Гурав дахь өдрийн АЛДАЛГҮЙ үзэх ёстой таван төрөл

Олимпийн наадмын 3 дахь өдөр олимпизмийн хөдөлгөөний түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдлуудаар дүүрэн болж өнгөрөх гэж байна.

 

Регбигийн төрлөөр анхны олимпийн аваргууд тодорч, Америкийг төлөөлсөн анхны муслим шашинтай, хижаб зүүсэн тамирчин тулаанаа хийх гэж байна.

Бид та бүхэнд энэ өдрийн алдаж болохгүй онцлох 5 төрлийг танилцуулж байна. Мэдээж үүнээс гадна Монголын баг тамирчид маань бокс, жүдо, байт харвааны төрөлд хүч сорих билээ. 

Энэ жилээс эхлэн олимпийн их гэр бүлийн гишүүн болсон 2 төрлийн нэг болох регбигийн спортын анхны олимпийн медальтнуудын нэр өнөөдөр тодорно. “Регби долоо” буюу долоон хүний бүрэлдэхүүнтэй талбайд тоглодог энэ төрлийн хувьд эмэгтэйчүүдийн хагас шигшээд өрсөлдөх 4 багийн нэр тодорхой болоод байна.

Урьдчилан таамаглаж байсанчлан дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд нийлбэр дүнгээр 4 байр эзэлсэн багууд хагас шигшээд үлдсэн.

Хэсгийн шатнаасаа бөмбөгний зөрүү 109:12 гэсэн тасархай үзүүлэлттэй гарч ирсэн Шинэ Зеландын баг Их Британитай, харин Дэлхийн аварга Австралийн баг Канадтай тоглох хуваарьтай байгаа.

Харин медалийн төлөөх тоглолтууд УБ-ын цагаар өглөөний 6:30 минутаас эхэлнэ. Тун хурдтай хэмнэлтэй, сонирхолтой өрнөдөг, анх удаа үзсэн ч огтхон ч уйдаахгүй хэмээн амлаж чадах регбигийн түүх бичигдэх мөчийн гэрч болоорой.

СПОРТЫН ГИМНАСТИК

Францын тамирчин Самир Айт Сайдын хөлөө хугалсан “аймшигтай” дүр зураг спортын гимнастикийн төрлийн урьдчилсан шатны онцлох үйл явдал байсан.

Тэгвэл энэ удаад финалын тулаанууд илүү өрсөлдөөн дүүрэн болох шинжтэй байна. Сүүлийн 2 олимпод давамгайлж буй Хятадын баг урьдчилсан шатыг тэргүүлж, АНУ-ын баг удаах байрт бичигдэж байгаа.

Гимнастикийн их гүрэн ОХУ, дэлхийн аваргад багийн дүнгээр тэргүүлсэн, өнөө цагийн хамгийн шилдэг гимнастикч гэгдэж буй Кохэй Учимура тэргүүтэй Японы баг ч тэдэнтэй хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ. Хувийн дүнгээр үнэмлэхүй аварга болж, дэлхийн аваргаас 10 алтыг авчихаад байгаа түүнийг фенүүд нь яагаад “супермен” гэж нэрлэдгийн учрыг өнөөдрийн үзүүлбэрүүдээс нь үзээрэй. 

САГСАН БӨМБӨГ

Олимпийн наадмын хамгийн гол чимгүүдийн нэг болсон АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг 2 дахь тоглолтоо өнөөдөр хийнэ.

Эхний тоглолтоо Хятадын багтай хийж, 119:62-ийн харьцаатайгаар бут ниргэсэн тэдний өрсөлдөгч нь энэ удаад Венесуэлийн шигшээ байх болно. 1972 оноос хойш анх удаа олимпийн наадамд оролцох эрхээ авахдаа Америкийн АШТ-ий финалд гол фаворит Аргентиныг хожиж, түрүүлсэн нь Венесуэлийг олон хүн сонирхоход хүргэсэн юм.

Мэдээж хожих өндөр магадлалтай баг нь Америк байх ч үзэгчдийг шуугиулсан, догдлуулсан ямар тоглолт гаргах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа нь гарцаагүй. Тоглолт УБ-ын цагаар өглөөний 7 цагт эхлэх учиртай.

Өнөөдөр үүнээс гадна энэ хэсгийн Австрали-Серби, Хятад-Францын багуудын тоглолт явагдана.Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд 1992 оны олимпоос хүрэл авснаасаа хойш 42 тоглолт дараалан ялагдаагүй байгаа АНУ-ын баг Испаний шигшээтэй тоглох ажээ.

ТУЯЛЗУУР СЭЛЭМ

Олимпийн наадмын үзэхэд хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн сабре буюу илд сэлэмний төрлийн аваргууд өнөөдөр тодорно. 1896 оны анхны олимпоос хойш хөтөлбөрт тогтмол багтаж буй туялзуур сэлэмний төрөлд 47 орны 246 шилдэг тамирчин өрсөлдөж байгаа.

Цэнхэр, улаан, ногоон болон шар өнгийн дэвжээн дээр явагдаж буй фенсингийн төрлийн энэ өдрийн гол анхаарал татаж буй мэдээ нь Америкийг төлөөлөн анх удаа муслим шашинтай бүсгүйчүүдийн зүүдэг хижаб толгойн алчууртай тамирчин өрсөлдөх болсон нь юм.

Олимпизмийн хөдөлгөөний хувьд маш чухал үйл явдалд тооцогдох энэ түүхэн мөчийн эзэн нь энэ жил 30 настай Ибтихаж Мухаммад бөгөөд 2014 оны ДАШТ-д багийн төрлөөр түрүүлж байсан нэгэн билээ. Лондонд 3 алт, нийт  7 медаль хүртсэн Италичууд фенсингийн гол фаворитад нэрлэгдэж байна. Сабрегийн төрлийн тулаанууд УБ-ын цагаар 22:00 цагаас эхэлнэ.  

УСАНД СЭЛЭЛТ

400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд рекорд эвдэж, анхны алтаа авсан АНУ-ын залуу од Кэйти Ледеки 200 метрийн төрөлд хүч сорино. Гэхдээ богино зайд түүнд өрсөлдөгч хавьгүй олон бий.

Дэлхийн аварга цолыг эзэмшигч, 100 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлд түрүүлсэн Шведийн Сара Сиостром болон 2012 оны гол сенсаци Мисси Франклин, 2008 оны олимпийн аварга Италийн Федерика Пеллегрини нарыг нэрлэж болно.

Эрэгтэйчүүдийн 200 метрт ч үүнээс илүү ширүүн өрсөлдөөн өрнөх боломжтой. Учир нь энд сүүлийн жилүүдэд дархлагдсан тамирчин гарч ирэхгүй л байгаа юм. 2012 оны олимпийн аварга Францын Я.Агнел, 2015 оны дэлхийн аварга Жэймс Гай нар гол өрсөлдөөн үзүүлэх төлөвтэй. Энэ өдөр нийт 3 төрөлд аваргууд тодорно.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу