ЦЭЦЭЭР ДЭНСЛҮҮЛЭХ ТҮШЭЭД

Эрх баригч намын сандал суудлын төлөөх зодоон түр намжихтай зэрэгцэн парламентын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх гомдол Үндсэн хуулийн цэц рүү хөвөрч эхэллээ.

Тодруулбал, Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон Б.Наранхүү гишүүнийг эгүүлэн татах асуудлаар хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар энэ сарын 22-нд Цэцэд гомдол гаргаад байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална' гэж заасан байдаг аж.

Харин УИХ-ын гишүүн Б.Наранхүү нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хангалттай суухгүй байгаа нь энэхүү үүргээ гүйцэтгэж чадаж буй эсэх эргэлзээ үүсгэсэн тул эгүүлэн татах асуудлыг тавихад хүргэжээ

УИХ-дахь Ардчилсан намын бүлэгт харьяалагддаг Б.Наранхүү гишүүний хувьд 2012-2016 онд З.Энхболдын танхимд байх үеэс ажил тасалдаг хэл аманд орж, шүүмжлэл сонссоор ирсэн. Дундговь аймгийнхныг төлөөлж хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдсон ч алдаагаа засаагүй нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шалтгаан болж байна.

Хэрэв цэц дээрх гомдлыг үндэслэлтэй гэж үзэх юм бол ажлаа хийдүүлдэг гишүүний тоо ганц Б.Наранхүүгээр хязгаарлахгүй, С.Жавхлан гишүүнийг ч араасаа дагуулж болзошгүй.   

Цэцээр шүүлгэх хоёр дахь гишүүн нь О.Баасанхүү юм. Төрийн ордны Их танхимд хурал зохион байгуулах эрхийг УИХ-ын дарга, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын аль нэгийнх нь зөвшөөрлийг авч хийдэг дэгтэй аж. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд амралтын өдөр МАХН-ын их хурал зохион байгуулсан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хувийн зорилгодоо ашигласан гэх маргааныг үүсгэх үндэслэл болжээ. Мөн хурал зохион байгуулах төсвийг нэр бүхий хүнээс хандиваар авсан гэдгээ хэвлэлээр мэдээлсэн. Хурлыг нийт 150 сая төгрөгөөр зохион байгуулсан нь Улс төрийн намын тухай хууль зөрчих бас нэгэн үндэслэл болсон гэж А.Гантамир нарын хуульчид буруутгаж байна. Тэд О.Баасанхүү гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр өнгөрсөн долоо хоногт Цэцэд гомдол гаргажээ. 

Гэхдээ энэ асуудлыг О.Баасанхүү гишүүний Улсын дээд шүүхэд хандан тавьсан хүсэлттэй холбогдуулан сөрж тавьж буй Н.Энхбаярын мэх гэх хардлага ч байна.

Төрийн ордонд шөнө дөлөөр зохион байгуулсан дээрх их хурлаас МАХН-ын дарга Н.Энхбаярыг огцруулж, О.Баасанхүү гишүүнийг даргаараа сонгосон байдаг.  Энэ шийдвэрийг албажуулахаар О.Баасанхүү гишүүн өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүхэд хандсан. Гэвч ноёнтой шөргөөцөлдвөл толгойгүй, нохойтой шөргөөцөлдвөл хормойгүй гэдэг үгийг сануулах мэт МАХН-ын ганц 'дайчин' бүрэн эрхээсээ түдгэлзэж болзошгүй хайчин галд ороод байна. 

Хуулиараа Цэц дээр гомдол ирэхэд Цэцийн дарга найман гишүүдээсээ нэгийг нь сонгон маргааныг хуваарилдаг. Хуулийн хугацаа нь 14 хоногоор хязгаарлагддаг.  Улмаар Цэцийн гишүүн маргаан үүсгэх үндэслэл байна гэж үзвэл холбогдох мэдээллийг 30 хоногт багтаан цуглуулж, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангадаг дэгтэй. 

Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн маргааныг УИХ-аар хэлэлцүүлдэг.  УИХ олонхиороо Цэцийн шийдвэрийг хүлээн авах эсэхээ шийддэг.

Д.Гантулгатай холбоотой гомдол ирсэн үү?

Одоогоор Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай гомдол ирээгүй байна. 

Гэхдээ өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас  УИХ-ын тухай хуулийн 6.9.1-т заасан “УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгосноор гэмт хэрэгт нэр нь холбогдсон УИХ-ын гишүүнийг шалгах  боломжтой болж буй. Гол нь прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д тавина. Тэр нь үндэслэлтэй, нотолгоотой байх ёстой. Мөн УИХ-аас тухайн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа гэхэд тухайн гишүүн шалгуулаад хэрэгт холбогдсон нь нотлогдохгүй бол бүрэн эрхийг нь сэргээх боломж нь мөн хэвээр хадгалагдаж байгаа юм.

Монголын парламентын түүхэнд 1992 оноос хойш УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг нэг л удаа гаргаж байжээ. Казиногийн хэргээр УИХ-ын гишүүн асан Д.Баттулга, Д.Энхбаатар, С.Батчулуун нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шийтгэл ногдуулсан аж. Харин УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнийхөө дараа Д Дондог, Ц.Батбаяр нар шүүхээс ял авсан байна. 

Мөн өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, Л.Гүндалай нарыг шалгах хүсэлтийг прокурорын зүгээс УИХ-д хандан тавьж байсан ч хүлээж авалгүй, буцааж байжээ. 

Г.ХОРОЛ 

NEWS.MN 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу