Элчин сайд нарын асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр хоёр Байнгын хороо хуралдана. Тодруулбал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай санал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2017.11.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх юм.

Өнгөрсөн хаврын чуулганаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ, Япон, Канад, Швейцарь, Франц, ХБНГУ-д суух Элчин сайд нарыг эгүүлэн татаж, оронд нь АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаяр, Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Пүрэвсүрэн, ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганбат, Франц улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөр, Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарь, Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг томилуулсан.

Гэтэл дээрх зургаагаас ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат л томилогдсон орондоо итгэмжлэх жуух бичгээ барьж, ажилдаа орсон бөгөөд бусад нь хэзээ явахаа ч мэдэхгүй хүлээж суугаа юм.

Тэгвэл уг асуудлыг өнөөдөр Байнгын хороогоор хэлэлцэхээр болжээ.

Мөн Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн тайланг хэлэлцэнэ.

Б.Анир

 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу