АТГ-ын дарга Х.Энхжаргалд “Тэргүүн комиссар” зэрэг дэв олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Авлигатай тэмцэх газрын дарга Хүрэлсүхийн Энхжаргалд “Тэргүүн комиссар” зэрэг дэв олгов.

Зарлигт

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын 2007 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх газрын албан хаагчид зэрэг дэв, нэмэгдэл олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг үндэслэн Авлигатай тэмцэх газрын дарга Хүрэлсүхийн Энхжаргалд “Тэргүүн комиссар” зэрэг дэв олгосугай” хэмээжээ.

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид зэрэг дэв, нэмэгдэл олгох журмын дагуу “Тэргүүн комиссар” зэрэг дэвийг Авлигатай тэмцэх газрын санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч олгодог.

Уг журмын 2.4-т заасны дагуу “Тэргүүн комиссар” зэрэг дэвийг албан тушаалд томилогдсоноос нь хойш 45 хоногийн дотор олгох ёстой юм. 

Тэргүүн комиссарын зэрэг дэвийн нэмэгдлийг түүний албан тушаалын үндсэн цалингаас 35 хувиар нэмж олгох журамтай байна. Нэмэгдлийг зэрэг дэв олгосон шийдвэр гарсан өдрөөс эхлэн сар бүр олгоно.

Төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан хүнд Тэргүүн комиссар зэрэг дэвийг олгодог ажээ.

Х.ЭНХЖАРГАЛЫН ТОВЧ НАМТАР

Х.Энхжаргал нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн.

  • 1972-1982 онд ерөнхий боловсролын сургууль,
  • 1982-1987 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр,
  • 1995-1996 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн. Хууль эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан.
  • 1987-1992 онд Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч,
  • 1992-1996 онд Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч,
  • 1996-2008 онд Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга,
  • 2008 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга,
  • 2008-2012 онд Замын цагдаагийн газрын дарга,
  • 2015-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар тус тус ажиллаж байсан.
  • 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын 7 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдон ажиллаж байна.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу