Домогт Жорж Сен-Пьерийн эргэн ирэлт

Холимог тулааны UFC холбооны 217 дахь тулаан өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын Нью Йорк хотод боллоо. Алдарт Мэдисон Скуэр Гарденд болсон уг тэмцээнд нийт 11 тулаан болсноос хамгийн сонирхолтой, үзүүштэй нь эрэгтэйчүүдийн -84 кг жинд болсон юм.

Нэгэн үе UFC-н нүүр царай болж явсан Канад тулаанч Жорж Сен-Пьер дэвжээнд эргэн гарсан нь энэ байсан бөгөөд түүний эсрэг энэ жилийн аварга цолыг эзэмшигч Их Британийн Майкл Биспинг өрсөлджээ.    

Аварга цолоо нийт 517 хоног эзэмшсэн Британи эр энэ удаагийн тулаанд ялагдал хүлээсэн бөгөөд ЖСП уг өрсөлдөөнийг хугацаанаас өмнө дуусгаж (3-р үе, 4:23) -84 кг жингийн аварга цолыг анх удаа хүртжээ. Ингэснээр тэрбээр 2 өөр жинд аварга болсон UFC-н 4 дэх тулаанч болж, түүхэнд нэрээ үлдээлээ.  

Мэргэжлийн замналдаа 28 тулаан хийж 26 хожил, 2 хожигдолтой гарч ирсэн шилдэг тулаанчийн хувьд хамгийн сүүлд UFC 167-д оролцож байсан бөгөөд тулаан 2013 оны 11-р сард болж байсан түүхтэй. Энэ үед тэрбээр доод жинд буюу -77кг жинд өрсөлдөж 3 удаа ялагчаар тодорч байсан юм. Тэрбээр 2008 оны 8-р сараас хойш нийт 2064 хоног аварга цолыг эзэмшсэн аж. Энэ хугацаандаа 9 тулаанд дараалан ялалт байгуулж цолоо хамгаалсан нь энэ жингийн дээд үзүүлэлт билээ.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу