ТАТВАРЫН БАЙЦААГЧИД ЦУСАА ХАНДИВЛАВ

Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн хамт олон өнөөдөр Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Цусны салбар төвд цусаа хандивлалаа. Энэ үеэр аймгийн Улаан загалмайн хорооноос цусны донорууд болон цус бэлэглэхийн ач холбогдлын талаар татварын байцаагчдад мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар аймгийн Цусны салбар төв нь 18 литр цусны нөөцтэй байгаа аж. Төвийн үйл ажиллагааны талаар тус төвийн эрхлэгч А.Ардахаас тодруулахад: "Он гарснаас хойш нөөц маань тодорхой хэмжээгээр багассан. Манайх цусны 25 хүндэт донортой. Үүний 12 нь өнөөдөр цусаа тогтмол өгч байгаа. Мөн 80 идэвхтэн донортой. Саяхнаас аймгийн ИТХ-аас төлөвлөгөө батлуулж, 12 төрийн байгууллагын дунд цус хандивлах ажлыг зохион байгуулаад байна. Нэг хүний бэлэглэсэн 350-400 грамм цусаар 3 хүний амийг авардаг. Тийм учраас бусдад үлгэр дууриал үзүүлэн цусаа хандивласан татварын байцаагчдад талархаж байна" хэмээлээ.

Баян-Өлгий аймгийн иргэдийн амьдралын хэв маягаас шалтгаалан сүүлийн үед цусны улаан эс ихсэж, цус өтгөрөх асуудал ихээр гарч байгаа аж. Иймд цусаа тогтмол бэлэглэснээр эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлж, зүрх судас, элэгний үйл ажиллагаа сайжрахыг тэрээр онцолж байна.

Ө.Нурболат.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу