягмар гарагт Б.Хурцыг эрэн сурвалжилж эхэлсэн байх. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэрийг гаргажээ. Учир нь  Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг  нэр хүндэд  нь халдсан гэх асуудлаар шүүхэд   нэхэмжлэл гаргасан ч оршин суугаа хаяг нь тодорхойгүй байна гэсэн хариуг хуулийнхан өгчээ. Тиймээс эрэн сурвалжлах хүсэлтийг Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг гаргажээ. Уг хүсэлтийг тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд,  дээрх шийдвэрийг гаргасан байна.

 Өнгөрсөн оны сүүлээр УИХ хаалттайгаар Б.Хурцыг элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэн баталсан. Үүнээс өмнө Б.Хурц ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа гэнэт л хэвлэлийн хурал зарлаж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн тухай болон Ц.Нямдорж сайдын тухай “улстөржсөн мэдэгдэл”-ийг хийсэн. Энэ үйлдлийнхээ дараа тэр ТЕГ-ын даргын суудлаа хүлээлгэн өгсөн юм. Ёстой нөгөө “Үхэхдээ үхэр буугаа тавив” гэдэг. Гэхдээ түүний олныг цочирдуулсан мэдэгдэл дуусаагүй. Тэр парламентын танхимд УИХ-ын Л.Болдод хандан “Та өмнө нь Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байхдаа АТГ-т хэд хэдэн асуудлаар шалгагдсан. Та Хойд Солонгост зэвсэг нийлүүлэх гэж байгаад баригдсан. Тэр шахаанаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан , 300 мянган ам.доллар Хойд Солонгосоос нэхэмжилсэн тухай бичиг ирсэн. Таниас болж Хойд Солонгост хоёр хүн амиа алдсан, нэг генерал шоронд хоригдсон. Таны найзын компани Батлан хамгаалах яамны хэд хэдэн барилга, байгууламж барих тендерт шалгарсан асуудлаар шалгагдаж байсан. Өөр зүйлс ч байна. Би ярих уу, яах уу...?” хэмээж олон нийтийн анхаарлыг тэдний зүг хандуулахад хүргэв.

Үйл явц Л.Болд, Ж.Батзандан нар Б.Хурцын томилгоотой холбогдуулан “Нээлттэй сонсгол” зохион байгуулснаар үргэлжилсэн юм. Гэсэн ч тэднийг нээлттэй хуралдаж байх зуур УИХ Б.Хурцын томилгоог хаалттай хэлэлцэж,  Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилох тогтоолыг батлав.

Харин Ерөнхийлөгч итгэмжлэх Б.Хурцыг итгэмжлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. Ийнхүү Б.Хурцын тухай дуулиан намжмал байдалд очив. Харин одоо түүнийг эрэн сурвалжилж байна. АТГ, ТЕГ-ын бүтээгдэхүүн Б.Хурц хаана “нуугдаж” байгаа нь сонин.
 
П.ГОО
Оллоо.мн
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу