С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН МАТЕРИАЛЫН ХАДГАЛАЛТЫН СТАТУСЫГ ӨӨРЧИЛНӨ

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг төрийн нууцын зэрэглэлээс гаргахыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн, дэмжлээ. Тодруулбал, С.Зоригийг хөнөөсөн гурван иргэнтэй холбоотой хавтаст хэргийн 14,926 хуудас материалыг хэсэгчлэн нууцын зэрэглэлээс гаргахыг Засгийн газар дэмжсэн юм.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулж нэр бүхий гурван хүнд ял шийтгүүлсэн. Уг хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр гаргалаа.

Үүнтэй холбогдуулж Тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгаа хадгалалтын статусыг өөрчилж, УЕПГ-ын Эрүүгийн хэргийн эсвэл Улсын дээд шүүхийн архивт шилжүүлнэ” гэв.

Харин хэргийн захиалагчтай холбоотой 74 хуудас бүхий материалыг нууцад хэвээр үлдээх аж. Тиймээс захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэргийг үндсэн хэргээс тусгаарлаж, шалгалтыг үргэлжлүүлэхээр болжээ.

Хэргийг нууцаас гаргаснаар танилцах, өмгөөлөгч нар нь хэргийн үйл ажиллагааг чөлөөтэй явуулах боломжтой болох юм.


Тэрбээр сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өгөв.

-Хавтаст хэргийн зарим хэсгийг нууцаас гаргаснаар ял шийтгүүлсэн гурван хүний хэрэг дахин сөхөгдөх үү?

-Шуухийн журмаар явна. Ер нь бол тийм бололцоо бий. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурал таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй байдаг. Энэ бүрэлдэхүүн буруу шийдвэр гаргавал Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичиж, шүүгч нарын хуралдаанаар орох хуулийн гарц байдаг. Харамсалтай нь, хэрэг дээр Ерөнхий гшүүгч нь бүрэлдэхүүнээ даргалчихсан учир энэ боломж их хязгаарлагдмал боллоо гэсэн ойлголттой байна. Уг нь Ерөнхий шүүгч хяналтын шатны хуралдаанд оролцоогүй бол алдаа гарсан нөхцөлд залруулах боломжтой байдаг. Хоёрдугаарт, хэрэв алдаа гарсан бол шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гарсан алдааг шалгаж, залруулах жим бий. Үүнийг хуулийн байгууллагууд хэр зэрэг авч үзэхийг би одоохондоо мэдэхгүй байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу