РИО 2016: Монголын багийн өнөөдрийн хуваарь

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам үргэлжилж байна. Дүрвэгсдийн багтай нийлэн 207 орны 11 мянган тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

17 өдөр үргэлжлэн явагдах олимпийн наадмын төрлүүд эхнээсээ явагдаж байна. Одоогоор медалийн тоогоор БНХАУ 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж эхэлсэн бол Австрали /3+0+2/, Итали /2+3+2/, БНСУ /2+2+1/, Унгар /2+0+0/, АНУ /1+5+1/, ОХУ /1+2+2/ удаалж байна. Япон, Тайвань, Тайланд, Вьетнам нэг алтан медаль авсан бол БНАСАУ нэг мөнгө, Казахстан 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ. 28 орон ямар нэгэн медаль хүртээд байна.

Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр Монголын багаас дараах тамирчид тэмцээнтэй.

БОКС:

49 кг: Г.Ган-Эрдэнэ шөвгийн наймын тулаанаа Эквадорын Карлос Кипотой хийнэ. Манай тамирчин эхний тойрогт хийлж, шууд шөвгийн 16-д үлдсэн юм. Эквадорын тамирчин мөн эхний даваанд хийлсэн байна.

БАЙТ ХАРВАА:

Байт харвааны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн урьдчилсан харваа олимпийн наадмын нээлтийн өдөр буюу наймдугаар сарын 5-ны өдөр болсон. Өчигдөр багийн харваа болж, медальтнууд тодорсон. БНСУ-ын эрэгтэй, эмэгтэй багууд аваргын алтан медалийг алдаагүй бол АНУ-ын эрэгтэй, ОХУ-ын эмэгтэй баг мөнгө, Авралийн эрчүүд, Тайваны эмэгтэйчүүд хүрэл дээр буужээ.

Тэгвэл өнөөдрөөс ганцаарчилсан төрлийн хасагдах шат эхэлнэ. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн урьдчилсан харваанд 64 тамирчин оролцсон. Хоёр дахь олимпийн наадамд өрсөлдөж буй ОУХМ Ж.Гантөгс урьдчилсан харваанд 664 оноогоор 24-р байранд орсон. Тэрбээр өнөөдөр Тайландын В.Тамвонгтай харвана. Тайландын тамирчин урьдчилсан харваанд 655 оноогоор 41-р байранд оржээ.

ЖҮДО БӨХ:

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Г.Одбаяр, Д.Сумъяа нар өрсөлдөнө.

73 кг-д 35 бөх барилдана. Г.Одбаяр "D" хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт хийлсэн. Тэрбээр дараагийн тойрогт Египетийн бөх Мохамед Монюлдинтэй барилдах юм. Египетийн бөх мөн эхний тойрогт хийлжээ.

57 кг-д 23 бөх барилдана. Д.Сумъяа "А" хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд эхний тойрогтоо хийлжээ. Тэрээр Нидерланд, Сенегалын бөхчүүдийн ялсантай нь барилдана.

Өнөөдрийн тэмцээн Улаанбаатар цагаар 21.00 цагаас эхэлнэ. Жүдо бөхийн шигшээ тэмцээн шөнийн 03.30 цагаас болно. Олимпийн наадмын тоглолтуудыг МҮОНТ шууд дамжуулан үзүүлж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу