Уулчин хүний алдаа эхнийх бөгөөд эцсийнх байдаг

Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан уулчдаас 17 нь золгүй ослоор амь насаа алдаж, ойр дотныхон нь төдийгүй монгол зон олон харуусан гашуудаж байгаа.

Осолдсон иргэдийн цогцсыг өчигдөр үдээс өмнө олж дууссан бөгөөд Засгийн газар, Улсын онцгой комисс, ОБЕГ-аас эрлийг зогсоосноо албан ёсоор мэдэгдсэн билээ.

17 уулчин түрүүлж уруудсан бөгөөд 10 хүн аппаратаа далд хийхээр 30 секунд саатсанаар амьд үлдэх хувь тохиосон юм. Гэвч анд нөхдөө амиа алдахыг нүдээрээ харсан тэд одоо болтол сэтгэлийн хямралаас гарч чадаагүй байгаа тул сэтгэлзүйчид сэтгэл санааны засал хийж байгаа аж.

Цасан нурангид даруулсан гэж хэвлэлүүд мэдээлээд байгаа ч эхний хоёр олс бүхий 17 хүний алхалтыг дийлэлгүйгээр хөл дор нь байсан мөс доошоо цөмрөөд, хавцал руу унасан гэж мэргэжлийн уулчид үзэж байна. Хэрвээ дээрээс асар хүчтэй цасан нуранги орж ирсэн бол амьд үлдсэн арван хүн ч гэсэн амь үрэгдэх байжээ.

Харин амиа алдагсдыг болон амьд үлдсэн хүмүүсийг буруутган зэмлэж, дайрч доромжлох явдал хэрээс хэтэрч байна. Яахав, мэргэжлийн уулчид цөөхөн голдуу сонирхогчид байсан, байгаль хамгаалагчийн танилцуулсан хууль дүрмийг дагаагүй, авиралт хийх цаг улирлаа буруу сонгосон нь тэдний буруу байж болох.

Тэгэхдээ монголчууд хэзээнээс нааш нас нөгчсөн нэгнээ муу хэлж, харааж зүхэж, тавлан тохуурхах нь бүү хэл нэрийг нь ч хэлэхээс цээрлэдэг ард түмэнсэн. Өнөөдөр амиа алдсан хүмүүс тэдэнд хамаагүй, хаа холын хүмүүс байгаад яаж ч тавласан болно гэж бодож байгаа бол үхэл зовлон хэзээ айлчилж, хэнийг авч явахаа урьдчилж мэдэгддэггүй. Цаг нь ирвэл үхэлтэй хаана ч, хэзээ ч учирч болох ёр дагуулсан билиггүй үгсээ цэгнээсэй.

Цахим ертөнцийн од гэж өөрсдийгөө дөвийлгөдөг хэт мэдэрхийрэгчдийн нэг "Дух" мух ч билүү бас нэг хочтой Б.Цэцэг амьд үлдсэн хүмүүсийг амиа хичээгчид хэмээн хээвнэг биччихээд сууж байх юм. Шуудхан хэлэхэд ер нь түлхээд унагаачихсан биш дээ, тэр хүмүүс. Тухайн үйл явцыг хажуунаас нь харж байсан мэтээр дүгнэлт хийж ухаантай царайлахаа л больчих.

Эцэст нь хэлэхэд уулчин хүний нэг л гаргасан алдаа эцсийнх байдаг. Энэ дээр ингээд алдаа гаргачихлаа, дараа засч залруулна гэсэн зүйл огт байдаггүй нь хатуу бөгөөд үнэн үг. Энэ нь гаргасан алдааныхаа төлөөсийг амиараа төлдөг гэсэн үг.   

Үхэхээр зорьж яваагүй, санамсаргүй тохиолдлоор амиа алдагсдыг үлийгээ хийж тэнд тэнэж явсан юм гэж бурууг тохохын оронд ганц ч болов зул асааж өргөвөл тэр нь талийгаачдын замыг гэрэлтүүлэх буй за. 

У.Маргад
www.Leaders.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу