АН сүүдрийн ЗАСГИЙН ГАЗАР байгуулах уу

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийж, бүлгийнхээ дэргэд Зөвлөхүүдийн зөвлөл байгуулахаар болсноо мэдээлсэн. Зөвлөл З.Энхболд, Н.Алтанхуяг, Р.Амаржаргал тэргүүтэй 2012-2016 оны хооронд парламентад сууж байсан гишүүдээс бүрдэж байгаа юм. Энэ нь цөөнхийн байр суурийг тодорхой судалгаа, үндэслэлтэй боловсруулах зорилготойгоос гадна Монгол төрийн залгамж халааг эрх баригч намд сануулж байх үндсэн чиг үүрэг хүлээх юм.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, АН-ын бүлгийн дэргэдэх зөвлөхүүдийн зөвлөл дээр үндэслэгдэж, сүүдрийн засгийн газар байгуулах асуудал хөндөгдөж байгаа аж. АН-ын хувьд өмнөх парламентад 35 гишүүнтэй байсан. Засгийн газраа МАН-тай хамтарч жил орчим, Шударга ёс эвсэлтэй хамтарч гурван жил гаруйн хугацаанд барьсан. Үнэмлэхүй олонхи болоогүй хэдий ч АН-ын мөрийн хөтөлбөрт туссан гол асуудлууд ажил хэрэг болж, эхнээсээ үр өгөөжөө өгөөд байсан билээ.

Тухайлахад, АН-ын Засгийн газрын үед ипотекийн зээлээр 82 мянган өрх орон сууцанд орж, III, IV цахилгаан станцад өргөтгөл хийсэн, Амгалангийн дулааны цахилгаан станцыг барьсан, долоон аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон, Хөгжлийн банкны эх үүсвэрээр дотоодын ААН-үүддээ хөнгөлөлттэй төслийн зээл олгож, эдийн засгаа дэмжсэн зэрэг томоохон ажлуудыг нэрлэж болно. Зөвхөн нийслэлд 26 уулзварыг өргөтгөж, засаж, газрын дахин төлөвлөлт, инженерийн шугам сүлжээнд холбосон ажлуудыг нэрлэж болно.

Төсвийн тухай хуулиндаа тусгалгүйгээр Монголбанкнаас шууд эх үүсвэр татаж хэрэгжүүлсэн гэх лоозон өнөөгийн эрх баригчдын үед зүүгээд буй “САЙН” хөтөлбөрүүд л гэхэд ард түмнээс ОК үнэлгээ авсан. Харамсалтай нь эрх баригч намаас уг хөтөлбөрүүдийг албан ёсоор зогсоож, нийслэлчүүдийн талархлыг хүлээгээд байсан гэр хорооллын дахин төлөвлөлт хүртэл нам гацлаа.

Сайн муугаар хангалалттай хэлэгддэг АН-ын авах зүйлсийн нэг нь ядаж л дотоодын үйлдвэрээ дэмжиж, Аж үйлдвэрийн яамыг хүртэл байгуулаад байв. Гэсэн ч төрийн бодлогын хүрээнд урагшилж байсан тодорхой ажлууд өнөөдөр “АН” гэсэн шошгоосоо болж зогсоход хүрээд байна. Одоо бүр батлагдсан хуулиудыг хүртэл буцаадаг шинэ жишиг тогтов.

Эрх баригч намын энэ бүх үйлдлийг олон нийт алга ташин хүлээгээд авчихгүй байгаа юм. Харин ч эсрэгээрээ АН-ын хийж бүтээж, урагшлуулж байсан ажлуудыг олон нийт санагалзаад эхэлчихлээ гэхэд хилсдэхгүй. Ингэж орон нутгийн сонгуулийн өмнө ард түмэн “Бид юу хийчих вэ” гэдэг эргэлзээний өмнө ирцгээж, МАН энэ чиглэлд тусгай менежментийн баг ажиллуулах асуудлыг хүртэл бүлгийнхээ хурал дээр хөндөөд байгаа юм.

Ардчилсан намын зүгээс эрх баригч намын хийж буй энэ бүх үйлдлийг зүгээр хараад суух нь туйлаас хэцүү. Учир нь өнгөрсөн дөрвөн жилийн турш бүтээх гэж зүтгэсэн бүхнийг нь өнөөдрийн эрх баригчид юман чинээ тоож үзэхгүй байна. Тиймээс ч сүүдрийн засгийн газар байгуулж, эрх баригч намын ой санамжид нөлөөлөхийг чухалчилж буй бололтой. Сүүдрийн засгийн газар нь эрх барьж буй засгийн газрын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, хяналт тавих, зарим тохиолдолд илүү зөв бодлогын сонголт санал болгох зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн хаана ч байгуулагдсан тийм л үйл ажиллагаа явуулна. Парламентад олонхи болж чадаагүй сөрөг хүчин сүүдрийн Засгийн газар байгуулдаг нь жам юм.

Бусад орнуудын эл жишгээр сүүдрийн засгийн газар байгуулагдсанаар өнөөгийн сайд нарын боломжгүй, мөнгөгүй, гарц байхгүй гэх тайлбар хийгдэж буй ажлууд ард иргэдэд илүү тодорхой болж ирнэ. Тухайлахад, Хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаа П.Сэргэлэн сайдад мах экспортын гэрээнүүдээ сануулж, Япон руу ажиллах хүчин илгээх асуудлыг Г.Баярсайхан Н.Номтойбаяраас нэхнэ гэсэн үг. Хэлэхээс нааш ойлгодоггүй, хардаггүй монгол зан гэж бий. Эл жишгээр хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээний жиргээ сэлтэд эмзэг ханддаг МАН-д сүүдрийн засгийн газар байгуулагдах нь нэг талын сэрүүлэг болох ач холбогдолтой юм.

Г.ИТГЭЛ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу