Ерөнхий сайд хэмээх том эрх мэдлийн цаана...

 

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноосоо хойш костюм, зангиагаа хэдэн ч удаа солив. Үзэгдэх байдал, имидж талаасаа өөлөх юм үнэхээр алга. Нийгэмд тулгамдаад байгаа олон асуудал түүнийг хүлээж байгаа ч энийг барьж аваад, тэрийг зоригтой шийдчихлээ гэх дорвитой хийсэн ажилгүй сууж байгаа нь жаахан тиймхэн. Өмнөх Засгийн газрыг унагах ажлыг оройлохдоо ундрааж байсан тэр их эрч хүч, бяр чадал нь хаачив гэмээр үлбэгэр сулбагар дорой байдлыг  гаргах боллоо. УИХ-ын индэр дээрээс хэрүүл хийхийгнь  эс тооцвол шүү дээ.

Ядаж л 2017 онд монголчуудын амьдрал ямар байх өнгийг тодорхойлох ёстой Төсөв хэмээх том уутныхаа хэм хэмжээг батлуулчихаж чадахгүй л уймарч сууна. Ерөөсөө Ерөнхий сайдын оруулж ирсэн төсвөөс улс оронд тулгамдаад буй асуудлуудыг барьж авсан гэхээсээ тойрогт мөнгө тарааж, гишүүдийг “авлигадах” гэсэн бялдуучлалын үнэр ханхлаад байгаа нь хачирхалтай. Баянгол дүүргээс сонгогдсон Д.Лүндээжанцан гишүүн гэхэд л жижигхэн тойрогтоо ганцхан жилд л гэхэд 17 тэрбум төгрөг цутгах халгиж цалгисан төсөв бичээд маадгархан сууж байх жишээтэй. Ойр зуурхан түвд ном судар аялуулчихад Лүндээ гишүүн өдийд арц, хүж уугиулчихсан Ерөнхий сайд, Сангийн сайд хоёртоо зориулж хийморийн сан тавьж суугаа биз. Үнэхээр тэр 17 тэрбум төгрөг тойргийнх нь иргэдэд очдог бол баярлууштай. Гэвч 17 чингэлэг спирт, офшорт нуусан 17 тэрбум гэхчилэн монголчуудын хувьд хар сэжиг төрүүлэм тоо болоод байгаа. Гишүүдийн тойрогтоо цацах мөнгийг “Гишүүдийн багц” гэх агаад энэ мөнгийг хэрхэн захиран зарцуулдаг нь нээлттэй ил тод биш байдаг нь АТГ-ынхны анхаарлыг огт татдаггүй нь бүр ч сонирхолтой.

Ийнхүү Ерөнхий сайд нэг гараараа баруун солгойгүй мөнгө цацах төсөв оруулж ирсэн ч нөгөө гараараа татвар нэмэгдүүлэх санал оруулж ирснийг гайхаад баршгүй парадокс болов. Энэ асуудлаас болоод Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүний, өөрийнгүй олон гишүүнээс зэмлэл сонссон. Учир нь, өнөөх л жирийн иргэд, бизнес эрхлэгчдийн нуруун дээр дарамт болж очих улиг болсон татваруудыг тэр оруулж ирсэн. Манайд татварын шинэчлэл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ гишүүд, сайд нарын “багц” хэмээх ёроолгүй савыг дүүргэх зорилготой, иргэдийн нурууг бөхийлгөх ид шидтэй бодлого биш эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байх жинхэнэ бодлого хэрэгтэй. Уг нь иргэд болон зарим гишүүд Ерөнхий сайд, Сангийн сайд хоёроос арай өөр зүйл хүлээж байсан нь лавтай. Гэвч тэдний цүнхэлсэн төсөв урьд өмнөх төсвүүдээс ялгараад байх  зүйлгүй халамжийг хавтгайруулж, бүр халууруулсан 300 мянга тараах, гишүүд, сайд нарын багцыг хэдэн тэрбумаар нэмэгдүүлсэн, нөгөө талаасаа иргэд, аж ахуйн нэгжид дарамт үүсгэх татварын нэмэгдлүүдээр хачирласан ядруухан бодлоготой төсөв оруулж ирсэн нь олон хүний урмыг хугалж байгаа нь лавтай. Үүнээс болоод парламент болоод засаглалын түвшинд хямрал нүүрлэж Төсвийн байнгын хороо хуладаж чадахгүй, өдийг хүртэл төсвийнхөө хэлэлцүүлгүүдийн ард гараагүй л явна. Гэтэл хуулиараа бол энэ сарын 15 гэхэд Ерөнхий сайд төсвөө батлуулж амжих ёстой. Эс чадвал УИХ тардаг хуультай. Монголын улс төрийн түүхэнд ингэж хугацааг нь тулгаж төсвөө батлуулж байсан түүх байхгүй. Ерөнхий сайдын энэхүү бүтэлгүйтэлтэй шууд холбоотой хүн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Мордохын хазгай гэгчээр анхнаасаа л шүүмжлэл, хориг дагуулж томилогдсон сайдаасаа болж энэ засаг нэг юм дуулах нь ч дуулгах бололтой. Хэзээ вэ л гэдэг асуудал байна. Цаашдаа У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар хоёр амжилттай дөрөө харшуулж, ард иргэдийнхээ хүлээлтэд нийцэж ажиллая гэвэл “Ерөнхий сайд”, “Сангийн сайд” хэмээх том эрх мэдлийн цаана байдаг том үүрэг хариуцлагаа ухамсарлах шаардлагатай болж байна. Бодлого бус залхуурал, шийдэл бус тайвшруулах төдий аргацаасан иймэрхүү төсөв, бодлогуудыг олон нийт төдийгүй, УИХ дэмжихэд ч хэцүү болох вий.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу