НӨАТ-ын азтанд 20 хоногийн дотор хонжворыг шилжүүлж байгаа

НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлснээс хойш ebarimt сугалааны тохирол нийт 14 удаа явагдсан ба өнөөдрийн байдлаар 53 мянга 838 азтан 2.2 тэрбум төгрөгийн хонжвор авсан талаар өнөөдөр Татварын ерөнхий газар (ТЕГ)-аас мэдээлэв.

Өнөөдөр тус байгууллага өнгөрсөн сарын 21-нд явагдсан тохирлоор тус бүр 4 сая төгрөг хожсон 4 азтанд батламж гардуулсан юм. Уг тохиролд долдугаар сарын 1-31-ний хооронд бүртгүүлсэн бүх баримт хамрагдсан бөгөөд 6813 азтан тодорсон. Үүнээс 20 мянган төгрөгийг 6157, 100 мянган төгрөгийг 594, 500 мянган төгрөгийг 58, 4 сая төгрөгийг 4 хүн  хожсон байна.

Батламж гардуулах үеэр ТЕГ-ын Мэдээллийн технологийн төвийн дарга Р.Отгонтулга, “Ebarimt.mn-д бүртгэлтэй хэрэглэгчийн тоо 819 мянган хүн болсон. Иргэдийн идэвх улам нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар иргэд 20.7 тэрбум төгрөгийн хоёр хувийн буцаан олголт авах боломжтой болсон байна. НӨАТ-ын хуулиар 2017 оны нэгдүгээр улиралд багтааж, иргэдийн 2 хувийн буцаан олголтыг өгнө. Мөн 2.2 тэрбум төгрөгийг иргэд сугалааны хонжвор хэлбэрээр аваад байна. Сугалаанд хожсоноос хойш 20 хоногийн дотор бүртгүүлсэн данс руу мөнгийг шилжүүлэх журамтай. Энэ журмын дагуу иргэд мөнгөө авч байгаа” хэмээв.

Мөн үеэр ТЕГ-ын  Мэдээллийн технологийн төвөөс азтан болсон иргэдэд дараах зөвлөгөөг хүргүүлэв.

- Өөрийн эзэмшдэг банкны дансны дугаараа бүртгүүлэх / хамтран эзэмшигчгүй /
-Хувийн мэдээллээ сайтар нягтлах Үүнд:  Овог нэрийн байрыг сольж бичихгүй байх үг үсгийн алдаагүй бичих / 1 үсэг зөрвөл таны хонжвор шилжихгүй/
- Регистрийн дугаарын эхний хоёр үсгийг кириллээр бичих
-Та азтан болсноо мэдсэн даруйдаа хүсэлтээ баталгаажуулбал таны хонжворын мөнгө ажлын 20 хоногийн дотор шилжинэ.
Эх сурвалж www.wikimon.mn

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу