Ж.Эрдэнэбатыг огцруулах бичгийг энэ сарын 20-нд өргөн барьж магадгүй

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар намынх нь нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Гарын үсэг зурах санаачлагыг Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын гишүүд гаргасан гэх мэдээллийг эх сурвалжууд өглөө

Ж.Эрдэнэбатыг огцруулах бичгийг энэ сарын 20-нд өргөн барьж магадгүй
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар намынх нь нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Гарын үсэг зурах санаачлагыг Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын гишүүд гаргасан гэх мэдээллийг эх сурвалжууд өглөө. Холбогдох хуулийн дагуу ерөнхий сайдыг огцруулах саналыг парламентийн 19 гишүүн дэмжсэнээр УИХ-д өргөн барих нөхцөл бүрдэнэ.
Бидэнд олдсон мэдээллээр бол, огцруулах саналыг энэ сарын 20-иор УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Учир нь, уг хугацаа хүртэл яамдын ТНБД нар бүрэн томилогдож, агентлагуудын дарга нарыг жинхэлэх аж. Өөрөөр хэлбэл, яамд, агентлагийн доторх халаа сэлгээ жигдэрч, засгийн газар бүтцийн хувьд тогтжворжсон хойно ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөхөөр төлөвлөсөн бололтой.
Өнөөдрөөр тооцоход ерөнхий сайд Ж.Эрдэнэбат томилогдоод 58 хонож буй. Энэ хугацаанд Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах замаар төсвийн тодотголоо боловсруулж, мөнгөний бодлогыг хүүг гэнэт огцом байдлаар 4.5 хувиар нэмэгдүүлсэн гэх шүүмжлэл явж буй юм. Түүнчлэн төсвийн тодотголын хүрээнд халамжийн бодлогыг хэт танаж, 22 мянган төрийн албан хаагчдыг цомхотгоно гэдгээ мэдэгдсэн нь намын гишүүдийнхээ шүүмжлэлийг хүлээсэн юм.
Намын гишүүдийнх нь зүгээс Засгийн газрын мөрийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа намын мөрийн хөтөлбөрөөс хэт гажуудуулсан, бодлогоор шийдэх том асуудлуудыг шууд байдлаар төсвийн тодотголд тусгасан зэргээр ерөнхий сайдаа буруутгаад буй юм.
Ж.МЯДАГБАДАМ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу