БНСУ-Д ХУУЛЬ БУСААР ХӨДӨЛМӨР ЭРХЭЛДЭГ ГАДААДЫН 13255 ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ

БНСУ-ын Хууль зүйн яам 2017 он гарсаар хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гадаадын 13255 иргэнийг, тэднийг ажлын байраар хангасан дотоодын 2549 хүнийг илрүүлжээ.

Хууль бус ажилчдыг илрүүлэх шат дараатай арга хэмжээний дүнд, гуравдугаар сарын 6-наас тавдугаар сарын 15, мөн есдүгээр сарын 4-нөөс арваннэгдүгээр сарын 17-ны хооронд зөрчилтэй хүмүүсийг олж, саатуулсан байна.

Хоёр удаагийн ажиллагаанд Өмнөд Солонгосын Хууль зүйн яам, Хөдөлмөрийн яам, Үндэсний цагдаагийн газар болон Эргийн хамгаалалт гэсэн Засгийн газрын дөрвөн агентлагийн 658 албаны хүн оролцсон тухай “Йонхап” агентлаг мэдээлжээ.

БНСУ-д хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон гадаадын иргэдийг албадан буцаах, эсвэл нэн даруй Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийг орхин явахыг үүрэгдсэн байна. Харин хууль бусаар ажлын байраар хангаж байсан дотоодын иргэдэд 20 сая хүртэлх воны торгууль оноожээ.

Хууль ёсны бичиг баримтгүй, гадаадын ажилчдыг хөлсөөр ажиллуулдаг байдал тус улсын хувьд үйлдвэрлэлийн салбарт хамгийн түгээмэл байдаг аж. Хоёр удаагийн баривчилгаагаар үйлдвэрлэлийн салбараас 3291, барилгын салбараас 1861, энтертайнмент салбараас 1093 хүн саатуулсан байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу