Улсын аварга малчин Д.Равдан: Малын тоос нь ч тос болдог

Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 31-ний хуралдаанаар Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг тодруулсан. 2017 оны тахиа жилд салбартаа манлайлсан Улсын аваргуудын шагналыг энэ өдрүүдэд гардуулж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Өлзийт, Жинст, Богд, Баянлиг суманд ажиллах үеэрээ Улсын аварга малчин Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн ам багийн малчин Сангидоржийн Ганбат, Жинст сумын Цагаан-Ус багийн малчин Намдагийн Мөнхжаргал, Баянлиг сумын 1 дүгээр багийн малчин Бадамхоролын Энхбат, Богд сумын Алтай багийн малчин Цэдэндоржийн Лүндэнбат, улсын аварга саальчин Өлзийт сумын Ёлын ам багийн саальчин Адъяагийн Эрдэнэбилэг, Баянлиг сумын 5 дугаар багийн саальчин Түндэвийн Оргил нарын шагналыг гардууллаа.

Улсын аварга малчдад “Улсын аварга малчин” цол хүртээж, өргөө цагаан гэр, таван хошуу малын дүрс бүхий мөнгөн цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, аварга саальчинд “Улсын аварга саальчин” цол хүртээж, мөнгөн бүслүүртэй агар зандан хувин, мөнгөн цом, алтадсан домбо, энгэрийн тэмдэг, өргөмжлөл олголоо.

Баянхонгор аймгаас энэ жил улсын аварга малчин арав, аварга саальчин хоёр төрөн гарсан байна.Тус аймаг таван сая мал тоолуулж, малынхаа тоогоор улсад тавдугаарт оржээ.Хамгийн олон ямаа тоолуулсан тус аймаг тэмээний тоогоор хоёрдугаарт жагссан байна.

2017 оны тахиа жилийн зун зуншлага тааруу, зарим нутгаар гантай, гандуу байсан ч малчид тариаланчид маань хичээж ажиллалаа.Та нарынхаа хөдөлмөр, зүтгэлийг Засгийн газраас үнэлж Улсын аваргуудаа тодруулдаг уламжлалтай гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар малчид, иргэдтэй уулзахдаа тэмдэглэж байлаа.

Өвөлжилт алаг цоогтой, зарим нутгаар хүнд байгаа ч малчин зон олон минь өвлийг өнтэй давахын төлөө ажиллаж байна.Аварга бол аварга л байдаг юм байна.Малынхаа үржил угсааг сайжруулсан, хашаа хороогоо барьсан, аргал түлшээ нөөцөлсөн, ахуй амьдралаа цогцлоосон жишиг нь аваргуудын хөдөлмөрч, малч ухааныг тод харуулж байна гэж тэрээр хэллээ.

Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталсан.Гурван тулгуурт хөгжлийн бодлогын нэг тулгуур нь “Шинэ хөдөө” хөтөлбөр.Энэ хүрээнд мах, сүүний анхдугаар аяныг хэрэгжүүлж малчдад мах, сүү, нэхий, ноос ноолуураа анхан шатны боловсруулалт хийх боломжийг бүрдүүлнэ гэдгийг тодотгож, Засгийн газар мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үнэ цэнтэй болгох бодлого барьж ажиллаж байгааг онцоллоо.

Бэлчээрийн даац хэтрэх, бэлчээрээ хамгаалах нь тулгамдсан асуудал болсныг малчид хэлж байлаа.Бэлчээрийн сан байгуулах эрхийг сум, орон нутагт нь өгдөг болох бэлтгэл ажил хийгдэж байна.Энэ хууль батлагдвал сум, орон нутгийн малчид өөрсдөө санаачлаад баг, сумын нийтийн хурлаараа бэлчээрийн сан байгуулах боломжтой болох юм байна.

Баянхонгор аймагт цас багатай, дулаахан өвөл болж байна.Зуншлага тааруу, газрын гарц муу байснаас өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөв байна.Гэсэн ч бэлтгэлээ сайтар базаасан тул өвөл, хаврыг өнтэй давна гэж аваргууд ярьж байлаа.

Малчид малынхаа тоонд бус чанарт анхаарч эхэлжээ.Малын тоо өсөх нь сайн боловч нөгөө талаасаа бэлчээрийн даац хэтрэх, чанаргүй мал олон болох, энэ хэрээр хүн хүч, хөдөлмөр илүү шаардана гэж малчид ярьж байна.

Мөн мал маллахын зэрэгцээ төмс, хүнсний ногоо тариалж өрхийнхөө хэрэгцээг бүрэн хангаж чадаж байна.Говь нутгаа цөлжилтөөс хамгаалж, өөрсдөө санаачлан мод тарьж байна.Амьдралын боломж багатай айл, өрхийг туслах малчнаар авч малжуулж байна.Мал сүргээ эрсдэлээс хамгаалах даатгалд бүрэн хамруулж байна.Малчдын бүлэг, нөхөрлөл, хоршоо байгуулж сүү, цаган идээ, малаас гаралтай бүтээгдэхүүнээ борлуулж байгаа туршлагаа аваргууд ярилаа.

Тухайлбал, хот, төвөөс дутахгүй сайхан амьдрах боломж хөдөө орон нутагт минь байна.Хүүхдүүд, дүү нартайгаа нийлээд хоршоо байгуулсан, сүү, цагаан идээгээ борлуулдаг. 100 гаруй үнээтэй, зун, намарт айлуудад үнээгээ тавьж, ааруул, цагаагаа боловсруулахад нь тус дэм болдог гэж 1975 оны илгээлтийн эзэн, 42 дахь жилдээ мал маллаж буй Улсын аварга саальчин А.Эрдэнэбилэг ярьж байлаа. Төмс, хүнсний ногоогоо өөрсдөө тарьчихдаг болсон.Одоо нарийн ногоо тарьж ургуулах бодолтой байгаа гэж Жинст сумаас төрсөн Улсын аварга малчин Н.Мөнхжаргалын гэргий хэллээ.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-ОчирБаянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн малчин Даржаагийн Батсүх, Баян-Овоо сумын Асгамба багийн малчин Дагвадоогийн Равдан, Эрдэнэцогт сумын нэгдүгээр багийн малчин Рэнцэнгийн Нармандах нарынд зочилж шагналыг гардуулсан юм. Дагвадоогийн Равдан гуай 85 насыг зооглож буй бөгөөд энэ жилийн Улсын аварга малчдын хамгийн ахмад нь юм. Тэрээр,

-1934 онд төрсөн. 85 жил амьдрахад их юм үзлээ. Мал дагаж явахад хошуу тостоно, малын буян сайхан шүү. Малын тоос нь ч тос болдог. Хэзээ нэгэн цагт баярлуулна гэж ээж, аав минь захидаг байсан.Өнөөдөр тэр өдөр нь тохиогоод баярладаг өдөр нь болж байна аа гэж ярилаа.

Би 6-7 наснаасаа морь унаж, ээж, аавдаа малыг нь дөхүүлж өгч тусад орсон. Тэрнээс хойш 77-78 жил тасаралтгүй мал маллаж байна. Одоо ч малаа маллана.Номхон морь уначихаад хонио туудаг, шилбүүр барьчихаад хурга, ишгээ ялгалцаж, мал хурааж өгдөг ийм л тустай хүн дээ, ах өвгөн нь гэлээ.

Өглөө эрт босч байгаарай, орой аажуу унтаж байгаарай.Өвөл, хаварт малаа уул, хадны өвөр, нөмөр бараадуулж маллаарай.Цастай, зудтайд нөөц бэлчээртэй байгаарай гэж ээж, аав минь захисан.Ээж, аавынхаа захиасыг нь мал дагасан хоёр хүүхдэдээ захидаг юм гэлээ. Мөн дээр үед бол болохгүй л байх. Одоо бол юунаас нуухав дээ, би. Олон багш нартаа шүтэж, багш нартаа залбирдаг хүн.Манай энүүхэнд харагдах Ширээ хүрээ хайрхан маань их сайхан хайрхан байгаа юм. Энэ хайрхандаа залбирч, даатгаж явдаг хүн дээ, би. Энүүхэндээ ярихад янз бүрийн юм намайг тойроод яваад байдаг юм даа гэж ахмад малчин Д.Равдан гуай ирсэн зочиддоо хуучилж байлаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу