ЭХНЭРЭЭ ХАЯЖ, ТӨРСӨН ОХИНТОЙГОО ГЭРЛЭН ХҮҮХЭДТЭЙ БОЛЖЭЭ

АНУ-ын иргэн, 42 настай Стивен Пладл өөрийн төрсөн охин 20 настай Кэйттэй гэрлэсэн жигшүүрт хэрэг олон нийтэд ил болжээ. Стивен, Кэйт нар хамт амьдрах хугацаандаа хүүтэй болсон нь энэ хэргийг улам төвөгтэй болгож байна.

Стивений гэр бүл 1998 онд Кэйтийг дөнгөж төрмөгц нь айлд үрчлүүлснээс энэ бүх хэрэг эхэлжээ. Кэйт 18 нас хүрмэгцээ төрсөн эцэг, эхээ нийгмийн сүлжээгээр хайж эхэлсэн байна. Үүний үр дүнд төрсөн эцэг, эх нь Виржиния мужийн нийслэл Ричмондод амьдардгийг мэдээд очиж уулзсан ажээ. Энэ үед Кэйт хоёр дүүтэй болсноо мэдээд аз жаргалтай байсан гэнэ. Гэвч удалгүй, Стивен эхнэрээсээ салж, Кэйттэй амьдрах болжээ.

Тэд энэ үйлдэлдээ огт санаа зовсон шинжгүй байгаа бөгөөд Кэйт өөрийн Фэйсбүүк хуудастаа хүүгийнхээ зургийг оруулж, “Энэ бол ерөөсөө ч сонин зүйл биш. Зүгээр л хайр” хэмээн бичжээ. Тэр ч бүү хэл, үнсэлцэж буй зургаа нийтэлсэн байна. Харин Стивен хоёр хүүхдэдээ Кэйтийг “хойд эх” гэж дуудахыг сануулсан гэнэ.

Шүүхээс үүнийг ойр төрлийнхний хурьцал буюу байж боломгүй гэмт хэрэг хэмээн үзэж, мөрдөн байцаалт явуулж байна. Дээрээс нь, гэр бүл үймүүлсэн хэрэгт холбогдож болзошгүй ажээ. Одоогоор Стивенийг 1 сая долларын батламжаар түр сулласан бол Кэйт хоригдсон хэвээр байна. Виржиния мужийн хуулиар энэ нь хамгийн ноцтой таван гэмт хэргийн нэгд тооцогдох бөгөөд 10-аас дээш жил хорих ялаар шийтгэдэг ажээ.

 Эх сурвалж: www.mirror.co.uk

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу