ХӨТЛӨГЧ ГАНТУЛГА ӨӨРИЙГӨӨ ИНГЭЖ ӨМГӨӨЛӨВ

Сайн байна уу? Та сайхан өвөлжиж байна уу?
Сайхаан. Одоогоор Өмнөговь аймагт ханыхаа аав ээжийнд ирчихсэн байгаа. Энд өвөлжөө тавлаг сайхан байна.

Сар шинэ дөхөөд ажил ихтэй л байна уу?
Ажил ихтэй байна аа. Хувь, хувьсгалын ажил төрөл их л байна. Аливаа баяраар амрах завгүй л алба, амины ажлаа амжуулдаг. Энэ жилийн сар шинээр ч мөн тийм л байна.

Тэгэхээр таны эхнэртэйгээ хамт The Voice of Mongolia шоунд оролцсон явдал үнэхээр гэнэтийн бас сонин байсан.
\Инээв\ Гэнэтийн сонин нь юу байхав. Би багаасаа дуулах дуртай байсан. Намайг хүүхэд байх үед хүүхдүүд тоглоом наадам, амралт гэхээсээ илүү завгүй байх дуртай байлаа. Жишээ нь би уран зураг, бүжиг, дуу, инженер техникийн дугуйлан, гимнастик гэх мэт маш олон дугуйлан секцэд их явдаг байсан. Тэр дундаа урлагтай маш ойр байж, урлагаас авах олон гайхалтай мэдрэмжүүдийг авдаг байсан гэх юм уу? Тийм ч учраас амьдарлаасаа дуулах хүсэл сонирхлоо хэзээ ч гээж байгаагүй. Бүр “Univers Best Songs” шоунд хүртэл орох хүсэл надад маш их байсан ч хөтлөгч нь учраас боломжгүй байдаг байлаа. Түүний дараа My Voice шоунд Балхаа ахаас гуйж байгаад оролцож байсан. Тухайн үед хүмүүс шүүмжилж л байсан. Тэглээ гээд миний хүсэл тэмүүллийг өөрчилж чадахгүй шүү дээ. Гэтэл өнгөрсөн онд хань маань “The Voice шоунд оролцмоор байна. Хамтдаа оръё” гэж хэлсэн. Энэ бол миний хувьд нуман тулгууртай шахаж эргүүлэх мэх гэдэг шиг яалт ч үгүй зөвшөөрөх сонголт байсан. Би л гэргийгээ дэмжихгүй юм бол өөр хэн дэмжих гэж. Дэлхий хэмжээний шоунд эргээд ирчихсэн, бас ханийн маань мөрөөдөл байсан учраас би оролцохоос өөр арга байгаагүй. Манай гэр бүлийн уриа байдаг л даа. Нэгнээ дэмжвэл дэмжсэн шиг дэмжээ гэж. Тэгээд л дуулах хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд энэ шоунд ханьтайгаа оролцсондоо

4. Таны тайзан дээр дуулж байсан үе, гэр бүлийн өрөөнд эхнэрээ дэмжиж зогссон үе хоёрын ялгаа юу байв, аль нь танд хүнд байсан бэ?

Ханийгаа дэмжээд зогсож байх хамгийн хүнд байсан. Эхнэрийнхээ хүсэл мөрөөдлийг мэдэж байсан учраас, түүнийг нь шүүгчид анзаарахгүй эргэж харахгүй байвал яана аа гэх мэтээр маш олон зүйл бодогддог юм билээ. Тэр үе бол үнэхээр үгээр хэлэхийн аргагүй хэцүү байсан. Адгийн тэнэг авгайгаа магтдаг гэдэг үг байдаг ч би бол хэзээд ханийгаа магтдаг. Миний хань аливаа дууг үнэхээр зүрх сэтгэлээсээ урсгаж чаддаг. Түүнд нь ч би их дуртай. Тэгээд хань маань сайхан ч дуулсан, шүүгчид ч эргэж харцгаасан. Үнэхээр их баярласан.

Одоо эхнэрээ хэр сайн бэлтгэж байна даа?
Яг ямар зөвлөгөө өгөхөө би сайн мэддэггүй. Мэдээж сэтгэл зүрхнээсээ л дэмжиж байгаа. Одоо бол надаас илүү мэргэжлийн талаасаа маш сайн тусламж дэмжлэг үзүүлэх хүн нь Д.Отгонбаяр шүүгч. Би бол хувийн зүгээс ханийгаа тултал дэмжнээ л гэж бодож байгаа. Дэмжсээр ч ирсэн.

Түүнийг аль шат хүртэл явна гэж төсөөлж байна? Шоуны өрсөлдөөн улам бүр ширүүсч байгаа шүү дээ?
Би ханийгаа хаа хүртэл явна тэр хүртэл нь л дэмжинэ. Энэ шоуны сураг дуулдсан цагаас хойш л түүнийхээ ямар их хүсч мөрөөдөж байгааг мэдэж байгаа болохоор шоуны аялал хэзээ дуусна тэр цаг мөч хүртэл дэмжсээр л байна. Мэдээж өрсөлдөөн маш ширүүн байгааг би мэдэж байгаа. Гэхдээ би ханийгаа түрүүлээсэй эсвэл заавал түрүүлнэ гэхгүй. Үнэхээр мундаг дуулдаг хүн байвал тэр нь түрүүлэг. Хань маань ч надтай адил бодолтой байгаа. Ер нь тэгээд гоё дуучин биш сайхан дуулдаг хүн л түрүүлээсэй гэж хүсч байгаа.

Та ингэхэд эхнэртэйгээ яаж танилцсан юм бэ?
2013 оны 3 сард анх хараад л шууд дурлаж байсан. Бие хаа царай зүс, яриа хөөрөө гээд бүх зүйл нь надад таалагдаж байсан. Гэтэл дахиад уулзах боломж гараагүй. Ингээд бүтэн жил зургаан сарын дараа манай нэг найз төрсөн өдрийн баяр дээрээ намайг урьсан. Тухайн үед ажил ихтэй боломжгүй байсан ч тэр найзынхаа төрсөн өдрийн баяр дээр би очсон. Тэгсэн манай хань сууж байдаг байгаа. Ингээд л одоо дахиж алдахгүй гэж бодоод эхнэрээ өөрийн болгосондоо. Хүнийг хараад дүгнэх, харилцаж эхлээд таниж мэдэх гэдэг бол их зөрүүтэй байдаг. Харин миний ханийн анх надад төрүүлж байсан тэр сайхан сэтгэгдэл одоо ч хэвээрээ байгаа. Таниж мэдэх тусам тэрний минь сайхан сэтгэл улам л гялалзаад байгаа. Хүний амьдралд юу эс тохиолдохыг хэлэх вэ дээ. Баярлах гомдох олон шалтгаан байдаг. Тэр бүрд минь хамтдаа байж, хайр ямар их том орон зайд оршдогийг мэдрүүлж байгаа хүн минь миний хань юм даа.

Таныг Voice шоунд оролцоход хүмүүс ямар хандлагатай байсан бэ?
Монгол түмэн бол үг хатуутай, хэлсэн үгээ дааж явдаг ард түмэн гэж би боддог. Харин сүүлийн үед компьютерийн араас хүний нэр хүндэд халдах, элдэв муу үгээр доромжлох зүйлс их гардаг болж дээ. Миний хувьд бол “шар” сонинуудад элдвээрээ л хэлүүлж бичүүлж явлаа. Ер нь л шүүмжлэлийг авахыг нь аваад хаяхыг нь хаядаг. Тиймээс надад бусдын юу гэх нь огтхон ч хамаагүй. Би амьдралаас кайф авах зүйлээ хийгээд л явж байгаа. Хөөрхийдөө шүүмжлээд гоочлоод байгаа хүмүүс үнэхээр өрөвдмөөр санагддаг. Хүмүүс боловсролынхоо хэмжээнд л бусдыг үнэлж дүгнэдэг байх. Тэгээд би ханьдаа хэлдэг л дээ. Чамайг ингээд, тэгээд бичсэн байна яанаа ийнээ, яасан муухай юм бэ гэж хань маань хэлдэг л юм. Би өөрт нь Харин чи ийм л ертөнцрүү орох гэж байна шүү дээ. Зүгээрүү гэхэд хань маань Зүгээрээ л гэдэг. Тэгвэл асуудалгүй ээ би чамайг дэмжинэ ээ л гэдэг. Энэ бол манай гэр бүлийн“Бие биенээ дэмжвэл дэмжсэн шиг дэмжээ” л гэдэг уриа.

Эх Сурвалж Sharsonin.com

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу