Гадны хөрөнгө оруулагчдыг үргээх аянд Н.Батбаяр Г.Занданшатар нарын араас Ч.Хүрэлбаатар нэгдлээ

УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр 2006 онд алт, зэсээс гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авах санал гаргаж, хуулийн төслийг нь гишүүд ногоон гэрлээр баталж байв. Үр дүнд нь 2005 онд Төв банкинд тушаах алтны хэмжээ 15 тонн байсан бол 2010 он гэхэд 2.2 тонн болтлоо буурсан байдаг. Тухайн үед Н.Батбаяр гишүүнд зэсээс 68 хувийн татвар авах мэргэн санаа төрж, тэр нь УИХ-аар хэлэлцэгдэх үеэр “алт” гэсэн үг нэмэгдсэн түүхтэй.

Бүр нүүрснээс 68 хувийн татвар авах цэцэн санаа гишүүдэд төрсөн ч Ц.Нямдорж гишүүн тас хорьсон гэх яриа өнөө хэр мартагдаагүй байна. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар хэрэгжсэн таван жилийн хугацаанд алт тушаалт далд хэлбэрт шилжиж, үүнийг дагаад валютын үнэ өсөх суурь тавигдсан гэж болно. Мөнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд "Энэ үйлдвэр татварын дарамт дор амь тавилаа" гэж үглэж дуулж явсан нь ч бодитой үнэн билээ.  

Энэ үед Монгол Улс гадаад орчинд “Татварын орчин нь халгаатай” гэх тодотгол зүүж, "Айвенхоу майнз", "Рио Тинто"-гийнхон 68 хувийн татвараа тэглэ гэсэн хатуу шаардлагыг Засгийн газарт тавьж байв. Үндсэндээ таван жил үргэлжилсэн хэл ам, шүүмжлэлийн эцэст 2011 онд уг хуулийг хүчингүй болгосон билээ. Ингэж алдарт 68 хувийн татварыг тэглэснээр Оюу толгойн гэрээ зурагдаж, бусад таатай нөхцлүүдийн дэмээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүртлээ тэлж байв.

Дэлхийн зах зээл дээр Монгол Улсын эдийн засгийн хурдацтай өсөлт анхаарал татаж, мөнгөөр туйлж явсан цаг үед бас нэг хачирхалтай хуулийн төслийг тухайн үеийн Гадаад хэргийн сайд асан одоогийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар санаачилж байлаа. Хуулийн нэр, “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай”.  Хэвлэл мэдээлэл, эдийн засагчид болон мэргэжлийн хүрээнийхний шүүмжлэлийг дагуулсаар батлагдсан хуулийг хөрөнгө оруулагчид “Ялгаварлан гадуурхалтын хууль” хэмээн тодотгож байсан нь бий.

Уг хуульд, уул уурхай, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, банк санхүүгийн байгууллагын 49-өөс дээш хувийг гадны байгууллага эзэмшихээр болж, 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийхээр болвол Засгийн газар, УИХ-аас заавал зөвшөөрөл авахаар тусгаж өгөөд байв. Чөлөөт зах зээлийн харилцаанд шууд байдлаар хориг тавьсан уг хууль батлагдсанаар мөн л хөрөнгө оруулагчид Монгол Улсаас дөлж эхэлсэн байдаг.

Ингэж 2012 оны тавдугаар сард батлагдсан хууль 2013 оны аравдугаар сард цуцлагдах хүртлээ эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, вальютын урсгалыг царцанги байдалд оруулсан. Чухам энэ үед Монголыг сонирхож байсан хөрөнгө оруулагчид “царцаа” болж, Канад руу нисэх үндэс суурь нь тавигдсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Тухайн үеийн Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын ганц удаагийн саваагүйтэл том дүнгээрээ улсыг хохируулаад өнгөрсөн.

Өнөөдөр ч Н.Батбаярын гэх автортой алт, зэсийн 68 хувийн гэнэтийн татвар, Г.Занданшатарын гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуулиудын сөрөг нөлөө, гаднах орчинд тарьсан муу мэдээ мартагдаагүй байна. Гэтэл гадны хөрөнгө оруулагчдыг үргээх утга агуулга бүхий бас нэг хуулийн төсөл 2018 оны төсвийн тухай хуультай дагалдах байдлаар өргөн баригдав.

Тодруулбал, төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд ашигт малтмалын лицензийн эрхийг шилжүүлэх бол 30 хувийн татвар ногдуулахаар тооцож, Ашигт малтмалын тухай хууль болон Газрын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Анх өргөн баригдсан тоо хэмжээ нь буурч, 15 хувь дээр ирсэн ч хуулийг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн Ашигт малтмалын тухай хуульд л гэхэд 30 гаруй заалт өөрчлөхөөр байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр эрх баригч намын Г.Тэмүүлэн  тэргүүтэй гишүүд “Хэдхэн тэрбум төгрөг олохыг зорьж байгаад том дүнтэй хэлцлүүдээ цуцлах эрсдэлтэй. Гадны хөрөнгө оруулагчид биднийг дахиад л тогтворгүй байдал үүсгэлээ гэж харна” гэсэн утга бүхий байр суурь илэрхийлсээр байгаа юм. Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нам гэдийж, “Төсвийн орлогыг л нэмэгдүүлэх гээд байна” хэмээсэн тайлбараар эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлчихэв.

Энэ асуудал МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар яригдаж, “Оноос өмнө Ашигт малтмалын хуулиа дахин өөрчлөхгүй бол ирэх онд хөрөнгө оруулагчид манайхаас үргэх өндөр эрсдэлтэй. Ирэх оны төсвийн тухай хууль үнэхээр муу, судалгаагүй, хүч түрсэн байдлаар хэлэлцэгдлээ” гэж яригдсан байна.

“Монгол Улс уул уурхайн салбараас төсвийн орлогын нэгээхэн хэсгээ бүрдүүлдэг. Гадны хөрөнгө оруулагчдын ая талыг харж, хууль номоо тогтвортой байлгах шаардлагатай нүүр тулгардаг. Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс улсын эдийн засгийн өсөлт, бууралт бүрэн хараат байгаа”. Энэ бүх бодит дүгнэлтүүдийг улстөрчид заримдаа санаатайгаар орхигдуулдаг тал бий.

Гэнэт нэг өглөө сэрэхдээ улс орны эрх ашигт харшлах хуулийн төсөл барьж ороод, чичирсээр батлуулдаг жишиг тогтчихоод байна. Энэ удаа Н.Батбаяр, Г.Занданшатар нарын жишгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар давтлаа. Цаасан дээрх хуулийн өөрчлөлт нь харин хэр удаан тэсэхийг одоо хэлэхэд арай эрт юм. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу