Гуравдугаар ээлжийн хувьцааны мөнгөө аваагүй хүмүүсийн анхааралд

Шийдлийн засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Сайн хувьцаа” хөтөлбөрийн санхүүжилт тасраад байна. Хувьцааны мөнгө Сангийн яамнаас арилжааны банкуудад шилжиж ирээгүйн улмаас ийнхүү иргэдийн дунд хүлээлт үүсгэж эхэллээ.

Хувьцааны мөнгийг хэзээнээс иргэдэд олгож эхлэх талаар “Капитал”, "ХААН", "Голомт", "Төрийн банк"-наас тодруулахад, “Хувьцаагаа худалдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авсан хэвээр байгаа ч санхүүжилт нь хэзээ орж ирэх нь тодорхойгүй байна, Ямартай ч Сангийн яамнаас мөнгө ормогц иргэдийн данс руу шилжүүлнэ” хэмээв.

Иргэдийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаагаа засгийн газарт худалдах хүсэлтэй байгаа ба арилжааны банкуудад хүсэлт гаргасан иргэдийн хувьцааны мөнгийг өнгөрөгч зургадугаар сарын 18-ны өдрөөс олгож эхэлсэн. Ингэхдээ хувьцааны 300 мянган төгрөгийг инфляци хөөрөгдөхгүй байх үүднээс гурав таслан олгохоор шийдвэрлэв.

Наадмын өмнө буюу долдугаар сарын 10-ны дотор гурав дахь ээлжийн 100 мянган төгрөгийг иргэдэд өгч дуусахаар төлөвлөн ажиллаж байсан билээ. Харин зургадугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их хурал болон аймаг, дүүргийн төлөөлөгчийг сонгох ээлжит сонгууль болсонтой холбогдуулан “Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч шийдлийн засгийн газар солигдсоноор уг ажил ийнхүү удаашраад байна.

Зарим эх сурвалжийн мэдээллэснээр, “Сайн хувьцаа” хөтөлбөрийн гуравдугаар ээлжийн 100 мянган төгрөг иргэдийн гарт очих эсэх нь эргэлзээтэй хэмээж буй юм. Учир нь өмнөх засгийн газрын хийж хэрэгжүүлж байсан ажлыг шинэ засгийн газраас үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

“Сайн хувьцаа” хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаасыг 15 хүртэл жилийн хугацаатай, дотоодын зах зээлд үе шаттайгаар гаргаж эхлээд байсан юм. Хувьцаа эзэмшиж байгаа болон худалдах эрхтэй нийт нэг сая 650 мянган иргэн байгаагаас 900 мянга орчим иргэн хувьцаагаа худалдах хүсэлт гаргажээ.

 

 

 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу