Гэр бүлийн хүчирхийллийн улмаас элэг бүтэн нэгэн айлын амьдрал “сүйрч” байна

-ЭХНЭРЭЭ АРХИ УУЛАА ХЭМЭЭН ТӨМӨР САВААР ЦОХИЖ, АМИЙГ НЬ БҮРЭЛГЭЖЭЭ-

2016 оны долдугаар сарын байдлаар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас долоон хүн амь насаа алджээ. Нийт 695 хүн гэмтэж бэртсэнээс 89.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Үүний зэрэгцээ энэхүү далд гэмт хэргийн улмаас олон гэр бүл салж сарнин, олон хүүхэд өнчрөн үлдэж буй харамсалтай мэдээлэл бий.

Өнгөрсөн долдугаар сард, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх эхнэрээ хөөөсөн Д.Н-д холбогдох хэргийг нээлттэй хэлэлцжээ. Гэр бүлийн хоёрын учир утгагүй архидалт, цаашлаад гэр бүлийн хүчирхийллийн улмаас энэ хэрэг үйлдэгдэж, нэг нь шоронд орж, нөгөө нь шороонд булуулж, хүүхдүүдээ бүлтэлзүүлэн үлдээсэн аж. Энэхүү харамсалтай хэргийн тухай иргэддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргье.

Иргэн Д.Н нь 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байх гэртээ “Хүүхдүүддээ хоол хийж өгсөнгүй, ажил хийж авчирсан мөнгөөр өдөржин архи ууж, агсам тавилаа” гэсэн шалтгааны улмаас эхнэр Ш.О-тойгоо маргалджээ. Улмаар шанаан тус газар нь гараараа цохиж унаган, толгойг нь төмөр саваар цохих зэргээр зодож, тархины битүү гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д.Н-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасангэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Д.Н нь Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, бүрэн бус дундболовсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, гуран хүүхдийн хамт амьдардаг байж. Тэрээр мэдүүлэхдээ “2016 оны дөрөвдүгээр сарын 28-нышөнө 01 цагийн үед намайг Сэлэнгэ аймгаас ирэхэд миний эхнэр согтуу байсан... Өөрөө хоол хийж идчихээд унтсан. Маргааш нь 9 цагийн үед босоход манай эхнэр бас архи уусан согтуу байсан. Би эхнэрээсээ тал шил архийг нь нэхэж байж гаргуулаад, хоёулаа хувааж уусан. Манай эхнэр 11 цагийн үед гадагшаа дэлгүүр гараад, 0.75 граммтай нэг шил архи авч ирсэн. Эхнэрийн авч ирсэн нэг шил архийг талд нь оруулаад ууж байхад манай эхнэр согтоод уначихаар ньтолгойг нь угааж унтуулаад, хоёр хүүхэддээ хоол хийж өгөөд 14 цагт ажилдаа явсан...

Би ажлынхаа хүмүүстэй 18 цагийн үед машины муфт шарик сольсон... Машины жолооч бид нарт хоёр том шар айраг авч өгөөд, бид хувааж уусан. Манай ажлын газрын У, Т нар намайг гэрийн гадна хүргэж өгсөн. Хүүхдүүдээ нөмрүүлэхээр дөрвөн ширхэг хөнжил аваад гэртээ ороход манай эхнэр согтуу, унтаж байсан хоёр хүүхэд сэрээд надаас хоол, боорцог нэхээд байсан.

Тэр үед манай эхнэр орноосоо босч ирсэн. Би эхнэртэйгээ өглөө нь гэртээ хувааж уусан тал шил архиа нуусан байснаа гаргаж ирээд “Чи хэдэн хүүхдэд хоол хийж өгөхгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Манай эхнэр архи уумаар байна гээд тал шил архиа нэхээд булаацалдаж, намайг чи хөдөө яваагүй заваарч байгаад ирсэн байна гээд надаас хэрүүл гуйсан. Тэгээд бид хоёр маргалдаж ноцолдож байгаад манай бага банди Зоригтбаатар руу манай эхнэр гутал аваад шидсэн. Тэр үед миний дотор давчдаад, цэвэрлэж байсан кострулаараа эхнэрийнхээ толгойд нь цохисон, манай эхнэр толгойгоо бариад суусан” гэж мэдүүлжээ.

Хохирогчийг эмнэлэгт хүргэж, хагалгаа хийсэн боловч амийг нь аварч чадаагүй байна. Хохиргчийн хууль ёсны төлөөлөгч М хэлэхдээ, “Манай дүү айл хэсэж архи ууж явдаг байгаагүй. Шүүгдэгчийг хөдөө явсан хойгуур ах дүүгийнхээ гэрээр орсон байсан... Миний дүү шүүгдэгчтэй хамт амьдардаг болсноос хойш архи хэрэглэдэг болсон. Хэрвээ шүүгдэгч орон гэрээ сайхан авч явдаг бол миний дүү архи хэрэглэхгүй байсан... Миний дүү Д.Н-тай хамт амьдарснаас хойш их турж, их гутарсан. Д.Н нь миний дүүгээр архи, хоолоо орондоо зөөлгөдөг байсан. Талийгаачийн оршуулгын зардалд Д.Н-ын ар гэрээс 600.000 төгрөг өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй. 10 жилээс доош жил хорих ял оногдуулвал гомдолтой” гэжээ.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу “1) Гавал тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулайн эдийн няцрал, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, гавлын шар хальс, хуйханд цус хуралт, шархтай. 2) Тархины хаван, дарагдал, зөөлрөл үхжил.3) Нүүр мөчдөд цус хуралт зулгаралт, уруулд няцарсан шархтай” гэж гарчээ.

Шүүх Д.Н нь хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15 жилийн хорих ялаар шийтгэж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Дээрх гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Н-ын хүүхдүүдийн асрамж халамжийн асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу