ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХАД НҮБ ХАМТРАН АЖИЛЛАДАГТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг өнөөдөр НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын Ази, Номхон Далайн бүсийн төвийн дарга Лоретта Хиебер-Жирардет-ыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд дэд сайд Б.Батцэцэг манай улс гамшгийн эрсдлийг бууруулах талбарт НҮБ-тай нягт хамтран ажилладаг ба энэ чиглэлээр тус байгууллагаас тууштай тусламж дэмжлэг үзүүлдэгт талархав.
Гамшгийн эрсдлийг бууруулах асуудал нь дэлхийн Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн чухал хэсэг тул манай улс энэ чиглэлээр дотооддоо анхаарах төдийгүй олон улс, бүс нутгийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг зорьдог. Үүний нэг тод илрэл нь энэ оны 7 дугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурал”-ыг зохион байгуулах гэж байгаа явдал бөгөөд энэ хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтад тус яамны зүгээс бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэдгийг дэд сайд Б.Батцэцэг цохон тэмдэглэв.
Бүсийн төвийн дарга Лоретта Хиебер-Жирардетын зүгээс НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын хамтын ажиллагаа, хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаад талархахын зэрэгцээ Монгол Улсын гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь бүс нутагтаа үлгэр дууриал болж байдгийг тэмдэглэв. Тэрээр мөн “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурал”-ын бэлтгэл ажилд Монгол Улсын төр, засгийн зүгээс өндөр ач холбогдол өгч байгаад талархал илэрхийлсэн байна. “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурал”-ын Удирдах зөвлөл, Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан маргааш Төрийн ордонд болох ажээ.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу