Тайваньд газар хөдлөхөд гэр бүлээ хамгаалсан баатарлаг аав шуугиулж байна

Тайванийн Хуален хотод 6,5 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас орон сууцны барилга нурах үед гэр бүлээ хамгаалахын төлөө эцсээ хүртэл тэмцсэн нэгэн баатарлаг аавын бичлэг ил болж, олон хүний сэтгэлийг хөдөлгөв. Байгалийн гамшиг болоход ямар ч хүний толгойд хамгийн түрүүнд аюулгүй газар хоргодох тухай бодол орж ирдэг байна. Үүнийг хүний төрөлхийн араншин гэж хэлж болно. Харин баатарлаг аав унтлагын ор руугаа гэнэт үсэрч, эхнэр, нярай хүүгээ тэвэрчээ. Азаар энэ гэр бүл эсэн мэнд үлдсэн бөгөөд унтлагын өрөөндөө камер байрлуулсан байсан гэнэ.

Одоогоор аврагчид барилгын нурангид дарагдсан хүмүүсийг гаргаж авахын төлөө хичээн ажиллаж байна. Тус улс нийтийн тээврийн үйлчилгээ, зам тээврийн аюулгүй байдлаараа дэлхийд дээгүүрт ордог ч барилгын стандартыг хатуу мөрдөх шаардлага тулгарсныг газар хөдлөлт харууллаа. Гамшгийн улмаас эмнэлэг, зочид буудал, орон сууцны зориулалт бүхий таван барилгад нуралт үүсч, хазайсан юм. Улс даяар нийт найман хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж бэртээд байна.

Зочид буудал, орон сууцны барилга

Эмнэлгийн барилга

Өмнө нь 2016 онд Тайванийн баруун хэсэгт орших Тайнань хотод газар хөдлөхөд орон сууцны барилга нурж, 117 хүн нас баржээ. Энэ хэргийг мөрдөж байсан прокурорууд нь барилгын даацын стандарт зөрчигдсөнийг тогтоож, таван хүнийг хорьсон юм.

Б.Мөнхтуяа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу