Статистикийн мэдээ: Иргэдийн сарын орлого нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2018.02.14/ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны нэгдүгээр сарын мэдээллийг танилцууллаа.

Энэхүү мэдээллээр өнгөрсөн онтой харьцуулахад иргэдийн орлого өссөн дүн мэдээ гарсан байна. Тухайлбал, сарын 330 мянган төгрөгийн орлоготой өрх өнгөрсөн жил хүн амын 13.8 хувийг эзэлж байсан бол энэ жилийн нэгдүгээр сарын байдлаар 12.1 хувь, 500 мянгаас 700 мянган төгрөгийн орлоготой иргэн өнгөрсөн жил 19.9 хувийг эзэлж байсан бол өнөө жил 17 хувь болж буурчээ. Энэ нь иргэдийн сарын орлого өсөж буйг илтгэсэн үзүүлэлт юм байна.

Учир нь бага орлоготой иргэдийн тоо буурахын хэрээр өндөр орлоготой иргэдийн тоо өсөж буй статистик гарчээ. Тодруулбал, 1.1 саяас 1.6 сая төгрөг хүртэлх орлоготой иргэн өнгөрсөн жил хүн амын 14 хувийг эзэлж байсан бол энэ сард 16 хувь, 1.6-2.1 сая түүнээс дээш орлоготой иргэн өнгөрсөн жил 8 хувь байсан бол энэ жил 11 хувь болж өсчээ.

2017 оны 4 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 950.0 мянган төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 108.2 мянган төгрөгөөр буюу 12.9 хувиар өссөнийн илтгэж байгаа аж.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 47.0 (10.3%) мянган төгрөг, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 28.4 (46.6%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Гэвч нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2017 оны 4 дүгээр улиралд 1.0 сая төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 130.9 мянган төгрөгөөр буюу 14.6 хувиар өсжээ.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 103.4 (15.4%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзвэл (2017 оны 4 дүгээр улиралд)

300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 109.5 (12.3%) мянга

300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 144.2 (16.2%) мянга

500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 289.2 (32.5%) мянга

900 мянга-1.1 сая төгрөгийн орлоготой өрх 89.9 (10.1%) мянга

1.1 сая-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 136.2 (15.3%) мянга

1.6 сая-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 63.2 (7.1%) мянга

2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 57.8 (6.5%) мянга байна.

Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзвэл (2017 оны 4 дүгээр улиралд)

300.0 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 73.0 (8.2%) мянга

300.0-500.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 138.8 (15.6%) мянга

500.0-900.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 280.3 (31.5%) мянга

900 мянга-1.1 сая төгрөгийн зарлагатай өрх 109.5 (12.3%) мянга

1.1 сая-1.6 сая төгрөгийн зарлагатай өрх 146.9 (16.5%) мянга

1.6 сая-2.1 сая төгрөгийн зарлагатай өрх 71.2 (8%) мянга

Харин 2.1 сая төгрөгөөс дээш хэмжээний зарлагатай өрх 70.3 (7.9%) мянга байна.

ЭДИЙН ЗАСАГ 2017 ОНД 5.1 ХУВИАР ӨСЧЭЭ

Монгол Улсын эдийн засаг 2017 онд 5.1 хувиар өсжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 16.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 826 (5.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Өсөл гарахад дараах хүчин зүйлүүд нөлөөлжээ. Үүнд:

Үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 573.9 (8.5%) тэрбум төгрөг (Dбөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 191.8 (9.7%) тэрбум төгрөг),
Бүтээгдэхүүний цэвэр татвар 259.1 (18.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 17.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 821.2 (5.1%) тэрбум төгрөгөөр өсчээ.

Уг өсөлтөд

Экспорт 1.5 (13.4%) их наяд төгрөг,

Үндсэн хөрөнгийн нийт хуримтлал 1.1 (32.8%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

ТӨСВИЙН ТЭНЦЭЛ 114.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ ГАРАВ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн нийт хэмжээ 2018 оны нэгдүгээр сард 530.4 тэрбум төгрөг, зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 416.2 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 114.2 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Татварын орлого 468.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 107.7 /29.8 %/ тэрбум төгрөгөөр өсөхөд НӨАТ 10.2 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч орлогын албан татвар 44 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын орлого 24.5 тэрбум төгрөг, ОАТ-ын орлого 24.1 тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 10.6 тэрбум төгрөгөөр тус, тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу