Пёнчаныг зорьсон монгол тамирчиддаа ноолууран хувцас, нэхий дээлээ өмсгөж болоогүй юм уу?

БНСУ-ын Пёнчан хотноо зохион байгуулагдаж байгаа өвлийн олимпод Монгол Улсаас хоёр тамирчин оролцож байгаа билээ. Тив дэлхийн томоохон тэмцээн, олимпийн наадмуудад эх орноо төлөөлөн оролцож буй тамирчдын хувцас, хэрэглэл үргэлжид маргаан дагуулдаг. Энэ жилийн өвлийн олимпод оролцож буй манай тамирчдын хувцас ч мөн олны шүүмжлэлд өртсөн юм. Өртөхөөс ч аргагүй.

Хувцасны өнгө үзэмж, чанар, хийц талаас мэргэжлийн хүмүүс нь хараад арай бодитой дүгнэлт өгөх байх. Гэхдээ энгийн нүдээр харахад ч өөлөх зүйлс дэндүү олон. Уг нь манай улс ноолуурын эх орон шүү дээ. Ядаж олимпийн нээлт дээр хэдэн тамирчиддаа ноолууран хувцас, нэхий дээлээ өмсгөж болоогүй юм болов уу гэсэн бодол хэн хүнгүй төрнө.

Бусад улс орнууд ч өөрсдийн брэнд хувцсыг өмсөж л оролцдог. Манай дотоодын томоохон компаниуд, ур чадвартай дизайнерууд олон бий. Бид хэдий дэлхийд “хөгжиж яваа улс” гэсэн тодотголтой боловч арай ч хэдэн тамирчдаа хувцсаар дутаахааргүй дээ. Хоёр тамирчин, нэг дасгалжуулагчаа хөлөөс нь толгой хүртэл үндэсний брэндээрээ хувцаслах боломж бидэнд байсан. Даанч сэтгэл дутжээ.

 

-100 ЯМААНД 60 УХНА ГЭЭЧИЙН ҮЛГЭРЭЭР…-

Пёнчаны олимпийг зорьсон Монголын баг тамирчдыг ахалж МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ, Үндэсний шигшээ багийн тамирчин Ч.Отгонцэцэг /02 дугаар сарын 15-ны өдрийн 15:30 цагт гүйлтийн цанын 10 км зайд Монгол Улсаа төлөөлөн уралдана/, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ачбадрах /Олимпийн наадмын нээлт, хаалтын ажиллагаанд Монгол Улсын тугчаар ажиллах бөгөөд хоёрдугаар сарын 16-ны өдрийн 15:00 цагт гүйлтийн цанын 15 км зайд Монгол Улсаа төлөөлөн уралдана/, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал /Олимпийн наадмын эхний хоногуудад ажиллах бөгөөд нээлтийн ажиллагаанд оролцоно/, Монголын цанын холбооны дэд ерөнхийлөгч Ч. Гантөмөр /Олимпийн наадмын сүүлийн хоногуудад ажиллах бөгөөд хаалтын ажиллагаанд оролцоно/, МҮОХ-ны гадаад харилцаа хариуцсан нарийн бичиг Б.Баяртуяа, Хэвлэл мэдээлэл хариуцсан атташе А.Ундрал, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БСШУС-ын сайдын спортын зөвлөх Н.Баярсайхан, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож буй. Өөрөөр хэлбэл хоёр тамирчин, нэг дасгалжуулагч Пёнчаны олимпод оролцох бол бусад нь дагалдаж яваа аж.

Ц.ШАРАВЖАМЦ: ДОТООДЫН ТОМООХОН КОМПАНИУД ЦӨӨН ХҮНИЙ ХУВЦАС
ГЭСЭН ШАЛТГААНААР ТАТГАЛЗСАН

Өвлийн олимпод оролцож буй тамирчдын хувцас, зардал зэрэг асуудлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамцтай холбогдож тодрууллаа.

-Пёнчаны өвлийн олимпод оролцож буй Монголын баг тамирчдын хувцас багагүй шүүмжлэл дагууллаа. Хэрхэн сонгож, хичнээн төгрөгийн төсөв баталсан юм бэ?

-Хичнээн төгрөгийн төсөв батлагдсан талаар санхүүгийн албанаас тодруул. Хувцасны тухайд бол санхүүжилтгүй учраас Монголын шигшээ багийн 280 тамирчинд зориулж өөрсдөө дотооддоо /өдөр тутамдаа/ өмсөхөөр хийлгэсэн хувцаснаас манай тамирчид өмсөөд, олимпийн наадамд явсан.

-Та гадуур куртка зэргийг хэлж байна уу. Тамирчдын хувцсыг хийлгэхдээ тендер зарлаж, шалгаруулсан юм уу?

-Нээлттэй тендер зарласан. Гадуур хувцсыг “Төмөр трейд” компани, “Нано вүүл” компанийн ноолууран малгай ороолт, “Их хэнгэрэг” компани тус тус шалгарч цүнхийг нь хийсэн. Тамирчдын үндсэн хувцсыг Финлянд улсад захиалгаар хийлгэсэн байгаа. Учир нь манайд яг стандартад нийцсэн материалтай хувцас хийх боломжгүй учраас захиалгаар хийлгэхээс аргагүй байсан юм.

-Гадуур хувцасны тухайд ноолуурын томоохон компаниуддаа хандаж болоогүй юу?

-Уг нь тендер нээлттэй зарлагдсан шүү дээ. Дотоодын томоохон компаниуд цөөн ширхэг юм байна гэсэн шалтгаанаар татгалзсан.

-Тамирчдын одоогийн хувцасны дизайныг хэрхэн гаргасан бэ?

-2015 онд мөн л тамирчдын хувцас дизайны асуудлаар дизайнеруудын дунд 15 сая төгрөгийн уралдаан зарлаж байсан. Гэхдээ цаг нь тулаад ирэхэд тухайн үед яг ч сонгочихоор дизайн байгаагүйгээс цаг их алдсан. Тиймээс энэ жил цаг алдахгүй, өмнөх алдаагаа давтахгүйн тулд тухайн хувцас хийсэн компанид нь даатгасан. Яах вэ курткаг нь хүмүүс баавайсан, хэтэрхий урт гэх зэргээр шүүмжилсэн байна билээ. Уг нь тэр хувцас Монголдоо тамирчид өмсөх зориулалтаар захиалсан хувцас шүү дээ. Би тамирчин хүн байсны хувьд манай орны уур амьсгал ямар билээ. Тэгээд нөхцөл байдалдаа тохируулж л хийлгэсэн хувцас.

-НЭГ ТАМИРЧНЫ ХУВЦАСНЫ ЗАРДАЛД 1.1 САЯ ТӨГРӨГ ОНОГДЖЭЭ-

Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцаас дээрх асуудлыг тодруулсны дараа тус газрын Санхүүгийн албатай холбогдож Пёнчаны олимпод оролцож буй баг тамирчдад оногдсон зардлын талаар тодруулсан юм. Хоёр тамирчин, нэг дасгалжуулагчийн ирж очих болон байрлах зардалд нийт 20.3 сая төгрөг төсөвлөжээ. Харин Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд болон түүний зөвлөхөд нийт 8 сая төгрөг төсөвлөсөн байна.

Нэг тамирчинд хувцасны зардал хэмээн 1.1 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд шүүмжлэл дагуулаад буй тамирчдын гадуур хувцас 280 ширхэг, нийт 311 сая төгрөг төсөвлөжээ.

Ц.ТАМИР

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу