Ахмадуудаа дээрэмддэг араатанлаг зан манайхаас өөр газар байдаг болов уу

“Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл” гэдэг үг монголчуудад мартагдсан бололтой.

Уг нь энэ үгийг дунд сургуульд багш нар ч, аав ээж, өвөө эмээ нар ч зааж сургадагсан. Гэтэл өнөөгийн нийгмийн байдлыг харах нь ээ энэ үгийг сонсоогүй дуулаагүй хүмүүс олон байдаг бололтой. Нүдээр хараагүй хүн монголчуудаас ийм зан гарамгүй юм даа гэж итгэмээргүй муухай зан авир гаргах нөхдүүд олширчээ.

Өөрөөр хэлбэл, сар шинийн баяр хаяанд ирж ахмад настнуудаа баярлуулдаг, тэднийхээ насыг хүндэлж очиж золгодог үндэсний том баяр болоход 10 хүрэхгүй хоног үлдсэн энэ өдрүүдэд муу муухай бүхнийг л сонсох юм. Ахмад настай хүнийг хүчиндлээ, дээрэмдлээ, барьж яваа юмыг нь булаалаа, мөнгийг нь залиллаа гээд хүний санаанд оромгүй хэргүүдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч, сэрэмжлүүлж байх юм. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө залуу 62 настай эмэгтэйг орцонд хүчиндчихээд, цагаан сарынхаа идээ будааг бэлтгэхээр явж байсан 300 мянган төгрөгийг нь дээрэмдсэн сэтгэл сэрдхийлгэм хэрэг гарсан.

Гэтэл уржигдар 72 настай ахмадаас “Хүү чинь эрүүлжүүлэхэд хоножээ. Мөнгө аваад ир гэнэ” гэж хэлээд 30 мянган төгрөг залилжээ.

Эдгээр хэргийг үйлдсэн хүмүүс нь 25-35 насныхан байх нь харамсалтай. Тэдний сэтгэхүй яаж доройтох нь энэ вэ. Өөрийн аав ээж, өвөө эмээ шигээ хүмүүсийн барьж яваа юмыг авч зугтаж байхдаа, худлаа хэлээд мөнгийг нь авах гээд зогсож байхдаа тэд юу боддог бол... Залуусын маань сэтгэхүй ингэтлээ доройтож, хүнийг хайрлаж энэрэх сэтгэлгүй болж араатанлаг тал руугаа ороод байна уу даа.

Хэзээнээсээ гүндүүгүй, хүнлэг хэмээн сайшаагддаг байсан монголчууд маань ингэтлээ хүн чанараа алдсан юм гэж үү. Өөрсдөө ээжээс төрж, ааваар өсгүүлээгүй аятай ахмад буурлууддаа үзэшгүй муухай зан гаргачихаад, ядаж л эргээд өөрийнхөө ээж аавын нүүрийг яаж харах бол, тэд. Эсвэл бүр хүн чанараа гээгээд зогсоогүй, ичих нүүрээ хүртэл уландаа гишгэсэн хэрэг үү, залуусаа.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр залилагчид хохирогч болсон ахмадуудын ар гэрийн байдлыг судалдаг байж болзошгүй гэх мэдээллийг өгсөн байна билээ. Залуус минь дээ, залуус минь гэмт хэрэг хийх гээд судалгаа хийж хугацаандаа сургуульд сурч ганц гадаад үг цээжилж байвал өөрийн тань ирээдүйд хэрэгтэй шүү дээ. Ингээд ид хийж бүтээх насан дээрээ ял үүрч, хаалттай торны цаана суух юу нь сайхан байх вэ дээ. Үнэхээр харамсалтай, бас эмгэнэлтэй биш гэж үү.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу