Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди бурхны оронд оджээ

Олимп, дэлхийн дэвжээнд гялалзсан аваргуудыг төрүүлсэн Монгол Улсын Ардын багш, боксын гавьяат дасгалжуулагч Дамдинжавын Банди бурхны оронд оджээ.

Дасгалжуулагч Д.Банди нь Булган аймгийн Тэшиг суманд төрж өссөн бөгөөд 1960-аад онд Монгол Улсын их сургуулийн математикийн ангид суралцаж байхдаа боксоор хичээллэж эхлэн, 1970 онд сургуулиа төгсөхдөө боксын шигшээ багт тамирчнаар орж байжээ. 1970-1976 онд тив дэлхийн олон тэмцээн, хоёр ч олимпийн наадамд оролцсон байна. 

Тамирчин ахуй үедээ дасгалжуулагч болсон түүхтэй тэрбээр Монголын боксын шигшээ багийг удирдаж, Бээжин-2008 олимпийн наадмаас алт, мөнгөн медальтан төрүүлж, түүхэнд байгаагүй өндөр амжилтыг үзүүлж байсан билээ.

Монголын боксын холбооны ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд Э.Бадар-Ууган, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт, П.Сэрдамба зэрэг Монголын бахархал болсон хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчид, Олон улсын хэмжээний мастерууд,  спортын мастеруудыг төрүүлж байсан гавьяатай билээ.

Түүнчлэн тэрбээр боксын түүхэн замналын тухай “Энэ л миний амьдрал”, “Энэ л миний ертөнц” номуудыг туурвиж байжээ.

Гэр бүл, найз нөхөд, хамт олон, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Бурхны орондоо тайван нойрс доо

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу