Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эрдэнэтийн гагнуурын электродын үйлдвэртэй танилцлаа

/Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдал болон гарсан шийдвэрийн талаар тоймлон хүргэе/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ УГТАН АВЛАА

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон аймагт энэ сарын 9-нд хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагсав. Үүний дараа Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй “Уурхайчин” соёлын ордонд уулзаж, ярилцлаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА  ЭРДЭНЭТИЙН ГАГНУУРЫН ЭЛЕКТРОДЫН ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэт”  шинжлэх ухаан, технологийн парк ОНӨҮГ-ийн дэргэдэх гагнуурын электродын үйлдвэр, “Хүний экологийн төв” –ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уг парк өнгөрсөн оны 10 дугаар сараас  гагнуурын электрод үйлдвэрлэж эхэлсэн юм. Өдөрт 10 тонн  гагнуурын электрод үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэрт 4-5 хүн тогтмол ажиллаж байна. Монгол Улс гагнуурын электродоо 100 хувь импортоор авдаг. Энэ хэрэгцээг бүрэн хангах  үндэсний үйлдвэр ийнхүү Орхон аймагт ажиллаж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулга талархаж тулгамдаж буй асуудал болон зах зээлд борлуулах тооцоо, судалгааг сонирхож байлаа.

МЭДЭЭЛЭЛ ХОЛБОО, СҮЛЖЭЭ КОМПАНИЙН АЖИЛЧДЫН ОРОН СУУЦНЫ ГАЗРЫГ  ШИЙДВЭРЛЭЛЭЭ

 /Засаг дарга Д.Батлут 2017 онд хийсэн ажлаа 21 удаагийн уулзалтаар 3697 иргэнд хүргэлээ. Уулзалтаар 910 санал, хүсэлт гарч газар дээр нь 38 асуудлыг шийдвэрлэв/

Лхагва гаригт аймгийн Засаг дарга Д.Батлут “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК, “Шуудан үйлчилгээний газар”,  “Цахилгаан холбоо” ХК-ийн ажилчидтай уулзаж дээрх байгууллагуудын ажилчдын орон сууцны газар, амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой 2 айлд өргөө цагаан гэр олгож,  “Мэдээлэл холбооны сүлжээ” компаний байрыг засварлах хөрөнгийг шийдвэрлэлээ.

ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР УЛСДАА 2-Р БАЙРАНД ОРЛОО

Орхон аймаг өнгөрсөн онд "Элэгний вирусгүй Эрдэнэт" аян, "Халдваргүй нярай" зэрэг эрүүл мэндийн салбартаа олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд нярайн эндэгдэл 4 дахин буурч, В вирустай 300 орчим иргэнийг эмчилж, эхийн эндэгдэл бүртгэгдээгүй зэрэг эерэг үзүүлэлт гарсан. Мөн эрүүл мэндийн салбартаа хийсэн хөрөнгө оруулалт, зохион байгуулалт, бүтээн байгуулалт, нийгэмд үзүүлж буй үйлчлэлээрээ улсдаа хоёрдугаар байранд орлоо. 

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ОЛГОДОГ ЭМИЙГ НӨХӨЖ ОЛГОЖ БАЙНА

/183 төрлийн 817 эмийг 40-80 хувь хүртэлх хөнгөлөлттэй үнээр олгодог/

Эрүүл  мэндийн даатгалын хэлтсээс олгодог хөнгөлөлттэй эмийн санхүүжилт өнгөрсөн нэгдүгээр сард дутуу буюу 70 хувийн санхүүжилт хийгдсэн бол энэ сард үлдэгдэл 30 хувийг нь нөхөн олгож байна. Хөнгөлөлттэй эмийг  20 эмийн сангаар олгож байна. 

“АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” ДӨРВӨӨР, ШИЛДЭГ УРАЛДААНЧ ХҮҮХЭД 5-ААР НЭМЭГДЛЭЭ

 Пүрэв гаригт болсон Засаг даргын зөвлөлийн хурлаар уяач М.Мөнхбаяр, Л.Алтангадас, Ж.Сүхбаатар, М.Болдбаатар  нар “Аймгийн алдарт уяач” цолоор, Б.Цэнгэлбаяр,  Б.Бүрэнбаяр,  Б.Тамираа, ч Б.Ган-Эрдэнэ,  Б.Бүрэнжаргал нарыг аймгийн Шилдэг уралдаанч хүүхдээр шалгаруулахаар шийдвэрлэлээ.

ТӨЛӨӨЛӨГЧИД БАГ ДЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА

 /Хүний хөгжилд чиглэсэн 18 дэд хөтөлбөр хэрэгжиж байна /

АИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо, ЗДТГ хамтран “Хөгжлийн түүчээ-Хүний хөгжил” сэдэвт  “Төлөөлөгчийн нэг өдөр”-ийг  энэ сарын 10-аас Наран багаас эхлүүллээ. ” Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд дээрх аян баг-иргэн-төлөөлөгчийн уялдаа холбоог сайжруулахад чиглэгджээ.

  ОЮУНЫ СПОРТЫГ ДЭМЖЛЭЭ

/Шатрын спортын байрыг шийдвэрлэхээр ажиллаж байна /

Өсвөрийн шатрын аймгийн  аварга шалгаруулах тэмцээнд 7 насны ангилалд 300 гаруй тамирчин оролцлоо.  Аймгийн Шатрын холбооны тэргүүн Засаг дарга Д.Батлут хэлэхдээ,  “Бид орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор олон ажил төлөвлөж  шатрын спортын байртай болох асуудлыг АИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу