Утаа багасгах технологи нэвтрүүлэхээр санал солилцов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Нгүен Твин болон Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Азийн бүсийн хотуудын хөтөлбөрийг хариуцсан ахлах Жессэ Анг нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлж, ногоон технологийг нэвтрүүлэх талаар санал солилцлоо.

Олон Улсын санхүүгийн байгууллага нь Дэлхийн банкны гишүүн байгууллага бөгөөд төр хувийн хэвшлийн түншлэл рүү чиглэсэн үйл ажиллагааг голчлон явуулдаг юм байна. Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Нгүен Твин хэлэхдээ “Хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх замаар ажлын байр бий болгох зэрэгт техник туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах сонирхолтой байна. Мөн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэхэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх боломжтой” гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд,  Улаанбаатар хот ногоон хот болих зорилт тавин ажиллаж байна. Тиймээс дэд бүтэц, ус, цахилгаан, дулааны хэмнэлттэй ногоон технологи ашиглах, эрчим хүч хэмнэх зэрэг төслүүд дээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байгаад таатай байна. Монгол улсын санхүү эдийн засгийн байдал хүнд байгаа учраас нөөц бололцоогоо зөв ашиглах, төсвийн зардлыг, бууруулах зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс төр хувийн хэвшлийн түншлэл рүү чиглэсэн төсөл хөтөлбөрт илүү төвлөрөн ажиллаж хэрэгтэй. Энэ чиг үүргийг хариуцдаг Улаанбаатар хотын Хөгжлийн корпорацитай хамтран ажиллах боломжтой” гэв. Мөн гэр хорооллын иргэдийг өртөг багатай орон сууцаар хангах, утаа, хүлэмжийн хийг бууруулах технолгийн шийдлийг нэвтрүүлэх, аж үйлдвэрийн парк, логистикийн нэгдсэн төв байгуулах зэрэг төслүүд дээр хамтран ажиллахад бэлэн байна гэжээ. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу