ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТЭЭР ЕРӨНХИЙ САЙДАД АСУУЛГА ТАВИВ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат нарын нэр бүхий гишүүд өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан хөгжлийн бодлогын асуудлаар асуулга тавилаа.

УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан. Тогтвортой хөгжлийн зорилт батлагдсанаас хойш даруй 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа ч зорилтод тусгагдсан хөгжлийн бодлого, зорилтууд хэрхэн хэрэгжиж байгаа талаарх мэдээлэл хангалтгүй байгаа тул гишүүд ийнхүү УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд асуулга тавьжээ.

Тэд асуулгадаа Тогтвортой хөгжлийн зорилтод тусгагдсан эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай болгох зорилт хэрхэн хэрэгжиж байгаа, түүний хэрэгжилтийн явцад аль байгууллага хэрхэн хяналт тавьж ямар дүн шинжилгээ хийж байгааг тодруулахыг хүсчээ. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр жил бүрийн улс, орон нутгийн төсөвт хүрэлцээтэй тусч байгаа эсэх, Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа, хэлэлцэн батлуулсан салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөр, зорилтууд нь Тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдаж байгааг асуужээ.

Тэрчлэн 2020 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтын нэгдүгээр үе шатанд тавигдсан зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж чадах эсэх талаар тодорхой хариулт боловсруулж ирүүлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүссэн байна. Дашрамд дурдахад УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолд зааснаар Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийн байдалд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж УИХ-ын холбогдох байнгын хороонд танилцуулж байх заалт туссан аж.
Б.Туул

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу