ШАТАХУУНЫ ҮНИЙН АСУУДЛААР ЭДИЙН ЗАСАГЧИД ЗӨВЛӨЛДӨВ

Нефть импортлогчид шатахууны үнээ литр тутамд нь 250-300 төгрөгөөр өсгөхөөс аргагүй нөхцөл байдал үүссэн талаар Засгийн газарт мэдэгдэл хүргүүлсэн бол “Экономик Тинк Танк” эдийн засагчдын клубын гишүүд өчигдөр  2018.01.12/ шатахууны үнийн асуудлаар хэлэлцүүлэг хийлээ       

Дэлхийн зах зээлд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нефтийн үнэ 2 дахин өссөн бол Монгол Улсын Засгийн газар нефтийн бүтээгдэхүүнд ногдуулж ирсэн Онцгой албан татвар (ОАТ)-аа 2017 оны долоо, арваннэгдүгээр сард тус бүр нэмжээ. Мөн Засгийн газар Олон улсын валютын сантай хөтөлбөр тохирсон тул шатахуунд ногдуулдаг ОАТ-аа дахин өсгөх асуудал ярьж эхэлсэн байна. Нефтийн үнэ өсөх нь импортлогч нарын зардлыг ч өсгөдөг сөрөг талтай аж. Одоогийн байдлаар импортлогчид борлуулж байгаа шатахууныхаа 1 литр тутмаас дунджаар 250 төгрөгийн алдагдал хүлээх болжээ.

Энэ асуудлыг хэрхэн шийдэх боломжтой талаар эдийн засагч С.Дэмбэрэл, А.Батпүрэв нараас тодрууллаа.

С.ДЭМБЭРЭЛ: ЗАСГИЙН ГАЗАР ЦАГ АЛДАЛГҮЙ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙ

-Нефть импортлогчид шатахууныхаа үнийг литр тутамд нь 250-300 төгрөгөөр өсгөхөөс аргагүй гэдэг байр суурь илэрхийлээд байна. Энэ нь хэр бодитой тооцоолол вэ. Засгийн газарт нефтийн үнийг тогтвортой барих бололцоо бий юу?

-Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөн, Засгийн газар нефтийн бүтээгдэхүүнд ногдуулдаг ОАТ-аа өсгөсөн зэрэг нь нефть импортлогчдын хувьд үнээ өсгөхөөс аргагүй бодитой шалтгаануудыг үүсгэсэн.

Засгийн газар нефть импортлогчдыг “Үнээ нэмж болохгүй, хүлээж бай” гээд арга хэмжээ авахгүй хүлээлгээд байвал нефтийн хомсдол үүснэ, нефть импортлогч компаниуд дампуурах ч эрсдэлтэй. Тэгэхээр Засгийн газар цаг алдалгүй арга хэмжээ авах ёстой. Нэг бол нефть импортлогчдод үнээ нэмэх бололцоог нь олго. Нефтийн үнийг төрөл тус бүр дээр нь шууд литр тутамд нь 250-300 төгрөгөөр өсгөх нь эдийн засагт сөрөг нөлөөтэй учраас үе шаттайгаар нэмж болно. Эс бол Засгийн газар нефтийн бүтээгдэхүүнд ногдуулсан ОАТ-аа бууруулах арга хэмжээ авч болно.

Ер нь бол Засгийн газарт төсвийн орлого чухал юм уу, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх нь чухал юм уу. Цаг алдалгүй зохицуулалт хийх шаардлагатай.

А.БАТПҮРЭВ:НЕФТЬ ИМПОРТЛОГЧДЫН АЛДАГДАЛ ЭЦЭСТЭЭ ТУЛААД БАЙГАА

-Нефть импортлогчид шатахууны зардал өссөн учраас үнээ өсгөхөөс аргагүй болсон, алдагдал ч асар их боллоо гэдэг асуудлыг тавьж байгаа. Тодорхой тооцоо судалгаа байна уу?

-Шатахууны үнэ нэмэгдэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн гэдгийг хаа, хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой.

Сүүлийн хоёр жилд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ байнга өссөөр ирлээ. Нефтийн үнэ баррель нь 30 ам.доллараас 60 ам. доллар болж өссөн байдаг.

Сүүлийн гурван сарын хугацаанд ОХУ-аас худалдан авч байгаа нефтийн үнэ 30 хувиар өссөн.

Засгийн газар 2017 оны долоо, арваннэгдүгээр сард ОАТ-ыг хоёр удаа нэмсэн.

Үүнээс болж АИ-92 авто бензины зардал 1 литр тутамд 180 төгрөг, ДТ 1 литр тутамд 210 төгрөгийн татварын зардал шинээр бий болгосон.

Нефть импортлогчид энэ асуудлаа Засгийн газарт өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн тавьж ирсэн байдаг юм билээ. Харин Засгийн газар “2017 оныг дуустал нефтийн бүтээгдэхүүний үнээ барьж бай, зохицуулалт хийнэ” гэж хэлээд өнөөг хүргэсэн.  Одоо бол компаниудын хүлээж болох алдагдлын хэмжээ эцэстээ тулаад байгаа.

Тэгэхээр Засгийн газар нефтийн бүтээгдэхүүнд ногдуулдаг ОАТ-ыг нэгэнтээ нэмсэн нөхцөлд импортлогчдод үнээ нэмэх зөвшөөрлийг нь өгөх, үгүй бол төрийн зүгээс ОАТ-аа эргэж харж бууруулах зохицуулалт хийхээс өөр аргагүй.

Тодорхойгүй байдал энэ хэвээр үргэлжлэх юм бол удахгүй шатахуун тасрах аюул тулгарна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу