БАЯН БАЙХААС АРГАГҮЙ МОНГОЛ УЛС ХЯМАРСНЫГ ГАДНЫХАН ГАЙХАЖ БАЙНА

Эдийн засгийн хямрал тартагтаа тулж, улс орон юу юугүй дампуурлын ирмэгт байгаа хэмээн сүүлийн хоёр сар орчим бид өдөр шөнөгүй эрх баригчдын амнаас сонсож, давхар хямарч байна. Тэд яг л тоть шиг энэ үгээ давтсаар хоёр сар өнгөрлөө. Харин энэ хооронд өнөөх “ногоон”-ы ханш нь тэнгэрт хадаж, ард түмэн нь инфляцид улам их дарлуулах болсон.

Манайхан энд дээр дооргүй эдийн засгаа хямарч, дээрдэхийн аргагүй болсон тухай ам уралдан ярьж байхад гандынхан яаж ч бодсон баян байхаас аргагүй Монгол яахараа хямардаг байна аа хэмээн гайхаж сууна цаана чинь. Тухайлбал саяхан Гонконгийн нэгэн сайтын нийтлэл дээр "Ийм улс яахаараа хямарчихдаг байна вэ?" гэсэн гарчигтай гайхширлыг илэрхийлсэн нийтлэл тавигджээ.

Юуны өмнө уг нийтлэлийн гарчиг дээр манай улсыг: Дорнод азийн "Дундад дорнод" хэмээн өргөмжлөн нэрлэжээ. Түүнд жагсаасан ашигт малтмалын асар их нөөцийг хараад Арабын шейхүүд ч нүд бүлтийн гайхаж мэдэхээр санагдсан шүү.Дээд тэнгэрийн хайр хишиг болох ийм их баялгийг эзэмшсэн ямар ч улс орон ядуу зүдүү амьдрах ямар ч үндэсгүй байж таарах талаар уг нийтлэлийн эхэнд онцлосон байна лээ.

Түүгээр үл барам газар нутаг өргөн уудам, хүн амын нягтрал хамгийн бага гэдгээрээ дэлхий дахины жагсаалтад тэргүүн байрыг эзлэдэг нь бас л нэг давуу тал юм гэнэ шүү. Уг нийтлэлийн сэтгүүлч жаахан хоржоонтой нөхөр байж мэдэх нь бичлэгийн ерөнхий өнгө аясаас харагдана лээ. "За энэ ч яах вэ." гэдэг үгийг мань сэтгүүлч бичсэнийхээ дараа "Монгол орны энэ мэт давуу нөхцлүүд нь дээр тоочсон төдийхнөөр дуусчихгүй бас жаран сая малтай байвал яахав?" хэмээн асуусан байгаа юм. Түүнийхээ үргэлжлэл болгон цаашаа хөврүүлэхдээ: Уншигч та бүхэн өнгөрсөн зууны эхэн үеийн "Аргентин улсын тухай яриад байна гэж битгий андуураарай. Үнэндээ миний яриад байгаа нь Монгол улс бөлгөө. Хэрвээ Монгол улс Аргентиний жишээ, сургамжийг дагаж чадсан бол бас нэгэн шинэ "Аргентин" болон хувирах алтан боломжийг тус орны зөвхөн хөдөө аж ахуй нь олгох боломжтой юм л даа." гэж бичсэн байх юм.

Гадаадын жирийн сэтгүүлчийн нүдэнд Монголын хөгжлийн нөөц бололцоо ийм гэгээлэг сайхнаар тусдаг байхад жинхэнэ төрийн томчууд нь манайхыг хараад үнэхээр л "Ийм сайхан орны цөөхөн ард түмнийг ийм муу амьдруулахад чамгүй ухаан орж таарна даа." хэмээн дуу алдсан тухай явган яриа байдаг нь бараг үнэн байх шүү.

Энэ нийтлэлийг уншиж дуусчихаад удаад нь Гонконгийн "Галт шувуу" телевизийн нэвтрүүлгийг харж байтал Ханжоуд болох их 20-ийн уулзалттай холбогдсон хэвлэлийн бага хурал дээр тус улсын ГЯЯ-ны дэд сайд, Ардын банкны дэд ерөнхийлөгч нар англи хэлээр чөлөөтэй сайхан ярьцгааж байгаа нь нүдэнд туслаа. Одоогоос гучин хэдэн жилийн өмнө Хятад улсад далтай улс төрч залуу хэмээн тооцогддог байсан юм шүү гээд ярьвал залуу уншигчид гайхах байх аа. Тэр үед л улсын удирдагчдыг залуужуулах, мэдлэгжүүлэх, гадаад хэлний мэдлэгтэй болгох гэх мэт шалгуур босго тавьж эхлэсний үр дүн нь зурагтаар харагдаж байгаа нь энэ юм л даа. Гэтэл манайд болохоор улс төрчийн шалгуур нь "Бөх барилддаг, морь уядаг, сур харвадаг хэн нэгэн том даргын хамаатан садан байх" гэж хуульчлахаас наагуур байх юм.

Баян байхгүй байхын үндэсгүй Монгол орон яахаараа хямарчихдаг байна вэ гэсэн гадны сэтгүүлчийн асуултын нууц нь чухам үүнд буюу бүр тодруулбал удирдлага тогтолцоонд байж мэдэх юм шүү.
Б.Сансар
эх сурвалж; olloo.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу