Засгийн газар зоригтой алхмаасаа яагаад буцав

Монголын эдийн засаг элгээрээ мөлхөхөөс арай наагуур байгаа талаар амтай болгон л ярьж байна. Сангийн сайд нь ажлаа авсныхаа дараа янз бүрийн тоо хэлж, улс орон дампуурах дээрээ туллаа гэсэн. Эдийн засагчид ч түүний ярьсан тоо баримтыг үнэн гэж батлаад байгаа. Мөн Монголбанкнаас ч гэсэн эдийн засгийн хүндрэл тулж ирсэн энэ үед авах ёстой арга хэмжээгээ авлаа хэмээн мэдэгдэж, бодлогын хүүгээ өсгөсөн.
Дээрээс нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хасах, танах, хэмнэх тухай маш зоригтой мэдэгдлүүдийг хийж,  хамгийн дуулиантай нь төрийн өмчийн компаниудын захирлын санаанд багтамгүй өндөр цалинг бууруулах асуудлыг ярьсан. Дээрээс нь татвар нэмэх бодлого барихаа мэдэгдсэн. Төрийн албан хаагчид, дарга нарын элдэв хангамжийг ч хасах шийдвэр гаргаж, зоригтойхон ажиллахаа мэдэгдсэн билээ. Гэвч эцэстээ эрх баригчид хийх гэж байсан хамгийн зоригтой алхмаасаа яагаад ч юм буцлаа.
 
Юун хэмнэх, 20, 30 саяын цалин хангамжтай дарга нарын цалинг хасах. Хий боргоод, хазаж чадахгүй тойрч хуцдаг нохой шиг л юм боллоо. Харин татвар нэмэх тал дээр тэд бодлогоо хэрэгжүүлэх бололтой. Өөрсдийнхөө халаас руу биш иргэдийнх рүү гар дүрэх нь зөв гэж үзэж. Тэр дундаа дундаж амьдралтай иргэдийн халаасыг тэмтрэх нь. Тиймээс тэд дарга нарынхаа цалин хангамжийг хасах зоригтой шийдвэрээсээ яагаад буцав гэдгийг хэдэн таамаглалаар шинжих гээд үзье.

Засгийн газар цалин хасахаас юунд айв

Яг ч айх гэж тодорхойлоход бас хэцүү юм. Тэд зүгээр л 30, 40 саяын цалин урамшуулалтай төрийн өмчит компанийнхаа дар­га на­рын ат­ганд ор­чих­сон юм биш үү. Ер нь энэ зас­гийн эр­хийг хэн ба­риад бай­гаа юм бэ, олон саяын цалин­тай дар­га нар юм биш биз. Уг нь тэр олон саяын цалинг нь тодор­хой хувиар хасч, бага ч болов мөн­гө хэм­нэх нь хам­гийн зөв ший­дэл бай­сан юм. Харам­сал­тай нь МАН-ынх­ны хүч хүр­сэн­гүй. МАН гэ­хээ­сээ илүү­тэй Ж.Эрдэнэбатын хүч хү­рээ­гүй ч байж болох. 
 
УИХ-ын дар­га гүй­цэт­гэх засаг­ла­лын тэргүүнээ “базаж” байгаа нь мэдээж. Тэгээд ч сүүлийн үед Засгийн газар болон 65-ын бүлэг хагаралдаж эхэллээ гэсэн мэдээлэл гарах болсон. Ж.Эрдэнэбатыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа ч гэх шиг. Энэ бүхнээс харвал төрийн өмчит компаниудын өндөр цалинтай дарга нар УИХ-ын дарга болоод гишүүдээр дамжуулж Засгийн газарт “салаавч” өгсөн ч байж болох юм. Хэрвээ төрийн өмчит компанийн захирлуудын цалинг хөндвөл дэд сайдын албан тушаалыг ч бас “арчих” шаардлага тулгарсан. Хүн бүр л энэ бүхнийг зэрэгцүүлэх ёстой гэсэн байр сууринаас хандаж байсан нь зориглож хийсэн алхмаасаа ухрахад хүргэсэн ч байж болох.
 
Ямар ч байсан МАН-ынхан өөрсдийнхөө, дар­га нарын­хаа тан­саг­ла­лыг хэвээр нь үл­дээ­хээр шийд­лээ. Харин тат­вар нэ­мэх бод­ло­гоо бүлгээрээ дэмжсэн. Тэгэ­хээр цаашлаад УИХ дээр цэрэг­жил­тийн байдлаар гараа өр­гөөд л дэмжчих байлгүй дээ. Тэ­дэнд өндөр цалинг танаж, дэд сайдын суудлаа буцаах зориг дут­лаа. Зориг дутсан гэхээсээ илүү албан тушаалын наймаа нь саад болсон ч байж болох юм. Ямар ч байсан тэд хүүхдийн мөн­гийг бол хасчихаад, дарга нарыг өндөр цалинтай нь л үлдээлээ. 

Эрх баригчид мөнгө олчихов уу

Бүгдийг хасна, танана, хэм­нэнэ гэж байсан хүмүүс гэнэт л зөөлрөөд эхэллээ. Хасахгүй, танахгүй байя гэж шийдсэн. Хэдийгээр татвар нэмэхийг МАН-ын бүлэг дэмжсэн ч УИХ дээр унагаж ч магадгүй.  Ийн гэнэт зөөлөрч эхэлж байгаа нь тэд мөнгөтэй болсон юм биш байгаа гэх хардлагыг дагуулж байна. Ерөөсөө эрх баригчид хаанаас мөнгө олж болох бүхий л арга замыг хайж байгаа нь тодорхой. Гэхдээ сүүлийн үед МАН-ынхан урд хөршөөс багагүй мөнгө авахаар болсон байж магадгүй гэх мэдээлэл яваад байгаа. Үүнийг бас огт үгүйсгэх аргагүй. Тэгээд ч манайд удахгүй “Bank of Cnina” салбараа нээх тухай яриа газар авсан. 
 
Ер нь нээчихсэн юм биш үү. Есдүгээр сарын 1-нд оюутнууд “Bank of China”-гийн тэтгэлгийн батламж гардаж аваад байсан. Эсвэл Хятадын Засгийн газраас багагүй зээл авч, эдийн засгаа мөнгөөр тэтгэхээр болсон ч байж болох. Нэгэнт нөхдүүд мөнгөтэй болчихвол дарга нарын цалинг хасаад, төсөв хэмнэнэ гэж муухай царайлаад байх шаардлагагүй. Татвар нэмэхээ ч больж мэдэх юм. Энд нэг зүйл сануулахад, энэ ердөө л хардлага шүү. 

Орон нутгийн сонгуулийн өмнө муухай харагдаж болохгүй байв уу

УИХ болоод аймаг, нийс­лэлийн сонгууль болж, МАН үнэмлэхүй ялалт бай­гуул­сан. Ард түмэн тэднийг ав­раг­чаар томилсон ч одоохондоо бидэн рүү “аврах хантааз” шидээгүй л байна. Харин ч эсрэгээрээ чадалтай нь сэлж гараад, чадахгүй нь жив гэсэн бодлого барьж байгаа юм. Бүхий л зүйлийг хаслаа, таналаа гээд л давхив.
 
Оюутны 70, хүүхдийн 20, төрийн албан хаагчдын урамшуулал энэ тэр гээд. Гэтэл гэнэтхэн зангаа хувиргаж, арай өөр шийдлээр өгөхөөр амласан. Хүүхдийн мөнгийг гэхэд эхний ээлжинд 60 хувьд нь шууд өгөөд, үлдсэн 40 хувийнхыг нь гурван жилийн дараа хүүтэй өгөхөөр болов. Оюутны тэтгэлгийг ч гэсэн жилдээ нэг удаа, тэгэхдээ өмнөхөөсөө нэмж олгох талаар ярьж эхэллээ. Юун хасаж, танах. Харин ч бүр нэмнэ гэж байна. Үүнийг орон нутгийн сонгуулийн өмнө ард түмэнд таалагдах гэж хийж байгаа алхам гэж үзэх талтай. Өнөөдөр МАН-ыг сонгосон, тэдэнд итгэсэн олон хүн амаа барьж байна.
 
Сайдын томилгооноос эхлээд л тэд ямархуу хүмүүсийг сонгож, төрд илгээснээ мэдэж буй биз. МАН-ынхан ч гэсэн иргэдийн санаа бодол яаж эргэж байгааг хоёр, гуравхан сарын дотор мэдэрсэн буй за. Тиймээс орон нутгийн сонгуулийн өмнө иргэдэд таалагдах гэж халамж, хэт өндөр цалинг хасах зоригтой шийдлээсээ ухрав. 

Ердөө л АН-ыг харлуулах гэсэн тоглоом байв уу

Манайд улс эх орноо боддог сэтгэлтэй улстөрч гэж түй ч алга. Тэр нам, энэ хүчин гээд байх юм алга. Аль нь ч ялгаагүй. Тэр дундаа МАН-ынхан ард түмэнд л таалагдаж байвал бусад нь яах вэ гэсэн бодлогоосоо огт ухарч чадсангүй. Сонгуулиас хойш хийсэн, хэлсэн, хийх гэж байсан бүхэн нь АН-ын өнгөрсөн дөрвөн жилийг хараар будах л тактик байсан юм биш үү.
 
Сангийн сайд нь гарч ирээд хийсэн мэдэгдэл нь АН-ыг харлуулах. Тэд л ингээд өрөнд оруулчихлаа гэсэн ойлголтыг ард түмэнд өгөх. Дараа нь АН-ын хийсэн муу бүхнээс үүдээд эдийн засаг муудсан учраас бид бүх халамжаа таналаа. Дарга нарын цалинг хаслаа. Төрийн албан хаагчдын урамшууллыг байхгүй болголоо. Энэ бол бидний хийж байгаа юм биш. АН ийм зүйл хийхээс аргагүй байдалд хүргэлээ гэсэн ойлголт өгсөн. 
 
Түүнийхээ дараа хасахаа болилоо. Танах нь зөв байсан ч манай нам иргэдээ тэгж элгээр нь хэвтүүлэхгүй. Сөрөг хүчин хэдий эдийн засгийг мөлхүүлсэн ч бид яаж ийж байгаад өндийнө. Уг нь тэр бүхнийг хасах байсан юм. Гэхдээ бид яаж ийж байгаад өгнө. Энэ бол бидний л ач гэсэн ойлголтыг ард иргэдэд өгөхийг оролдож байх шиг байна. Дараагийн сонгууль болтол энэ маягаар тоглох байлгүй дээ. Бас улс орныг ийм байдалд оруулсан хүнд хариуцлага тооцох тухай ярих болов. Тэгвэл 2008 оноос эхэлж халамж тараасан хариуцлагагүй үйлдлээсээ эхлээд хариуцлага тооцохоос өөр аргагүй болох байх даа. Сүүлийн 26 жилд аль нам засгийн эрхийг олон жил барьсан бэ гэдэг асуултыг тави­вал хариулт тодорхой шүү дээ.
Эх сурвалж: MMINFO
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу