Н.ДЭМБЭРЭЛ: У.ХҮРЭЛСҮХ БОЛ АН-ЫН ЕРӨНХИЙ САЙД

Эрх баригч МАН энэ сарын 20-22-нд Их хурлаа хуралдуулна. Тус хурлаар МАН шинэ даргаа сонгох юм. Намын даргад өрсөлдөгчид эхнээсээ тодорч байна.


Эрх баригч МАН энэ сарын 20-22-нд Их хурлаа хуралдуулна. Тус хурлаар МАН шинэ даргаа сонгох юм. Намын даргад өрсөлдөгчид эхнээсээ тодорч байна. Тэдний нэг нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл. Тэр нийгэмд танил улстөрч биш. Гэхдээ улс төрийн хүрээнийхэн түүнийг мэдэх бөгөөд Н.Дэмбэрэл сүүлийн 20 орчим жилд болж өнгөрсөн УИХ болон Ерөнхийлөгчийн, Нийслэл, орон нутгийн сонгуулиудын пиарыг хариуцан удирдаж, МАН-ын гал тогооноос хэвлэл мэдээлэл, улс төр хоёрыг холбож байсан гол хүний нэг байсан юм. Түүний “zarig”-т өгсөн ярилцлагыг сийрүүлэн хүргэж байна.
–МАН-ын Их хурал 20-22-нд болно. 1306 төлөөлөгч оролцоно. Та намын даргад нэр дэвшинэ гэлээ. Хамгийн эхэнд ингэж зарласан хүний нэг нь Та. Намын даргад өөр хэн хэн нэрээ дэвшүүлэх бол, танд тооцоолсон хүн бий юу?
-Нам бол үзэл санааны нэгдэл байдаг. Намын дарга гэдэг бол энэ үзэл санааны нийлбэр нь байх ёстой. Тэгэхээр намын даргад нэр дэвших хүмүүс бол өөрийнхөө үзэл санаа, хөтөлбөрөө гаргаж ирээд уралдаан зарлаад өрсөлдөх ёстой. Намын ямар ч гишүүнд нээлттэй, ил тод өрсөлдөх ёстой. МАН бол энэ дагуу л явж байна.
-Яагаад та нэрээ дэвшүүлэх болсон бэ?
-Би энэ намын дотоод үйл ажиллагаа, үйл явдалд оролцоод 20 орчим жил болж байна. Үүнээс өмнө би намын гишүүн биш байхдаа ч энэ намын дотоод амьдралд оролцож явсан. Энэ намыг өөдтэй өнгөтэй яваасай, Монгол Улсад өөрийнхөө манлайллыг хэрэгжүүлээсэй, Монгол орны хувь заяаг өөрчлөөсэй гэсэн хүслийг тээж ажиллаж ирсэн. Стратегийн зөвлөгөөг намын дарга болон намын тодорхой албан тушаалтнуудад өгч ч явсан. Өнөөдөр ч энэ намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байна. Гэхдээ дээрх бүхнийг хэрэгжүүлэх боломж бололцоо харьцангуй хязгаарлагдмал байлаа. Өнөөдөр бол би энэ намынхаа гүйцэтгэх засаглалд гараад энэ бүх боломж бололцоог нээж олохын төлөө нэрээ дэвшүүлж байгаа юм.
-Өрсөлдөгч нар нь хэн хэн байх бол. Энэ талаар та мэдээлэл авсан уу?
-Өрсөлдөгч хэн байхаас үл шалтгаалаад өөрийнхөө үзэл бодлыг хэрэгжүүлэхийн төлөө нэр дэвшиж байгаа юм.
-Энэ бол нийтийн сонгууль биш. Намын гишүүдийн дунд явагдах сонгууль. Намдаа хэн нөлөөтэй байна вэ, хэн их ажилласан байна вэ, хэн их олон хүнийг нэгтгэсэн фракцтай байна, тэр хүн ялах магадлал өндөр харагдаад байна л даа. Танд ямар нэгэн дэмжлэг байгаа юу?
-Мэдээж хэрэг надад тодорхой хэмжээнд дэмжлэг байгаа. Гэхдээ зарим нэгэн нэр дэвшигчидтэй адилхан би мөнгө тараагаад байж чадахгүй. Би үзэл санааны мөрийн хөтөлбөрөө л дэвшүүлж байна. Ер нь бол намын даргад өрсөлдөх гэж байгаа хүмүүс эхнээсээ мөнгө тараасан, хоёр сая төгрөг тарааж байгаа гэсэн мэдээлэл надад ирсэн.
-Хэн?
-Хэнийг нь хэлээд яахав, өөрсдөө мэдэж байгаа байх. Ямар ч байсан Зүүний хүчний холбооныхон гэхэд Баян-Өлгий аймагт хоёр сая төгрөг тараасан жишээ байна. Гэхдээ шударга ёс, хариуцлага ярьж байгаа юм бол, МАН өөрөө Монгол Улсыг манлайлагч хүчин байхыг зорьж байгаа юм бол ийм тоглоом тоглоод цаашаа явахгүй л дээ. Тэгэхээр тэр хүмүүс тэрийгээ хийгээд явдаг юм байгаа биз. Би харин өөрийнхөө үзэл бодол, санал санаачилгыг л гаргаж тавьж өрсөлдөнө.
-МАН 90 жилийн түүхтэй улс төрийн ууган нам, боловсон хүчин сайтай гэж яригддаг. Гэвч энэ жилийн хувьд өөр харагдаж байна. Эв түнжингүй, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг ийш тийшээ харчихсан гэдэг ч юм уу. Та намынхаа эв нэгдлийг хангах асуудлыг гаргаж тавьж байгаа мөрийн хөтөлбөртөө яаж тусгасан бэ?
-Энэ чигээрээ явах юм бол 2020 онд, МАН-ын 100 жилийн ойгоор орших уу, эс орших уу гэдэг асуудал яригдах байх. Яагаад гэвэл, сөрөг хүчин нь манай намын даргыг захиалдаг, манай намын хэн төрд ажиллахыг захиалдаг ийм үе ирчихсэн байна. Үүнийг бол намын гишүүд өөрсдөө шийдэх биз дээ. Үүн дээр олон юм яриад яахав. Гэхдээ асуудал нууц биш. Жишээлбэл, Ерөнхийлөгч дөрвөн сайдын суудал авна гээд авч байна. Хэн Ерөнхий сайд болох вэ гэдэг асуудлыг Ерөнхийлөгчийн багаас захиалсаар байгаад авч байгаа биз дээ. МАН-д өөрийн гэсэн гишүүд, үзэл бодол байхгүй болчихсон юм уу?
-У.Хүрэлсүх сайд АН-ын сайд юм уу?
-Хэрэв та нар ажигласан бол Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшсэн хүнийг дэмжиж ажилласан хүмүүс бүгдээрээ ард нь ажиллаж, хэвлэл мэдээлэл дээр нь ажилласаар байгаад гаргаад ирлээ. Тийм болохоор би тэгж л харж байна.
-Уг нь бол танай намын гишүүн биз дээ?
-Аль намыг нь одоо ойлгохоо больчихлоо.
-Хэрвээ У.Хүрэлсүх сайд намын дарга болж чадахгүй бол Ерөнхий сайдаасаа огцрох уу. Намын дүрэмд ийм байгаа. Эсвэл цаашдаа тохироод явчих юм болов уу?
-Сайд дарга болох гээд би үүнийг ярьж байгаа юм биш. Өнөөдөр шинэ үе ирчихлээ. Хорь гаруй жил явчихсан бидний зам болохгүй байна. МАН одоо зарчмын хувьд өөрчлөгдөх шаардлага тулчихаад байна. Яагаад гэвэл социализмын үеэс үлдсэн зарим нэг асуудлаа шийдээд, нэг талдаа багтаад явахгүй бол бид XXI зуунтайгаа хөл нийлж чадахгүй байна. Өнөөдөр бид шинэ зуунд ороод 17 жилийг үзэж байна.
Гэтэл бид энэ зууныхаа чиг хандлагыг ойлгохгүй, нөгөө хуучнаараа л хийгээд явж байна. Үүнийг бид хийхгүйгээр намаа аварч чадахгүй, энэ улсын манлайлагч нам болж чадахгүй. Бодлогоо хэрэгжүүлж чадахгүй, ийм л болно.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу