Зардал уу? Зарлага уу?

УИХ-ын ээлжит бус Чуулганаар тѳсвийн тодотгол гээч зохиомол, сайн сценаардсан том жүжиг тоглолоо. Оролцон тоглогчдын яаж жүжиглэхийг анхааралтай ажиглаж, нийгэм зүйн талаас нь шинжилгээ хийж үзэв. Шинэ гишүүд, А-гаа ч мэдэхгүй анхны сурагчид, хэлэлцэж байгаа асуудлыхаа ч учир утгыг олж байгаа юм алга, намын хѳтѳлбѳр гээ л баахан дультраадхы нь хараад инээд хүрч суув, зарим нь ч бүүр ААН, жижигхээн фирмын эдийн засагчийн амнаас ч гарахааргүй юм ярьж жулдрайтав. За нэг..гэснээ хаанаас ч авсан юм, их том тоо хэлнэ, түүнийхээ араас Найман шаргын валютийн ченжээс ч дор, ѳчүүхэн юм ярьж түгдчинэ, инээдтэй. Үзэл баримтлал уралдуулна гэж гарч ирж сонгогдсон эрхэм гишүүд, индекстерм ( улс тѳрчдийн заавал мэдэх шаардлагатай түлхүүр үг)-ийн ч тѳвшингийн мэдлэггүй, сонгуулийхаа хагас солиорлоосоо ч гарч амжаагүй байгаа нь амархан мэдрэгдэв. Хуучин гишүүд буурилхаж, зарим нь хичээл заалаа. МАН-ын зарим сэтгэлгээ гайгүйтэй гэх гишүүд, тѳсѳв хэлэлцэх үе хаяанд ирчихээд байхад тѳсвийн тодотгол хийх гээд байгаагийн учрыг лавлан асууж байгаа харагдав, байны 10-т онолоо гэсэн үг. Цѳѳхүүлээ ч гэсэн хаа ч очиж АН-ын гишүүд ёстой шаг хийсэн юм ярьцгааж, шаггүй сѳрнѳ шүү гэдгээ хэлчих шиг боллоо. Эдийн засгийн судалгаа, системийн анализ, суурь бүтцийн судалгаа ( коньюнктур) нэхэж сандаргав. МАН, ЗГ бүрэлдээд 2-хон сар ч болоогүй байна гэдгийг олон давтаж хариулав. Цаг хугацааны фактор нь үндэслэлгүй хууль гаргахыг зѳвтгѳх аргумент болж чадахгүй л дээ, уг нь. АНчид, бид буруутай, тэрийгээ хүлээн зѳвшѳѳрч байгаа, тэхэд та нар...гээ л авцгааж байна, сүрхий тактик. АН эрх барих 4 жилд, Улсын эдийн засаг унасан, улс орноо сүйрлийн ирмэгт аваачсан гэдгийг ард олноороо мэдэж байгаад сонголт хийсэн, АН-ыхан ч тодорхой хүрээнд тэрийгээ хүлээн зѳвшѳѳрѳѳ л байгаа биз дээ! Гэтэл, бүх л муу, муухай бүхнийг АН-руу чихэж, ерѳѳсѳѳ л улс тѳрийн хэвшлээр нь буруутгаж байгаа нь шуудхан хэлэхэд таатай санагдсангүй, бас л ямар нэг заль, маневр яваад байгаа юм бол уу? гэсэн бѳѳн хардлага тѳрүүлэхээр байна. 

Эдийн засгийн хѳгжлийн хурд унасан учир шалтгааныг, эдийн засагчид, судлаачид хэлдэг бичдэг, гэхдээ тэдний үгийг тоож тусгаж авахаасаа гүйлгэж уншаад ѳнгѳрѳх нь ихэнхдээ. Энд нийтлэлчдийн буруу ч бас байгаа, процесс үзэгдлийг агуулга талаас нь хандаж, ерѳнхийлѳн тайлбарлаад харин механизмыг нь орхигдуулж ирсээн гэвэл үнэнд ойртоно. Миний хувьд бас л агуулга, ерѳнхийд онцгой анхаарал хандуулаад байснаас нэг ч гэсэн асуудлыг мэргэжлийн талаас нь хандаад, механизм нь буруу байна, зѳв нь энээ гээд хэлчихсэн нийтлэл тийм олон бил үү гэж бодогдоход хүрэв. Жишээлээд, энэ дуулиан шуугиан болоод байгаа таналтын асуудлыг аваад үзье л дээ. ТАНАЛТ ерѳнхий агуулгаараа зѳв, гэхдээ хэнээс яаж танах гээд байгаа механизм нь буруу тавигдчихаар нѳгѳѳ танах нь зѳвѳѳ гээд байсан ард түмэн эргэчихэж байна, энэ тухайд л ухаж тѳнхѳж байгаад улайтал бичих ёстой ч юм шиг. Энэ далимд, хоосон шүүмжлэхээ зогсооё!, нүцгэн үнэнийг хэлж байя!, ерѳнхий агуулга ярихаа хойш тавиад, арга механизм ярьцгаая, нэг үгээр бол хандлагаа ѳрчилцгѳѳе! гэж судлаачид, нийтлэлчдэд хандан уриалж байна. Сошиал ертѳнц, ФБ талбарт нилээд суулаа, ( Ish Tseren профиль) олон сэдвээр үнэтэй санаанууд олж авлаа. Ядаж л санасан бодсоноо бичихэд ѳѳдѳѳс элдвээр доромжлоод явчихгүй аятайхан талбар байдаг юм байна, хүртээмж ч сайтай бололтой юм.

 

Хэмнэлтийн горим

 

Энэ бол тѳрѳѳс явуулж байгаа доголон механизм. Эдийн засгийн аливаа үр ашиг нь орлого, зарлага гэсэн 2 талтай байдаг, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж, зардлыг хэмнэж профит ( profit-орлого зарлагын зѳрүү, сонгодог эдийн засгийн нэр томъёо) үүсгэнэ гэсэн үг. Дурын балаанс аваад харчих, эрхэм гишүүд ээ! Хамгийн дээд талд ДЕБЕТ, КРЕДИТ гэсэн 2 үг байгаа биз. Эндээс асуулт! Тѳсѳв хэмнэнэ гээд яагаад ганцхан ЗАРДАЛ яриад ОРЛОГО ярихгүй байгаа юм бэ? Ашиг ѳхгүй, улс тѳрчдийн лоббидсон тѳслийн санхүүжилтийг яагаад хасахгүй байгаа юм бэ? Соёлын тѳв, хонтоорын засвар, дарга нарын нэрийг тахалсан, мѳнгѳ угаалгын үнэр сэнхийсэн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг тэвччихэж болноо доо, тэргүй бол хэсэг иргэд үхчих гээд байгаа юмуу? Ногоон хот гэдгээр хэдэн млрдыг дебетлэх шаардлага яг ѳнѳѳдѳр байгаа юу?, нийслэлчүүд хүчил тѳрѳгчѳѳр дутагдаад боож үхчих гээд байгаа юмуу? Хаалттай сэдэвт тооцогдохоор тэнд юу нуучихаад байгаа юм бэ? Энэ хэдэн асуултанд л мэргэжлийн хариулт ѳгчихѳд эрх баригчдаас явуулж байгаа хэмнэлтийн ерѳнхий бодлогын хүлээн зѳвшѳѳрч болшгүй буруу механизм илрээд гараад ирнэ. Механизмы нь буруу угсарчихаар тѳрийн бодлого хазгар, доголон болчихож байна. Хазгар механизмаар хурд тактикаа гүйцэлдүүлж чадах уу? ОРЛОГО талдаа ХУЛГАЙ, зарлага талдаа ТАНАЛТ хийгдсэн тахир дутуу механизм. Ганцхан жишээ хэлье! Дэд сайдын орон тоо, тѳрийн байгууллын тогтолцоонд оруулсан ѳѳрчлѳлт гээд улс тѳрѳѳр овоглогдсон нилээд шийдвэрүүд мэдээж сонгуульд намаа дэмжиж, хамтдаа зүтгэсний шагналд чиглэсэн гэдгийг ард олон гадарлаж байгаа. Эндээс, тѳрийн албан зардлын нэмэгдэлд нийтдээ 510 млрдын мѳнгѳн сан шаардагдаж байгаа юм байна, урьдахаас 2 дахин ѳссѳн гэсэн үг. Хэдийгээр энэ нь тѳрийн удирдах албан хаагчид буюу манайхны хэлж ярьж заншсанаар улс тѳрийн албан тушаал эрхлэгчдийн талаас бодит орлого болж харагдах ч, тѳрийн сан талаасаа бол зардал. Ийм их мѳнгѳ тѳрийн санд байхгүй. Луйварчин хулгайч ( cleptomanie) тѳр, тохирох механизмыг нүд ирмэхийн зуур бодоод олчихож байна. Цалингийн фондыг дундаж орлого руу шилжүүлээд таначихад нийтдээ 215 тэрбум ороод ирж байна, Чойжилсүрэн, эх үүсвэр олсондоо баясаж алгаа ташин хуулийн тѳсѳл боловсруулаад, тэр нь улаан шугамаар дэмжигдэж байна, ийм л механизм үйлчлээд байна. Тэтгэвэр, тэтгэмжийн таналт, тухайлвал шашин шүтлэгтэй холбож тайлбарлагдсан хамтын тэтгэвэрийн хасалт нь бүгд дундаж рүуу зардлаа гүйлгэн ашиг олж, түүгээрээ нэмэгдсэн орон тооныхоо эх үүсвэрийг олоод авах заль, шуудхан хэлэхэд хулгайн механизм, ард түмний халаас руу дүрсэн хармааны хулгай.

 Зардлын коньюнктур

 Зардлыг нилээд олон шинж тэмдгээр ангилан судалж болно. Мэдээж зардал бол эргэлтийн хѳрѳнгѳ, гүйж зваа мѳнгѳн капитал, гэхдээ ардаа заавал бодит обьект, хэрэгцээг илэрхийлж байдаг. Эндээс ахиулаад, суурь бүтцээр нь буюу коньюнктур талаас нь судлах нь маш чухал. Зардлын суурь бүтэц нь ХЭРЭГЛЭЭ! Үйлдвэрлэх хүчний ҮЙЛДВЭРЛЭЛ, ХЭРЭГЛЭЭ гэсэн том зургийн ангилалд, зардал бол хэрэглээ талд нь хамаарч явдаг эд. Хэрэгцээ байгаа учраас хэрэглээ байна, хэрэглээ бүр шинэ хэрэгцээг үйлдвэрлэж явдаг тасралтгүй процесс. Эдийн засгийн хэмнэлтийн ерѳнхий үндэслэл ч хэрэглээтэй холбоотой, юун дээр нь хэмнэлт, тандалт гаргах вэ гэдгийн хариу эндээс олдоно. Зардлын буюу хэрэглээний коньюнктурыг 3 ангилж болно.

1. Хэрэгцээгээ гүйцэхгүй хэрэглээ, хангагдаагүй, хангагдах бололцоогүй хэрэглээ гэсэн үг. Шинж тэмдэг нь ЯДУУРАЛ. Энэ хэсгийн хүн амд очих бодит орлогыг нэмэх замаар, орлогын доод хязгаар буюу хугаралын цэгийг хуульчлан тогтоох механизмаар тѳр ядууралтай тэмцэх ёстой. Манайхаас бусад улс оронд ядууралтай тэмцэх тѳрѳлжсѳн бодлого хүчтэй үйлчилж байдаг. Эндээс мэдээж таналт гарахгүй. 

2. Хэрэгцээндээ тохирсон хэрэглээ буюу рационал хэрэглээ. Субьект талаасаа энд ерѳнхийдѳѳ нийгмийн дундчууд хамрагдана. Дундчуудын нийгэмд эзлэх байр суурь 50-иас дээш хувьд хүрсэн бол тогтвортой хѳгжлийн нийгэм гэнэ, манайд 15 орчим хувь байдаг юм гэсэн. Нийгмийг баячууд биш дундчууд авч явдаг. Соёл иргэншилтэй улс орны ихэнх иргэд тогтсон, тайван чинээлэг амьдрахыг зовж, нервтэж тансаг амьдрахаас илүүд үздэг, нийгмийн ухамсрын тийм тѳвшин ноёрхож байдаг. Тѳрѳѳс энэ хэсгийн амьдралыг байнга статик тѳвшинд, тогтвортой байлгах бодлого баримталдаг. Хямралтай үед ч цалин, тэтгэвэр танах, дундчуудын татварыг хэмнэхээс аль болохоор зайлсхийдэг, тийм механизм үйлчилж байдаг. Тийм механизмыг индексаци гэнэ. Эрүүл ухаантай хүмүүст бол, эндээс л лав таналт олдохгүй ээ!

 3. Хэрэгцээнээс давсан хэрэглээ буюу ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ. Ѳргѳн хэрэглээний бараа, эд зүйлс энд орохгүй, тэхээр жорлонгийн цаас бол тансаг хэрэглээ биш. Шүүгч нарын цалин тансаг хэрэглээ биш, хэрэгцээгээ гүйцэж ядан байгаа дундаж хэрэглээ. Түүнээс доош тѳвшингийн цалинг нэмж аль болох ойртуулах юм бодон илүү ихийг сэдэж, илүү ихээр хѳдѳлмѳрлѳцгѳѳх шаардлага бол харин бий. Ѳмчийн обьект талаас нь тансаг хэрэглээ нь харьцангуй, тогтооход маш хэцүү, бараг боломжгүй. Ухаандаа, Ланд, Лэкс...машин энэ гэр бүлд тансаг хэрэглээ байхад, тэр гэр бүлд ердийн хэрэглээ байх л жишээтэй юм. Тэхээр коньюктур чанараар нь, хэрэгцээтэй нь холбож, судлаж тогтоох нь зүйтэй. Тансаг хэрэглээг хязгаарлах нь тѳрийн ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО. Гэхдээ ѳнѳѳгийн эрх баригчдын үйлдэл, тэр дундаа хэрэгжүүлэгч механизм нь буруу байна, тансаг хэрэглээг танаж болно, гэхдээ механизмаа олох ёстой. Чинээлэг, бойжиж яваа үндэсний хэдэн хѳрѳнгѳтѳн рүүгээ довтлох уур амьсгалыг нийгмийн дунд бий болгочихож хэрхэвч болохгүй. Эдийн засгийн хууль зѳрчигдѳѳд араасаа үй түмэн, зарим нь асар их сѳрѳг нѳлѳѳтэй, давах аргагүй бэршээл дагуулсан эрсдэл ороод ирж мэднэ. Хамгийн зѳв механизм нь татварыг хѳшүүрэг болгон ашиглах, татварын хувьсгал гэгчийг яаралтай хийж шаталсан биш прогрессоор ѳссѳн татвар ( progressive tax), орлого нэмэгдэх тусам татвар ѳсч байхаар тогтоосон системд шилжих шаардлагатай.

 Дундчуудын татвар их уян хатан байх ёстой. Эдийн засгийн хүндрэлтэй ѳнѳѳгийн нѳхцѳлд дундчуудыг тодорхой хугацаанд татвараас чѳлѳѳлѳх нь дээр. Хямралын үед хэрэглэдэг энэ системийг Бальцеровичийн систем гэдэг. Дэлхийн 13 Их сургуулийн хүндэт доктор, дэлхийн хэмжээний нэрт эдийн засагч Лешек Бальцерович, Польш улсад хямрал ид нүүрлэчихсэн хүнд үед, Сангийн сайд байхдаа энэ системийг боловсруулан амжилттай хэрэгжүүлж, гайхамшигтай амжилтанд хүрч, Цагаан Бүргэдийн одонгоор шагнуулсан байдаг. Анх түүнийг дундчуудын татвар болох PIT гэгчийг бүр мѳсѳн хасах санал Сеймд оруулж ирэхэд гишүүдийн 90 хувь нь эсэргүүцэж, бараг галзууд тооцон албан тушаалаас нь огцруулах санал гарсан гэдэг. Бальцерович ѳѳрийн концепцын үнэн бодитойг тайлбарлаж, сэнхрүүлэхэд 111 хоног зарцуулсан байдаг, хожим нь Бальцеровичийн 111 хоног гэж түүхэнд бичигджээ. Дараа нь ерѳнхийлѳгчийн дэмжлэгтэйгээр хууль батлагдаж, Польш хямралаас гарч, Бальцеровичид, ЗГ-ын тэргүүн шадар сайдын ажил ногдож, шагналын хур буусан туршлага бий.

 Коньюнктур судалгаа, системийн анализ хийхгүйгээр, гар дор бэлэн, нүдэнд харагдсан болгоноо ШУ-ы үндэслэлгүйгээр хар ухаанаар хасч танах нь нийгэмд бухимдал үүсгээд зогсохгүй, айдас бий болгож байна. Хамаагүй танах нь сѳрѳг нѳлѳѳтэй, эсрэг реакци үүсгэх талтайг ч мартаж үл болно. Тануулахгүй, татвар тѳлѳхгүй байх нарийн нарийн арга механизм гарч ирэхийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Эдийн засгийн ѳсѳлтийг чѳдѳрлѳх, бодит орлого хомсдож хотлоороо ядуурал руу гулсах, ѳрийн сүлжээ нэмэгдэх...гээд таналтын уршгийг дурдаад барагдахгүй. Ер нь бол хэмнэлт зайлшгүй юу гэвэл тийм, зарим зүйл анги дээр олигтойхон таналт ч хэрэгтэй. Үүний тулд тэр урсгал зардал гэж тоть шиг давтаад байгаа юмандаа коньюнктур судалгаа хийх шаардлагатай л даа. Нэр томьёоны талаасаа ч буруу, гүйлгээ зардал гэдгээр хэвшүүлэх ёстой юм, гүйж яваа мѳнгѳ шүү дээ. Ад үзээд байх ч эд биш, тѳвлѳрсѳн сангаас ард түмэн рүү чиглээ л гүйж яваа мѳнгѳн капитал, тодорхой смет, тѳслийг эх үүсвэржүүлэх эргэлтийн хѳрѳнгѳ. Тэрийг замаас нь танаад байж болохгүй л дээ. Чойжилсүрэнгийн саналаар бол таналт гэгч нь 2 механизмаар явагдах бололтой байна. 1. Тѳрийн хүчирхийллээр хууль гаргаад таначих. 2. Сметийн аргаар бас танаж болох, энэ бол мѳнгѳ угаалга. Бодит байдал дээр ухаандаа, цэцэрлэг барих, эсвэл сургуулийн засвар нэрээр 600 саяын смет батлууллаад, 600 саяыг зарлагадаж байна. Гэтэж бодит зардал нь 250 сая байх л жишээтэй, зардал ба зарлагын зѳрүүгээр мѳнгѳ угаачихаж байна. Балаансын шалгалтаар илрэхгүй, учир нь зарлагаар балаансын бичилт хийгдчихэж байгаа. Энийг ѳѳрчлѳх механизмыг бодож олж чадсангүй, хэвээр нь үлдээлээ. Зѳв нь бол зардлыг биш зарлагыг хянах, танах ёстой байх. 

Ѳѳр нэг, хэдэн их наядын хэмнэлт гаргах механизм байгаа, энэ бол балаансын актив талыг багасгах. Эдийн засгийн хѳгжил гэдэг нь актив тал ѳсч явахыг хэлнэ, гэхдээ хямралын хүнд үед активаа багасгах арга хэрэглэдэг жишиг бий. Актив тал дээр байгаа үр ашгаа ѳгдѳггүй, алдагдалтай, дотаацтай үл хѳдлѳх үндсэн хѳрѳнгийг хѳдѳлгѳж, дуудлаганд оруулж худалдаад балансын активаа цэвэрлээд авах ёстой юм. Энэ талаар жичдээ тусгай сэдэв боловсрогдох байхаа.

 Үнэн гэсний худлаа 

Мѳрийн хѳтѳлбѳрийг нь хараад, ҮНЭН юм яриад байна гэж итгээд ард түмэн сонголтоо хийсэн. Гэтэл сонгууль ѳнгѳрѳѳд 2-хон сар ч болоогүй байхад, ганц их наядын алдагдалтай байсан, тийм ч байсаар ирсэн тѳсвийг 3-4 их наяын алдагдал болгон тодотгол хийх гэж улайран зүтгээд байгааг ард түмэн харж байна, ойлгохгүй байна. Тѳсѳв хэлэлцэхэд 2-хон сар дутуу байхад шүү! Бүх юм ХУДЛАА байсан нь илэрч байна! Нийт дүнгээрээ 20 млрдын ѳртэй, дээр нь 20 хувийн алдагдал хүлээх нь, гэтэл эдийн засгийн ийм ачааг даагаад гарах нуруу ард түмэнд байгаа юу? Түүн дээр хармаанд байгаагаа 20 хувь тануулчихаар юу болох вэ? Иргэний нийгэм байгуулна гэж ерѳнхийлѳн хэлчихээд иргэдээ ийм юм руу хѳтлѳѳд байдаг хаашаа янзын хулгай, луйврын МЕХАНИЗМ бэ? МЭРГЭЖЛИЙН биш МЭРЭГЧДИЙН Засгийн газар гэж сошиалыхан зѳв хэлжээ!

Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу