М.Энхболдын туслах Соната-7 голж, Ланд-200 автомашин албан хэрэгцээндээ гаргуулжээ

УИХ-ын дарга М.Энхболдын туслахын албан ажилдаа хотод ашиглаж буй Ланд-200 автомашин

 

-ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙГ ТУСЛАХЫНХАА АЛБАН ХЭРЭГЛЭЭНЭЭС ЭХЛҮҮЛ М.ЭНХБОЛД ДАРГАА-

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн жил (2015 он) төрийн байгууллагуудыг 100 км-т 16 литрээс их шатахуун зарцуулдаг автомашиныг хот дотор ашиглахыг хязгаарлаж, шатахуун бага зарцуулдаг суудлын автомашин албан хэрэгцээндээ ашиглах, түүгээр дамжуулж хэмнэлт хийх шийдвэр гаргасан. Харин туулах чадвар сайтай жип автомашиныг зөвхөн хөдөө ажлын дуудлагад ашиглаж байх чиглэл өгсөн.

2014 оны байдлаар төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслэлийн зардалд 5 тэрбум төгрөг, жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд нийт 50 гаруй тэрбум төгрөгийн зардал гаргасан байдаг.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төсвийн тодотголын хүрээнд улс орон даяараа хэмнэлтийн горимд шилжинэ гэж мэдэгдэж байгаа. Тухайлбал төрийн албан хаагчдийн цалинг бууруулна, Зарим татварын хувь хэмжээг нэмэгдүүлнэ, Оюутны 70 мянган төгрөгийг зогсооно, Хүүхэд бүрд олгодог 21 мянган төгрөгийг зорилтод хэсэгт олгох зэрэг юм.

Ер нь бол 519 шүүгчийн цалинг бууруулаад жилд 3.2 тэрбум төгрөгийг хэмнэхийн оронд Дэд сайд гэсэн албан тушаалтнуудыг татан буулгахад тэдгээрийн цалин, хангамжаас 4 тэрбум төгрөг хэмнэх боломж бий гэсэн тооцоо бий.

Харин агентлагийн дарга нарыг жижиг тэргээр албан ажлаа амжуулж, зөвлөхгүй ажиллах үүргийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өгсөн. Гэсэн хэдий ч зарим төрийн өндөр албан тушаалтнуудын тансаг хэрэглээ олны анхааралд өртсөөр байгаа юм. Тухайлахад, Нийслэлийн засаг дарга Су.Батболд нарын зарим албан тушаалтнууд ажлын өрөөгөө багагүй төсөв гаргуулж, тохижуулсан нь олны шүүмжлэлийг хүлээсэн. Энэ дуулиан дарагдаж амжаагүй байтал УИХ-ын дарга М.Энхболдын туслах залууд хот дотор унахад зориулж албаны хэрэгцээнд автобаазаас “Соната-7” автомашин гаргаж өгтөл, түүнийг нь голж “Ланд 200” автомашин болгуулсан тухай мэдээлэл гарах болов.

Бид энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжаас тодруулахад,

“УИХ-ын дарга болоод гишүүдийн зөвлөх, туслахууд шаардлагатай ажилтай үедээ автобаазад дуудлага өгч автомашин гаргуулж ашигладаг. Өмнөх УИХ-ын даргын туслахууд ч дуудлага өгөөд автомашин ашигладаг л байсан. Ихэнхдээ тэд өөрсдийнхөө автомашинаар л ажлаа амжуулдаг даа. Гэтэл М.Энхболд даргын туслах залууд автобаазаас Соната -7 машин албан хэрэгцээнд нь гаргаж өгтөл түүнийг нь голоод Ланд-200 автомашин болгуулсан талаар манай баазын жолооч болгон л ярьж байна. Хэзээ байтлаа туслахууд Ланд албан ажилдаа унадаг байлаа даа. Уг нь хотод албан ажлаа амжуулахад жижиг тэрэг тохиромжтой. Төсөв мөнгө талаасаа ч тэр” гэсэн юм.

Харин өчигдөр буюу есдүгээр сарын 1-ны өдөр хичээлийн шинэ жилийн нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд оролцох үеэр түүний туслах 00-16 УБЗ улсын дугаартай Ланд 200 автомашин хэрэглэж байв. Сүүлийн үед эрх баригчид Хасна, Танана, Бүсээ чангална гэхээс өөр зүйл ярихаа байсан. Гэтэл зарим хэвлэлүүд УИХ-ын дарга, гишүүд, сайд нар болоод тэдний тойрон хүрээлэгчдэд хандан хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлэх уриалга гаргаад байгаа билээ.

Г.ИТГЭЛ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу