“Оюу толгой”-н борлуулалтын орлого 22 хувиар буурчээ

“Оюу толгой” компани хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцуулав. 2016 оны эхний зургаан сард “Оюу толгой” компани аюулгүй ажиллагааны амжилтаа бататгаж, 200.000 цагт ногдох гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.13 болж буурсан байна. Мөн хугацаанд “Жэкобс Инженеринг Групп”-тэй гүний уурхайн бүтээн байгуулалтын инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт, менежментийн гэрээ байгуулжээ.

Хоёр, 5 дугаар босоо амны нэвтрэлт, гүний уурхайн бүтээн байгуулалт, барилга угсралт, засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх гэрээт компаниуд уурхайн талбар руу хүн хүч, материал техникээ зөөвөрлөх ажил үргэлжилж байгаа аж.

Хоёрдугаар улиралд тус компани 329.7 сая ам.долларын борлуулалтын орлого олсон нь өмнөх улирлаас 22 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь алтны борлуулалт багассантай голчлон холбоотой юм байна. 2016 оны 2 дугаар улиралд баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ улирлын дүнгээр өдөрт дунджаар 105.000 орчим тонн байсан нь өмнөх улирлын дүнтэй дүйцжээ.

Зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлаас 10.3 хувиар буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга тус тус буурч, 6 дугаар үе шатны олборлолтын металл авалт доогуур байсантай холбоотой аж.

Тооцоолж байсанчлан, баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 52 хувь буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх алтны агуулга буурснаас мөн шалтгаалжээ. Энэ улиралд борлуулсан баяжмалын хэмжээ өмнөх улирлаас 6.7 хувиар өссөн дүнтэй гарсан байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу