Гудамж цэвэрлэдэг хүн 25 мянган доллар хандивлан 37 хүүхдийг сургуульд оруулжээ

56 настай Жао Юнгжу нь Хятадын Ляонин мужийн нийслэл Шэньян хотын гудамжийг сүүлийн 35 жил цэвэрлэж байна. Тэрээр өглөө үүрийн 04:30 минутад цэвэрлэгээнд гарч, оройн 09:00 цаг хүртэл уйгагүй ажилладаг юм. Сарын цалин болох 2400 юань (350 доллар) нь амьжиргаанд арайхийн хүрэлцдэг ч 30 жилийн турш нийт 170 мянган юань (24750 доллар) хандивлаж, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын боломжгүй 37 хүүхдийг сурах боломжоор хангаад байна. Жао хүүхдийн төлөө бүхнээ зориулж, өөрт байх цорын ганц үл хөдлөх хөрөнгөө зарж, одоо сарын 600 юанийн төлбөртэй нэг өрөө байр хөлслөн амьдарч байна. Орлогынхоо дийлэнх хувийг бусдад хандивлах түүний сайхан сэтгэл хувийн түүхтэй нь салшгүй холбоотой гэж “Beijing Youth Daily” сонинд онцолжээ.

1976 онд түүний аав нь нас барж, ээж нь хоногийнхоо хоолыг олох гэж ганцаараа зүтгэж байжээ. Энэ хүнд хэцүү он жилүүдэд хөршүүд нь өөрсдөө ядарч явсан ч тэдэнд байгаа бүхнээ илүүчилж, тусалдаг байсан гэнэ. Үүнээс тэр хүний сайхан сэтгэл ямар агуу болохыг ойлгож, бусдын төлөө амьдралаа зориулахаар шийдсэн гэдэг.

Б.Мөнхтуяа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу