Си Зиньпин: Өмнөд Солонгос THAAD байрлуулахыг эсэргүүцэж байна

Хятадын удирдагч Си Зиньпин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй Ханжоу хотод уулзах үеэрээ “Өмнөд Солонгост пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD цогцолбор байрлуулахыг БНХАУ эсэргүүцэж байна” гэж мэдэгдсэнийг ТАСС уламжлав.

Тэрээр “Асуудлыг оновчгүй буруу шийдэх нь бүс нутаг дахь стратегийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх бөгөөд санал зөрөлдөөнийг хурцатгаж болзошгүй” хэмээн тэмдэглэн хэлсэн байна. Цааш нь хэлэхдээ, хоёр орны харилцааг тогтвортой хөгжлийн зөв замд гаргах нь чухал болохыг онцолжээ.

Си Зиньпин “Манай хоёр орон бол өргөн хүрээтэй нэгдмэл ашиг сонирхол бүхий ойрын хөршүүд юм. Бид хамтын ажиллагааны үндэс суурийг эрхэмлэн хамгаалж, тулгарч буй бэрхшээл сорилтыг даван туулах хэрэгтэй” гэж хэлснийг “Синхуа” агентлаг уламжлав. Пак Гын Хэ мэдэгдэхдээ, БНХАУ-БНСУ-ын харилцааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу