Үр дүнгүй уулзалт

-Нэг нь ирж ярихаас цаашгүй, нөгөөдүүл нь сонсохоос хэтрэхгүй, МҮХАҮТ нэг их ажил амжуулсан болж тардаг, нэг ёсны шоу-

Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын “Business breakfast” уулзалтад саяхан Ерөнхий сайд Ү.Хүрэлсүх оролцсон. Бараг сар бүр зохион байгуулдаг энэ уулзалтад төр, засгийн түшээд ээлж ээлжээрээ уригддаг гэж хэлж болно. Хэд хэдэн Засгийн газрын тэргүүний нүүр үзсэн. Гэвч нэг нь ирж ярихаас цаашгүй, нөгөөдүүл нь сонсохоос хэтрэхгүй, МҮХАҮТ нэг их ажил амжуулсан болж тардаг, нэг ёсны шоу болсон. Үр дүн гардаггүй уулзалт болоод байгааг олон хүн хэлж байна.

Саяын уулзалтад 300 шахам бизнес эрхлэгч оролцож, 30 хүн үг хэлж, 110 гаруй хүн санал бодлоо бичгээр өгсөн гэж байгаа. Гэвч баялаг бүтээгчдийн санал, байр суурийн төлөө явдаг нь үгүй, хэрэгжүүлдэг нь байхгүй. Үүнийг өмнөх уулзалтууд харуулна. Ээлжит уулзалтын дараа зарим бизнес эрхлэгчийн үгийг сонсвол:

-Бид яахав, Засгийн тэргүүн ирж байгаагийнх амьд үгийг нэг сонсчихьё гэж боддог. Нэгэнтээ манай төр, засгийнхны хийдэг ажил тусдаа ч шүү дээ. Сонгуулиар мөрийн хөтөлбөртөө сайхан сайхан амлачихаад засгийн эрхэнд гараад ирэхээрээ 180 хэм эргэчихдэг нь худал биш. Тиймээс бид сонсохоос цаашгүй. Уг нь энэ уулзалтын үр дүн гарах эсэх нь Танхимын хийх ажил. Араас нь хөөцөлдөх учиртай. Гэвч ингэж чаддаггүй. Хэдэн том компанийн хүлээсэнд орчихсон. Татвар нэмж байгаагийн эсрэг тэмцье гэхээр хөдөлдөггүй. Уг нь бол Танхим бидний эрх ашгийг хамгаалж бидний төлөө явах учиртай байгууллага боловч одоо өнгөрсөн.

-За энэ уулзалтанд Танхимын хэдэн гишүүн компани, мөн аль нэг намыг дагаж бизнес нь цэцэглэдэг нөхдүүд л ирдэг байх. Нийт бизнес эрхлэгчдийн үгийг сонсож үйл ажилдаа тусгаж, ажил хэрэг болгодог нь юу л бол доо. Энэ талаар МҮХАҮТ юм хийхгүй байна. Дүлэгнэсээр байгаад одоо хамаг үйл ажиллагаагаа Улаанбаатар хотын Худалдааны Танхимд алдаад дуусч байх шиг.

Бизнес эрхлэгчид иймэрхүү санал бодолтой байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу