ТӨРИЙН ЗАЛГАМЖ ЧАНАР ХААЧИВ

Нийслэлийн удирдлагуудын хийж байгаа ажлыг хараад өөрийн эрхгүй ингэж бухимдаад байна. Төрийн залгамж чанар манайд үнэхээр алга. Ер нь ч байсан юм биш л дээ. Гэхдээ одоо жаахан ч болов залгамж чанартай ажилламаар байна

Тэр дундаа хотод. Улаанбаатар хотын өмнөх удирдлагууд өнгөрсөн дөрвөн жилд яаж ажилласан билээ. Үлгэр жишээ л байсан. Яаж ажилладаг вэ гэдгийгээ харуулсан. Маш зөв бодлогуудыг хэрэгжүүлсэн. Мэдээж алдаа дутагдал байсан гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ оносон нь их. Улаанбаатарчууд эдүгээ тэр хэмжээнд хүрч, эсвэл илүү гарч ажиллахыг одоогийн удирдлагуудаас хүснэ, тийм шалгуур ч тавина.

Тиймээс л нийслэлийн удирдлагуудыг жаахан залгамж чанартай ажиллаач гээд байгаа юм. Хотын шинэ дарга ажлаа авснаас хойш ямар ажил хийв. Нэг шинэ санал, санаачилга гаргаж ажилласан бил үү. Үгүй шүү дээ. Харин ч ажлаа аваад л удалгүй гадаад руу яваад л, газар үзэж, галуу шувууны мах идээд л байж байна. Хийсэн хэдэн ажил, гаргасан шийдвэр нь өмнөх удирдлагуудаа үгүйсгэх. Хэрэгжүүлсэн бодлогуудыг нь эхнээс нь өөрчлөх л шив дээ. Хотын дэд төвийг Дэнжийн 1000 орчимд байгуулахаар боллоо ч гэж байх шиг. Өмнөх дөрвөн жилд Ханын материал орчимд хотын дэд төв байгуулахаар болоогүй бил үү. Хотын захиргааг тийш нь нүүлгэнэ гээд л. Том барилга барих гээд газрын асуудаыг нь зохицуулаад, барилгынхаа зураг, төсвийг хүртэл гаргаад тавьчихсан санагдах юм. Тэр бодлого хаашаа алга болчихов оо. Эсвэл хэд хэдэн дэд төвийг зэрэг байгуулах гээд байгаа юм уу.

Тэгвэл эхлээд Ханын материал орчимд хийхээр төлөвлөсөн ажлаа эхлүүлчихвэл яасан юм. Тийм биш бол зүгээр л өмнөх удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцэж “тоглож” байна гэдгээс өөрөөр харагдахгүй байна. Мөн өмнөх удирдлагууд баар, цэнгээний газар, караоке, пабыг өглөөний 04:00 цаг болтол ажилладаг болгосон. Тэглээ гээд муудсан юм алга л байна. Харин ч ахуйн хүрээний архидалт багасч, архи шаглагчид цөөрсөн.

Гэтэл хотын шинэ дарга энэ шийдвэрийг өөрчилж байх жишээтэй. Бүр 00:00 цаг болгож, өөрчилнө гэдгээ цахим ертөщөд зарласан. Одоохондоо арай ч тэгээд өөрчилчихөөгүй л байна. Ингэж цагаар тоглож ер нь яана аа. Бүр тэгэхээс тэгэх гэж, зөрөх гэж зөрж байгаа л санаа юм байлгүй дээ. Уг нь Улаанбаатарт энэ мэтээс өөр хийх ажил маш их. Толгойтын зам засварын ажиляав. Яст мэлхийн хурдтай л байна.

Дээрээс нь дахин төлөвлөлтийн ажлууд байгаа. Зогсоож болохгүй л ажил. Гэтэл одоо яав, бас л гацаанд орох шив. Гэр хорооллоос ховхорч, тохилог байранд орох хүсэлтэй олон иргэнд хэрэгтэй төсөл. Улаанбаатар хотыг утаанаас салгахад том хувь нэмэр оруулах ажил шүү дээ. Урагшаа ахидаггүй ээ. Ийм л байдалтай байна. Одоо удахгүй өвөл болж, Улаанбаатар хот маань Утаанбаатар болно. Энэ үед иргэд хотын дарга нараас утаанаас салгах төлөвлөгөөг чинь нэхэнэ шүү. Тэр үед хэлэх үгээ одооноос бэлдсэн нь дээр байлгүй. Эрхэм хотын дарга аа шинэ бодлого хэрэгжүүлж, иргэдэд хэрэгтэй ажил хийгээч дээ. Тэгэхгүй өмнөх нь хийсэн болгоныг үгүйсгэнэ гэвэл дөрвөн жил чинь хүрэлцэхгүй байх вий дээ.

Монголын мэдээ
О.Уянга

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу