М.ЭНХБОЛД: ХАР PR-ААС ТАТГАЛЗАХ ЧИГЛЭЛ БАРЬСАН

МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ Ерөнхийлөгчийн сонгууль долоон удаа болж өнгөрөхөд МАН дөрөвт нь ялагдал хүлээжээ. Судлан үзвэл хэд, хэдэн хүчин зүйл нөлөөлж байна.

1.Монголын сонгогчдод төрийн дээд байгууллагуудад улс төрийн хүчний тэнцвэрийг буй болгох гэсэн хандлага байсаар байна. Нийгмийн сэтгэл зүйн энэ хандлагыг сайн тооцож, төрийн дээд байгууллагад улс төрийн хүчний зохион байгуулалтын нэгдмэл хүч, бодлогын цогц байдал тогтох нь улс орны хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг ойлгуулж, шинжлэх ухааны тодорхой судалгаанд тулгуурлаж, стратеги тактикаа боловсруулж чадсангүй.

2.Ерөнхийлөгчийн сүүлийн 2 сонгуульд биднийг дэмжигчдийн санал МАН, МАХН-д хуваагдсан дүр зураг ажиглагдаж байна. 2012 оны УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд энэ санал хуваагдал ноцтой нөлөөлсөнтэй харьцуулахад 2017 оны сонгууль эрхбиш өөр нөхцөлд болсон ч нэр сольсны дараах улс төрийн нөхцөл байдал, үр дагавар үргэлжилсээр байна.

3.Энэ бол манай намын хувьд улс төрийн нухацтай дүгнэлт хийж, зөв шийдэл олохыг шаардаж буй өвөрмөц асуудал мөн.   Үүнийг зөвхөн МАХН хэмээх нэрд үнэнч үлдсэн, хоёр нэрийг сольж хольсон, будилж төөрөлдсөн хэсгийн асуудал мэтээр өнгөц ойлгож, тийм байр сууринаас хандаж  болохгүй гэдгийг сүүлийн үеийн сонгуулиудын дүн тодорхой харуулж өглөө.

4.Гишүүн бүртээ хүрч ажиллаж, жаргал зовлонг нь хуваалцах, шаардлагатай асуудлаар дэмжин туслах, үйл ажиллагааг нь урамшуулан сайшаах ажил урьдын адил орхигдсоор байна.

5.Үйлдвэрт хэвлүүлж, орон нутагт хүргүүлсэн бат илэрхийлэхийнхээ тоогоор гишүүнээ бүртгэдэг байж болохгүй.   

6.Намын төлөө сэтгэл зүрхээ зориулдаг, манай намын оршин байхын үндсийн үндэс, улс төрийн хүч нөлөөтэй, хариуцлагатай хүчин байхын хамгийн гол баталгаа  болсон гишүүдээ анхаарлын гадна орхигдуулж, урмыг нь хугалж сэтгэлийг нь сэвтүүлэх явдал байсаар байна. Ийм байдал их ялалтын дараа бүр ч их болдог бололтой. Нам бол гишүүд, дэмжигчдийнхээ хамтын хүчин чармайлт, зөвхөн  тэднийхээ оролцоо, дэмжлэгээр оршин тогтнож, хөгжиж байдаг улс төрийн амьд организм гэдгийг бид хэзээ ч мартаж болохгүй ээ. 

7.УИХ, Засгийн газраас хийж, хэрэгжүүлсэн ахицтай ажил, арга хэмжээнүүд бүгд ард түмэнд хүрч, тэдний дэмжлэгийг авч байгаа мэт төсөөлөх, “Болно биз дээ” гэсэн сэтгэл зүйгээр тайвшрах, сөрөг хүчнээ дутуу үнэлэх хандлага хэвээр байна. Нийгмийн улс төрийн сэтгэл зүй зөвхөн эрх баригчидтай л хариуцлага тооцдог гэдгийг алхам тутамдаа мартахгүй байх ёстой гэдгийг онцлон анхааруулж хэлье.

8.Гишүүд дэмжигчдээ нийтэд нь идэвхжүүлж, тэднээр дамжуулан сонгогч олон түмний, ялангуяа “хөвөгч хэсэг”-ийн гүнд орж нөлөөлж чадахгүй, НАШБ-уудын хүчийг зөв ашигладаггүй, сонгуулийн санхүүжилтийг үр дүн муутай ашиглаж, үрэн таран хийсэн нь цөөнгүй байна.

9.Хүн амын олонхи болсон залуучуудтай ойртож, тэднийг татах чиглэлээр хийсэн ажлууд хэлбэрдэхээс цааш хэтэрдэггүй, зарим тохиолдолд тэднээс цэрвэн зугтах байдал үргэлжилсээр байгааг нуух хэрэггүй. Бидний бодлого нийгмийн тодорхой бүлэг, зорилтот хэсэг рүү чиглэх нь тодорхой ч бүх хүнд хүртээлтэй гэдгийг анхаарах ёстой.

10.Сонгуулийн удирдлага, зохион байгуулалт, сурталчилгаа, ПИАР-ын ажил сул, орчин цагийн сонгуулийн менежмент, арга технологи, мэдээллийн хэрэгсэл, түүний дотор нийгмийн сүлжээний давуу талыг эзэмших тал дээр хоцрогдож байна.

11.Намын дэмжлэгээр томилогдсон удирдах албан тушаалтнуудын дунд хүнд сурталтан, ард түмнээсээ тасарсан, авлига авдаг түшмэдүүд болж хувирсан хүмүүс цөөнгүй, тэдний мэдлэг, чадвар, удирдах арга барил, туршлага ажиллагсад болон иргэддээ гологдож, итгэлийг нь алдах байдал байсаар байна.

12.Монголчуудын сэтгэлийг зовоож бухимдал, дургүйцлийг төрүүлсээр байгаа авлига, хууль завших үзэгдлийг таслан зогсоох талаар олны нүдэнд харагдахаар дорвитой ажлуудыг хийж чадаагүй, алдаа дутагдал гаргасан хүмүүст хатуу хариуцлага тооцох, шударга ёс, хууль журам иргэн бүхэнд ялгаваргүй үйлчлэх зарчим алдагдсаар байхад түүний эсрэг дорвитой арга хэмжээ авч чадсангүй гэсэн юм.

Онцлоход, МАН-Их хурлыг зохион байгуулах тэргүүлэгчдийг есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр батлаад байна. Үүнд, Төвийн бүсийн тэргүүлэгчээр М.Энхболд, нийслэлийн бүсийн тэргүүлэгчээр Д.Амарбаясгалан, А.Ундраа, Ө.Энхтүвшин, хангайн бүсийн тэргүүлэгчээр Я.Содбаатар, говийн бүсийн тэргүүлэгчээр Н.Наранбаатар, Б.Сэмжидмаа, Б.Өлзийбаян, А.Женисхан нар сонгогдсон юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10:02 2017-11-
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу