Ц.Цогзолмаа: Гишүүн болчихсон учраас л намайг хардаад байгаа юм

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ЦАЛИНГААР ОРОЛДОХ ШААРДЛАГАГҮЙ-

-Төсвийн тодотголын хүрээнд яригдаж буй алдагдал, төсвийн тасалдалд хувь гишүүний үүднээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал хүндрэлтэй байгааг иргэд толгой дараалан мэдэж байгаа. Нөгөөтэйгүүр сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ засгийн газар өөрөө намынхаа амлалтад нийцүүлэн мөрийн хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлэх учиртай. Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэлэлцэж буй энэ цаг үед төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөөлөл яригдаж байна. Ийм үед ямар байдлаар эдийн засгийн хүндрэлийг давж гарах вэ гэдэг асуудал дээр эцсийн шийд гараагүй байгаа. Энэ асуудлыг тойрч МАН-ын бүлгийн гишүүд нэлээд хэдэн өдөр ярилцаж байна. Би бусад гишүүдийн нэгэн адил хувь хүнийхээ үүднээс эдийн засаг өнөөдөр яг яачихсан юм. Ямар байгаа юм, төсвийн алдагдал юунаас болж үүсэв, бондын мөнгөнөөс зээл авсан байгууллагууд юу хийж байна гэхчилэн үнэн бодит мэдээллүүдийг сөхөж харахыг эрмэлзэж байна. Эдгээр мэдээллүүд олон нийт болоод УИХ-ын гишүүдэд ч нээлттэй байх ёстой.

-МАН-ын бүлэг дээр цалин хасах эсэх асуудал нэлээд маргаан дагуулж, эцэст нь хасахгүй байх шийдэлд хүрлээ. Энэ байр сууриа цаашид эрх баригч нам хэвээр хадгалаад явах боломжтой болов уу?

-Засгийн газраас төсвийн хэмнэлтийн хүрээнд цалин хөлсийг тодорхой хувиар танах санал оруулж ирсэн. Гэхдээ ТЭЗ-8-аас дээш зэрэглэлтэй албан тушаалтнуудын цалинг бууруулах  асуудлыг хөндсөн. Энэ нь яамаар аваад үзэх юм бол газрын даргаас дээш цолтой албан тушаалтанд хамаарна гэсэн үг. Ерөнхий дүнгээр нь аваад үзэхээр цалингийн бууралтаас хоёр тэрбум төгрөг хэмнэхээр байна. Энэ нь их мөнгө биш. Гэтэл нөгөө талд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд концессийн гэрээгээр хийгдсэн ажлын зардлыг төлөөгүй, өр болоод үлдчихсэн асуудлуудыг төлөхөөр төсвийн тодотголд орж ирсэн байгаа. Би үүн дээр хувь  гишүүнийхээ зүгээс цалингаар оролдох шаардлагагүй гэсэн байр суурь барьж байна. Өнөөдөр хувийн хэвшлийн олон газар хаалгаа барьчихсанаас үүдэж орлогогүй иргэдийн тоо өсчихсөн байхад бид дээрээс нь цалин танахаар санал оруулах нь зохимжгүй юм. Тиймээс ч МАН-ын бүлгийн хуралдаанаар уг асуудлыг нухацтай хэлэлцэж, цалин хасахгүй байх шийдвэр дээр санал нэгдлээ. МАН энэ асуудал дээр улстөрийн шийдлээ гаргачихлаа. Цаашдаа энэ байр сууриа хадгалаад явна гэж харж байна.

-Засгийн газраас найман төрлийн татвар нэмэх санал оруулж ирсэн. Олон нийтээс ч нэлээд шүүмжлэл сонслоо. Ер нь татварын өсөлтийг ямар түвшинд барих ёстой юм бэ?

-Төрд хэдэн жил ажилласан хүнийхээ хувиар, тойргийн иргэдийн эрх ашгийг хамгаалах үүргийн хүрээнд ч тэр татвар нэмэгдүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа. Эдийн засгийн энэ хямралтай үед татвар нэмэгдүүлснээр ард иргэдийн ачаа улам хүндэрнэ гэсэн үг. Ялангуяа эрүүл мэндийн даатгалын шимтгэл, Нийгмийн даатгалын шимтгэлүүдийг нэмэхгүй байх саналыг би гаргаж байгаа. Татвар нэмэх асуудал маргааш /өнөөдөр/ эцсийн байдлаар тодорхой болно. Сангийн яам, бүлгээс гарсан ажлын хэсгийнхэн хамтарч ажиллаад татварыг нэмэхгүй байх боломжуудыг судалж байгаа. Зайлшгүй нэмэх тохиолдолд тансаг зэрэглэлийн татварыг нэмэх асуудлыг хөндөнө. Орон сууцаар жишээлэхэд 150 м.кв-аас дээш талбайтай  байранд татвар нэмэхээр санал орж ирсэн бол үүнийг 250 м.кв болгон өсгөхөөр боллоо. Ингээд ирэхээр тансаг хэрэглээтэй хэсэгт татварын нэмэлт үйлчилнэ гэж тооцоолсон байгаа.

-Эрүү болон Зөрчлийн хуулийг өөрчлөх асуудал хөндөгдөж байгаа нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй байх М.Энхболдын төлөвлөгөө гэсэн хардлага хүмүүст бий?

-Энд багц хуулиудын асуудал яригдаж байгаа. Хуулийн хэрэгжих хугацааг заавал ирэх оны долдугаар сарын 1 биш, аль болохоор ойрын хугацаанд батламжлах чиг барьж байгаа. Эдгээр хуулиуд өөрөө нийгэмд маш их хүлээлт үүсгэж байна. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг бид ойрын хугацаанд оруулж ирэхийг Хуульзүй, дотоод хэргийн яам болон  холбогдох  байгууллагуудаас нь шаардаад явж байна. Тэгэхээр энд улстөржүүлээд байх асуудал үүсээгүй гэж харж байна.

-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ТАТАЖ АВААГҮЙ-

-Өмнөх парламентын эмэгтэй гишүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулах гэж нэлээд махруу ажилласан. Гэтэл шинэ парламентын эмэгтэй гишүүд энэ асуудал дээр дуугарахгүй, араас нь явахгүй байсаар буцаалаа гэх шүүмжлэл гарлаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Бид хангалттай байр сууриа илэрхийлсэн. Өмнө нь УИХ-ын гишүүн байсан эмэгтэйчүүд нийгэмд буруу мэдээлэл өгөөд байна. Сошиал, твиттерээрээ энэ талаар дууграх болсон. Энэ бол их болчимгүй үйлдэл. Яагаад гэхээр, энэ хуулийг эмэгтэй гишүүд батлуулж чадсан мөртлөө ёсчлоогүй. УИХ-ын түүхэнд гарч байгаагүй, процедурын алдааг тэд гаргасан. Тийм болохоор бид ёслох хугацааг нь түр хойшлуулсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль олон нийтэд сурталчлагдаагүй. Төрийн мэдээлэл эмхтгэлд хэвлэгдээгүй. УИХ ёсчлон баталж, алх цохиогүй байснаас үүдэж ч ийм асуудал гарлаа. Түүнээс биш татаж аваагүй. Ийм ойлголтыг нийгэмд өгөөд байх юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуультай энэ хуулийг заавал уялдуулах ёстой. Гэр бүлийн хүчирхийллийн зарим элементүүдэд эрүүгийн хариуцлага тооцно гэсэн мөртлөө энэ мэт хуулиндаа уялдаж өгөөгүй. Тэгэхээр өмнөх хууль шигээ нэг сул хууль болчих гээд байгаа юм.

-Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэх үндсэн ойлголтыг Эрүү болон Зөрчлийн тухай хуулинд тусгуулах асуудал нэлээд сунжирсан. Гэтэл одоо та бас л дутуу байгаа асуудал бий гэх юм. Энэ хууль харин ч эсрэгээрээ утга чанараа гээж, сулбагар болоод гараад ирэх юм биш биз?

-Юу гэж гээх юм бэ. Ямар ч орхигдох асуудал байхгүй. Харин ч бүр илүү чамбай боловсруулагдаж, орхигдсон зүйл байвал нэмж оруулах тал дээр эмэгтэй гишүүд санаачлагатай ажиллана. Үүнд би огтхон ч эргэлзэхгүй байна.

-УИХ-ын эмэгтэй гишүүд энэ мэт нийгмийн хамгаалал чиглэл рүү байр сууриа нэгтгэж,  бүлэг байгуулах байдлаар ажиллаж болдоггүй юм уу?

-Ер нь ийм төрлийн асуудлууд дээр дуугараад л ажиллаж байгаа. МАН-ын эмэгтэй гишүүдийн нэг онцлог байна. Тэр нь хийсэн болгоноо хэвлэлээр яриад гүйгээд байдаггүй. Манай намынхны төлөвшил нь үр дүнгээр хэмжээд сурчихсан. Түүнээс биш нэг асуудал ярихын тулд гүйж харайгаад л, сонин хэвлэл цуглуулаад байдаггүй. Ингэж дадаа ч үгүй. Өмнөхөө хийгээд л явж байна. Дөрвөн жил биднийг хэн нь хэн бэ гэдгийг аяндаа шүүгээд гаргаад ирнэ. Энд ямар ч арын хаалга байхгүй. Заавал хэлбэрдсэн байдлаараа, ажиллаж байгаа юм шиг харагдсан байдлаараа биш. Яг ямар үг үсэг оруулаад, ямар хууль батлачихав гэдгээр нь ард түмэн эмэгтэй гишүүдийн ажлын үр дүнг хэмжих байх аа гэдэгт итгэлтэй байна.

-Таныг нөхрөө Эрчим хүчний яамны ТНБД-д зүтгүүлж байна гэх мэдээлэл явсан. Ер нь засгийн газраас хийж буй томилгоог та хэр оновчтой байна вэ?

-Нийгэмд улстөрийн томилгоо таалагдаж байсан тохиолдол ер нь байхгүй. Би тийм зүйл санахгүй байна. Ард түмэн гараа өргөөд л сонгоод явуулчихдаг. Тэгснийхээ ард шүүмжлээд эхэлдэг. Улстөрийн орчин өөрөө олон нийтийн анхаарлын төвд байдаг гэдэг утгаараа надтай холбогдох асуудал яригдсан. Хэрвээ Ц.Цогзолмаа УИХ-ын гишүүн болоогүй байсан бол манай нөхөр 20 жил ажилласан салбартаа аль ч шатанд нь дэвшээд явах л байсан. Энэ бол тэр хүний мэргэжил шалгуурынх нь л асуудал. Гишүүн болчихсон учраас л намайг хардаад байгаа юм. Өнөөдөр тэгээд ТНБД-аар сонгогдоогүй байгаа биз дээ. Тэр хүн гэртээ л сууж байна.

Ж.МЯДАГБАДАМ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу