Бэлчиж байсан адууг буудаж алаад, нядалж зардаг бүлэг этгээдийг баривчилжээ

Төв аймгийн Баянхангай суманд 2018-оны хоёрдугаар сарын 04-05 шилжих шөнө малчин Э-ийн хээр бэлчиж явсан зургаан тооны адуу буудаж нядалж байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарлаа.

Уг хэргийг Баянцогт сумын хэсгийн төлөөлөгч Г.Гантүшиг, Баянхангай сумын хэсгийн төлөөлөгч Б.Мөнхбаяр нар халуун мөрөөр нь илрүүлсэн байна. Эдгээр этгээдүүд нь найман хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн машинтай дээрх хэргийг үйлдсэн байна.

Тус сумын цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд мөрдөн байцаалтын явцад уг этгээдүүдийн дөрөв нь өмнө нь малын хулгайн хэргээр удаа дараа ял шийтгүүлж байсан этгээдүүд байжээ. Улмаар 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдаж наранд гарсан нь энэ аж. Тэд адууг гурван калибр, хоёр том буугаар цээж, толгойд нь хэд хэд буудаж маш хэрцгийгээр алсан байсан гэдгийг эх сурвалжууд мэдээллэсэн юм.  Тэд мөрдөн байцаалтын явцад хээр бэлчиж явсан эзэнгүй адууг алж нядлаад хотод авчирч махны ченжүүдэд зардаг байсан гэдгээ хүлээсэн байна.

Эдгээр этгээдэд Эрүүгийн хуулийн 17.12-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэхүү хэрэг гарсантай холбогдуулан иргэд та бүхэн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

17.12 дугаар зүйл.Мал хулгайлах

1.Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.

-Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно.

Б.БУРМАА

ЭХ СУРВАЛЖ: MEDEE.MN

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу