Г.Төмөрбаатар: Сураггүй алга болсон охиныг эрэн хайх ажлыг Эрээнд явуулаагүй

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг гэх охин сураггүй алга болоод  багагүй хугацаа өнгөрлөө. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 2-ны өдөр найман настай охин сургуульдаа явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсноос хойш 12 хоног өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн сэжүүр гараагүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан, ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал мэдээлэл хийж “Замын-Үүд дэх цагдаагийн хэлтсээс БНХАУ-ын Эрээн хот дахь Монгол Улсын консулийн газарт хүсэлт явуулсны дагуу Эрээн хотын холбогдох байгууллагууд хууль, журмын дагуу эрэн хайх ажиллагааг явуулж байна гэх мэдээллийг  өгч байсан юм. Тиймээс манай сайтын сурвалжлах баг Охиныг эрэн хайх эрлийн ажиллагаа хэрхэн явагдаж байгааг сурвалжлаар Эрээн хотыг зорьсон юм. Биднийг очиход Эрээн хотод охиныг эрж хайж байгаа гэх ямар ч шинж байхгүй оршин суугчид болон цагдаагийн албан хаагчдаас энэ талаар тодруулахад, “Хүүхэд алга болсон талаар сонсоогүй, мэдэхгүй байна. Хэрэв хүн хайж байсан бол ядаж л гудамж талбайд зурагт хуудас наасан байх ёстой. Тийм зүйл байхгүй” гэсэн юм.

БНХАУ-ын иргэн Г: Найман настай охин алга болсон талаар сонсоогүй

-Эрээнд найман настай Монгол охиныг эрэн сурвалжилж байгаа талаар сонссон уу?

-Үгүй ээ анх удаа сонсож байна.

-Охин алга болсон гэх зурагт хуудас наасан байхыг олж харсан уу?

-Хараагүй.

-Wechat-д зар тавигдсан байсан уу. Мэдээгүй биз?

-Би байнга Wechat-д байдаг. Гэхдээ тийм зар хараагүй юм байна.

Тиймээс бид Эрээн хот дахь Монгол улсын Консулын газрыг зорьсон юм. Биднийг БНХАУ-ын Эрээн хот дахь Монгол улсын дэд консул Г.Төмөрбаатар угтаж, тодорхой мэдээллийг өглөө.

-Дорноговь аймгийн Замын-Үүд суманд сураггүй алга болсон найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагааг Эрээн хотод эхлүүлээ гэх мэдээллийг ЦЕГ-аас өгсөн. Охиныг эрэн хайх ажиллагааг энд явуулж байгаа юу?

-Манайх эрэн хайх ажиллагаа явуулдаг хуулийн байгууллага биш. Гэхдээ Эрээн хотод Монгол хүүхдийг эрэн хайх ажиллагааг явуулахаар бол манайд мэдэгдэх ёстой. Одоогоор бидэнд охиныг эрэн хайж байгаа гэх ямар ч мэдээлэл ирээгүй байна. ЦЕГ-аас Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэс Эрээн дэх Консулын газарт албан бичиг хүргүүлж найман настай охиныг эрэн хайх ажиллагааг Эрээн хотод эхлүүллээ гэх мэдээлэл хийсэн. Би тэр мэдээллийг Цагийн хүрдээр үзсэн. Үүн дээр тайлбар хийхэд Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс манайд ямар нэгэн албан бичиг ирээгүй. Ирлээ гээд бид нар өөрсдөө бие даагаад эрэн сурвалжлах ажиллагаа хийдэг байгууллага биш. Тэгэхээр хэвлэлийн бага хурал хийсэн хүн нь буруу ойлгоод буруу ярьсан байж магадгүй. Магадгүй Замын-Үүдэд суугаа БНХАУ-ын Ерөнхий Консулын газарт эрэн сурвалжлах ажиллагаан дээр туслалцаа үзүүлээч гэсэн албан бичиг хүргүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

-Танайх эрэн хайж ажиллагаа явуулдаггүй гэхээр хоёр орны цагдаагийн байгууллага хоорондоо тохиролцоод танайд мэдэгдэлгүйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байх боломжтой юу?

-Тийм байх боломжтой. Гэхдээ хоёр орны цагдаагийн газар холбоо тогтоож хайгуул явуулсан бол Эрээн хот дахь Консулын газарт бичиг ирүүлэх учиртай. Гэвч консулын газарт охиныг эрэн хайхтай холбоотой ямар ч мэдэгдэл байхгүй.

Эрээн хот дахь нөхцөл байдал болоод ЦЕГ-аас өгсөн мэдээлэл ийнхүү зөрчилдөв. Охиныг хил давуулсан байж болзошгүй гэх хардлага иргэдийн дунд их байгаа. Тэр ч утгаараа Эрээн хотод эрэн хайх ажиллагаа явуулж эхэлсэн талаархи мэдээллийг сонссон иргэд битүүхэн баярлаж, бяцхан охиныг олдчих болов уу хэмээн чих тавин хүлээж суусан юм. Гэтэл ЦЕГ-аас худал мэдээлэл тарааж иргэдийг хуурсан болж таарав.

Ямартай ч иргэдийн дунд хүүхдийг хулгайлж хууль бусаар БНХАУ-руу гаргасан байх гэсэн хардлага үүсээд байгаа энэ үед хамгийн өндөр магадлалтай Эрээн хотод ямар нэгэн эрэн хайх ажиллагаа явагдахгүй байгаа нь ийнхүү тодорхой болж, бидний эрэл мухардав.

Үүний дараа бид Дорноговь аймгийн Замын-Үүд суманд очиж эрлээ үргэлжлүүлсэн юм. Замын үүд дэх дэлгэрэнгүй сурвалжлыг маргааш та бүхэндээ хүргэх болно.

Т.Гэрэл 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу