ГАДААД ХУДАЛДААНЫ НЭГДСЭН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ ТАЛААР ЯРИЛЦЛАА

-Өнөөдөр “Export Mongolia-2018” форум “Corporate Hotel Event Hall”-д боллоо-

Манай улсын экспортыг нэмэгдүүлэхэд олон хүчин зүйл орно. Үүнийг нэг нь гадаад худалдааны нэгдсэн сүлжээ байгуулах явдал юм. Үүнийг хөндсөн “Export Mongolia-2018” форум өнөөдөр “Corporate Hotel Event Hall”-д боллоо.

Форумын гол зохион байгуулагч “Англо Фрейт” компани гадаад худалдааны сүлжээг байгуулах ажилд үлгэр жишээ болон оролцож байна. Эднийх АНУ-ын хэд хэдэн хотод агуулах байгуулж, олон улсын хүргэлт ложистикийн “FedEX”, “United States postal service” системд холбогдож Монголын компаниудыг дэлхийд гаргахад өөрийн хувь нэмрээ оруулж байгааг дээрх компанийн Ерөнхий захирал Д.Оюунбилэг танилцуулсан нь анхаарал татаж байв. Түүний хэлснээр өнөөдөр манай экспортлогч компаниуд олон улсын онлайн худалдааны сайтуудад бүтээгдэхүүнээ албан ёсны эрхтэйгээр худалдан борлуулах боломжтойг “сануулж” байв.

“Англо Фрейт” АНУ, Канад, Япон зэрэг оронд Монголын ААН-үүдээ оролцуулсан бизнес уулзалт зохион байгуулжээ. Энэ онд Францад хийх юм байна. Мөн гадаадад үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг байна. Тээвэр ложистикийн компанийн хувьд “Англо Фрейт” Монголын компаниудыг дэлхийтэй ийнхүү холбож өгч байна. Саяхан гэхэд эднийх цагаан сарын өмнө АНУ дахь монголчуудын “захиалга” болох 4 тонн хэвийн боов хүргээд байгаа аж.

Форумд “ТЕСО” корпорацийн Экспорт хариуцсн захирал Б.Мөнхжаргал “Монгол Улсын экспортын боломж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, “Хаадын гэр”, “Лидер Кашмер” зэрэг компанийн төлөөлөл үг хэлж экспортод гарч байгаа туршлагуудаа хуваалцсан нь сонирхолтой бөгөөд өгөөжтэй байв.

Дэлхийн банкнаас манай экспортлогчдыг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжиж байгааг  Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаяр форумын үеэр дуулгав.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу