А.Сүхбат: Шинэ гишүүдээс хамгийн мунхаг нь би байх

УИХ-ын гишүүн А.Сүхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газар бүрдүүлэх асуудлаар эхэндээ та хатуу байр суурь илэрхийлсэн ч, түүнээсээ буцсан. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ?

-МАН мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн засгийн газар байгуулна гэж том заалт оруулсан. Үүгээрээ ч бас их олон санал авсан гэж бодож байсан. Гэтэл засгийн газрын гишүүдэд саналын зөрүүтэй хүмүүс оруулж ирсэн тохиолдлууд байгаа. Бүлгийн хурал дээр бид энэ бүх асуудлаа ярьсан. Хоорондоо мэтгэлцдэг, санал бодлоо илэрхийлдэг бидний гол талбар бүлгийн хурал. Тиймээс ч орон нутгаас сонгогдсон гишүүд малын зүс мэддэг, тариа будаа тариад үзчихсэн тийм хүмүүсийг сайд гэж дагуулж очмоор байна гэж хэлсэн. Малчин ард иргэд ч ийм захиас өгсөн гэдгээ ний нуугүй хэлсэн. Түүнээс биш би МАН анхныхаа ялагдлыг хүлээлээ гэсэн утгатай юм яриагүй. Бид бүхэн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө байж чадахгүй байна аа гэж ярьсныг гуйвуулсан.

-Та МАН анхныхаа ялагдлыг хүлээлээ гэсэн үг огт хэлээгүй гэх тайлбар хийж байна уу?

-Миний хувьд хуралдаанаа таслахгүй, байнгын хороодын хуралд ч тэр идэвхтэй сууж байгаа. Парламентад олон жил суусан ахмад хууль тогтоогч гишүүдээс суралцах зүйл ч их байна. Сонсох, хэлэх зүйл олон байна. Тэгэхлээр тулгамдаад байгаа энэ асуудлуудын талаар өөрийнхөө санал бодлыг хэлж, асуултаа тавьсан байгаа. Тийм л зүйл болсон. Ер нь бол ялалт, ялагдал гэж ярих юм сонгуулийн үр дүнг хэлж болох байх. Засгийн газар байгуулах үйл явц МАН шийдэж чаддаг юм байна. Дотоод ардчилал энэ намд байдаг юм байна гэдгийг сая харуулж чадлаа. Түүнээс биш хувь гишүүний акц чухал биш. А.Сүхбат гэдэг хүн Монгол Улсын гавьяат тамирчин, Дархан аварга цолтой. Монгол Улсын Дархан аварга надад хангалттай өндөр алдар нэр. Монгол Улс есөн дархан аваргатай. Үүний тав нь амьд сэрүүн, ажиллаж амьдраад явж байна. Энэ цолыг дааж явна гэдэг бол надад их том ачаа. Би байнга залбирч явдаг. Төр ард түмнийхээ хайрласан цолыг би сэвтээхгүй сайхан авч явах юмсан гэж боддог. Тэгэхээр надад улс төрчийнхөө имижийг өндөр хувьтай бүрдүүлье, нэр нүүр олъё гэсэн зүтгэл байх шаардлагагүй.

-МАН дотоод ардчилалтай гэдгээ харуулж чадлаа гэж та сая хэллээ. Гэтэл Удирдах зөвлөл дээр сайд болох хүмүүсийн нэр шууд уншигдаж, шинэ гишүүдэд үг хэлэх ч боломж байгаагүй гэх шүүмжлэл нам дотроос тань  гарсан?

-Намын Удирдах зөвлөл санал санаачлага гаргах эрхтэй. Тэгэхдээ шинэ гишүүд бидний хувьд бас л хамтын ялалтыг авчралцсан хүмүүс. Тиймээс ч бид бүхэн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа. Болж байгаа юмыг болж байгаагаар нь, болохгүй байгаа бол болохгүй байна гэдгийг нь хэлээд л явж байна. Ингэж байж л намын дотоод ардчилал хөгжинө. Сая тийм л зарчмаар ажилласан. Манай шинэ гишүүд бүгд идэвхи зүтгэлтэй ажиллаж байна. Шалгарсан, сайхан хүмүүс сонгогджээ гэж би хувьдаа харж байгаа. Шинэ гишүүдээс хамгийн мунхаг нь л би байх шиг байна.

-Сайд нарыг сонгох явцад намын дарга М.Энхболдын фракци хүчтэй байж, боломжит суудлуудыг авлаа гэх шүүмжлэл явсан. Төв аймгаас сонгогдсон гишүүний хувьд та ямар тайлбар хийх вэ?

-Төрийн засгийн газар юм уу, Төв аймгийн засгийн газар юм уу гэсэн утгатай зүйлийг УИХ-ын чуулганы үеэр Б.Пүрэвдорж гишүүн ярьсан. Гэхдээ засгийн газрын 15 гишүүн дотор Төв аймгийн гэсэн тодотголтой нэг ч сайд байхгүй. Тэгэхээр явж байгаа ажлыг сулруулах, буруу ташаа мэдээлэл өгч болохгүй гэдэг утгаар би байр сууриа илэрхийлсэн байгаа.  

-Та тойрогтоо хэдийнээс ажиллаж эхлэх вэ?

-Юуны өмнө би чуулган хаалтаа хийсний дараа тойргийнхоо ард иргэдтэй дахин уулзаж баярласнаа хэлнэ. Манай Төв аймгаас 2000 онд төр, нийгмийн зүтгэлтэн Мэндийн Зэнээ гуай миний сая дэвшсэн тойргоос ард олны итгэлийг их өндөр хувьтай хүлээн, парламентад ажиллаж байсан түүхтэй. М.Зэнээ агсан бараг айл өрх бүрээр орж, ард иргэдийнхээ саналыг сонсож, хүндэтгэл үзүүлж явсан. Би ч бас энэ гайхалтай хүний жишгээр ард иргэдтэйгээ ойрхон ажиллахыг зорих болно. Сая сонгуулийн сурталчилгааны 18 хоногт тойргоо хоёр удаа тойрч чадсан. Энэ өөрөө мажоритари системийн хамгийн гол үр дүн нь юм. Том тойрогт айл бүрээр орно гэдэг шиг худлаа юм байхгүй. Одоо бол нэг гишүүн ардаа 40-50 мянган иргэний асуудлыг шийдэхийн төлөө зүтгэнэ. Үүний давуу талыг сайн ашиглаж, санал бодлыг нь дахин нягталж авах бодолтой байна.

-Тухайлсан хуулийн төслүүд санаачлах, ажлын хэсэгт орж ажиллах ойрын зорилт юу байна?

-Цаг үедээ тохирсон хуулийн төслүүд дээр ажиллах бодол байна. Хуулийг батлаад орхих биш, тэр хууль нь оновчтой, настай, мөлжүүртэй байхад анхаарч ажиллана. Одоо шийдэгдэх хэрэгтэй олон асуудал байна. Өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын данс ерөнхийдөө улайсан байна. Монголбанкинд мөнгөний ямар ч нөөц алга. Тэгэхээр ирэх дөрвөн жилд бид бүсээ чангалж байж, улс орныхоо асуудлуудыг цэгцэлж, урагшлуулах шаардлага үүсч байна. Дураараа дургисан, ард түмний хөрөнгөөр тоглосон асуудлууд ч олон гарах гээд байна. Үүнийг шалгаж, засах хэрэгтэй. Бид бүхэн бусдын овоолж хаясан шавхайн дээр халтирмааргүй байна. Тийм болохоор өнөөдөр төр хариуцлага алдсан хүмүүстээ хариуцлага тооцох учиртай. Садан төрлүүддээ хэдэн тэрбумыг цацчихсан юм. Эрдэнэтийн асуудлыг л гэхэд яагаад УИХ-аар оруулж ирээгүй гээд олон асуудал байна. Гэхдээ МАН ард түмэндээ амалсан амлалтуудаасаа нэг ч алхам ухрахгүй.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу